Сырдарья
Сырдарья (хуучирсан нэр. Сыр-дарья; Тажикистанд — Сир; казах. Сырдария, тажик. Сирдарё, Сири, узбек. Sirdaryo, Яксарт, эрт. грек. Ἰαξάρτης, Якса́ртес) — Дундад Ази дахь хамгийн урт бөгөөд усны эзлэхүүнээрээ Амударья-гийн араас хоёрт ордог мөрөн. Олон жилийн дундаж усны урсгал — 724 м³/с.
Дарья гэдэг нь тэнгис, мөрөн гэсэн утга бүхий перс үг турк хэл рүү хувьсаж орсон үг тул "Сир мөрөн" гэсэн утгатай болно.
Ферганы хөндийн зүүн хэсэгт орших Нарын, Карадарья хоёр голын бэлчир уулзварт үүсдэг. Сырдарья мөрөн сав газрын уулархаг хэсэгт ихэвчлэн цас, уулын мөстлөг, борооноос тэжээгддэг байна. Сырдарья мөрний ус Нарын (36%), Карадарья (11%), Ферганы хөндийн голууд (25%) болон Чирчик (20%) голоос бүрддэг. Хавар, зун усны түвшин нэмэгддэг. Чардара хотоос доош голын урсгалыг талбайн усжуулалтад ашигладаг.
Сырдарья өмнө нь Арал тэнгис рүү цутгадаг байсан бол тэнгисийн түвшин гамшгийн улмаас буурч, 1989 онд хоёр хэсэгт хуваагдсаны улмаас тус гол одоо Арал тэнгисийн хойд хэсэг буюу "Жижиг тэнгис" рүү урсдаг байна. Сырдарья мөрний усыг ихэвчлэн усалгааны зориулалтаар ашигладаг тул амны урсацын өнөөгийн хэмжээ 1960 оноос өмнөх үетэй харьцуулахад 10 дахин (400 м³/с-аас 30 м³/с хүртэл) буурчээ.
Сырдарьягийн урт нь 2212 км (зарим эх сурвалжаар 2137), Нарын эх үүсвэрээс үзвэл 3019 км. Сырдарья мөрний сав газарт Киргиз улсын 3 бүс: Нарын, Жалалабад, Ош: Тажикистаны Согд муж: Узбекистаны 6 бүс: Андижан, Наманган, Фергана, Ташкент, Жиззах, Сырдарь: Казахстан улсын Туркестан, Кызыл-орда гэсэн хоёр бүс нутаг багтдаг. Сырдарьягийн сав газрын талбай нь 219,000 км².
Сырдарья мөрний эрэг дээр Тажикистаны Гулистон, Хужанд, Узбекистаны Сырдарья, Бекабад, Казахстаны Шардара, Кызылорда, Жалагаш, Жусалы, Байконур, Казалинск зэрэг хотууд оршдог ажээ.