Соёлын биет бус өв

ЮНЕСКО-гийн соёлын бус өв

Соёлын биет бус өв (англи. Intangible cultural heritage) гэдэг нь олон нийт, бүлгүүд, зарим тохиолдолд хувь хүмүүс өөрсдийн соёлын өвийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зан үйл, дүрслэл, илэрхийлэл, мэдлэг, ур чадвар, холбогдох хэрэгсэл, эд зүйл, эд өлгийн зүйл, соёлын орон зай юм. Энэхүү үзэл баримтлалыг 1990-ээд онд биет өв соёлд анхаарлаа хандуулдаг Дэлхийн өвийн жагсаалтын аналог болгон санал болгосон.

Японы "Но" театр

2003 онд ЮНЕСКО Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийг баталсан. 2020 оны мэдээллээр 180 улс орнууд энэ Конвенцид нэгдээд байгаа боловч АНУ, Орос, Их Британи нэгдээгүй байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг 2003 оны 10-р сарын 17-ны өдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлаар баталсан. Уг баримт бичиг гурван жилийн дараа буюу 2006 оны 4-р сарын 20-нд батлахад хангалттай тооны улс бүрэлдэж хүчин төгөлдөр болсон байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар баталж, Монгол улс 2005 оны 6-р сарын 29-нд нэгдэн орсон. 2020 оны 7-р сарын байдлаар тус конвенцод 179 орон нэгдэж орсон байна.

Танго бүжиг

Дэлхийн өвийн конвенцоос ялгаатай нь биет бус соёлын өвийг хамгаалах нь зөвхөн түүний объектыг болзошгүй эрсдэл, аюулаас хамгаалахаас гадна түүнийг сурталчлах эерэг үйл ажиллагаатай юм. Хамгаалах гэдэг нь эхлээд соёлын биет бус өвийг тодорхойлох, баримтжуулах, судлах, хамгаалах, сурталчлах, голчлон албан ба албан бус боловсролоор дамжуулан өвийг уламжлуулах, төрөл бүрийн зүйлийг сэргээх арга хэмжээ авахыг хэлнэ.

Конвенц байгуулах болсон шалтгаанууд

засварлах
  • Соёлын болон байгалийн өвийн талаар мөрдөж буй олон улсын гэрээ, зөвлөмж, тогтоолуудыг баяжуулж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага.
  • Соёлын биет бус өвийн ач холбогдлыг ухамсарлах, түүнийг хамгаалах. Ялангуяа залуу үеийнхний дунд илүү их мэдлэгтэй болох.
  • Хүмүүсийн хоорондын ойртолт, солилцоо, харилцан ойлголцлыг дэмжих хүчин зүйлүүд бий болох.
  • Олон улсын хамтын нийгэмлэг болон энэхүү конвенцид оролцогч улсуудын хамтын ажиллагаа, харилцан туслалцах сэтгэлийг бэхжүүлэх.

Монгол Улс

засварлах

Монгол Улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу (2008)
  3. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  4. Монгол тууль (2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  6. Монголын уламжлалт Хөөмэйн урлаг (2010)
  7. Шувуучлахуй буюу Бүргэдээр ан хийх зан үйл (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)
  8. Монгол баяр наадам (2010)
  9. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011)
  10. Монгол уран бичлэг (2013)
  11. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
  12. Монгол шагайн харваа (2014)
  13. Ботго авахуулах зан үйл (2015)
  14. Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
  15. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019) гэх зэрэг нийт 15 өвийг бүртгүүлсэн байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Төв Азийн тууль II”  олон улсын симпозиум, их наадам юм. Тус симпозиум, их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/,  БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, авьяастнууд оролцсон байна.

Монгол улс 1999 онд “Төв Азийн баатарлаг туульс” гэсэн симпозиум-их наадмыг зохион байгуулж, 10 гаруй орны 120 гаруй авьяастан, эрдэмтэн, судлаач нар оролцсон. Энэ үеэр “Монголын утга соёлын өвийн төв” албан ёсоор байгуулагдаж, “Монголын аман өвийг дүрс болон дуугаар баримтжуулах нь” төслийг ЮНЕСКО-ийн тусламжаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд 2-3 жилийн хугацаанд нийт 60 гаруй мянган километр зам туулж, 16 аймаг, нийслэл хотын 480 ардын авьяастны урын санг багтаасан 220 цагийн дүрс, 87 цагийн дууны бичлэг хийж бүртгэл мэдээллийн санд авсан юм. Түүнчлэн ардын уламжлалт ёс заншил, аман өвийн холбогдолтой баримтат кино хийснээс гадна ЮНЕСКО-ийн төслөөр 2013-2016 онд хэрэгжсэн “Монгол туулийг хадгалан хамгаалах” төслийн хүрээнд “Монгол тууль” 12 боть ном нийтлэгдсэн болно.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн гишүүн орнууд төдийгүй дэлхий дахинд монголынхоо соёлын өвийг танилцуулах, сурталчлах боломж, бололцоо бүрийг алдалгүй ашиглахыг чармайдаг билээ. Тухайлбал, 2011 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганы нээлтийн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байранд морин хуур, уртын дуу, бий биелгээ, хөөмэй зэрэг монгол үндэстний язгуур соёлын хэв төрх, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн “Хөх тэнгэрийн эгшиглэн” нэртэй урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм.