Сономын Лувсан (1912 оны 12-р сарын 10-ны өдөр Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Өргөн уулын “Баруун нүдэн ” хэмээх газар төрсөн—1994 онд нас барсан) – Монгол Улсын төрийн болон намын зүтгэлтэн, дипломат.

1972 оны 7-р сарын 29-нөөс 1974 оны 6-р сарын 11 хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед С.Лувсан нь Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч байсан.

Түүнийг 3 настай байхад эцэг нь нас барж хагас өнчин болсон бөгөөд 13 нас хүртлээ 5 жилийн дотор “ Улаан нүдэн ” хэмээх Балдангийнд хонь хариулж, хөлсөнд нь бичиг үсэг заалгаж, жилдээ нэг хургатай хонь, хятад цай авдаг байсан гэдэг.

1928 онд Богдхан уулын аймгийн тамгын газраас төлөөлөгч ирж ном уншуулж, цээж бичиг бичүүлж , тоо бодуулж, сампин цохиулж шалгалт аваад сайн шалгагдсан тул Лувсанг сургуульд нь туслах багшаар үлдээжээ.

1930 онд Улаанбаатарт санхүү нягтлан бодохын сургуульд элсэн орж 1931 оны хавар түргэвчилсэн курсээр төгсгөжээ. Үүний дараа Хэнтий аймагт санхүүгийн хэлтсийн албан татварын байцаагч, Дорноговь аймгийн Хутаг уулын хошууны Наранбулаг суманд засгийн газрын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байв.

С.Лувсан 1940 оноос МАХН-ын XI- XYII их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байна.

1949 оны 2-р сарын 21-нд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Худалдааны сайдаар томилогдсон.

1957-1959 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдон ажилсан.

1959 оны 6-р сарын 17-ноос 1960 оны зун болтол эргээд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байсан.

1960-1963 онуудад Монгол Улсаас ЗХУ-д Элчин сайдаар томилогдон ажилласан (Куба улсад хавсран суугаа анхны Элчин сайд).

1963- 1973 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга.

1963 оноос МАХН-ын Төв хорооны Товчооны гишүүн болж улс төрийн нөлөө бүхий хүн болсон. АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбууг 1972 онд нас барсны дараа Цагаанламын Дүгэрсүрэнгээс (нэг сар хашсан) БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын ажлыг авч үүрэг гүйцэтгэж байгаад 1974 онд ажлаа өгсөн.

С.Лувсангийн хүү Лувсангийн Эрдэнэчулуун 2000-2004 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажилсан. Хүү Лувсангийн Баттулга Казахстанд Элчин сайд байсан. Охин Лувсангийн Тунгалаг монголын анхдагч эмэгтэй жүжигчин, төгөлдөр хуурын багш байсан. Гэргий Магсарвандадын Байминханд нь агуу түүхт Эрдэнэжонон ван Ц.Ширнэндамдингийн ач охин. Ц.Ширнэндамдин нь Богдын Шадар сайд, Шүүхийн Хамаг Хэргийг Бүгд захиран шийтгэх болон Гадаад яамны дэд сайд, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Цэргийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, мөн 1912 оны Монгол-Оросын санхүү, цэргийн тусламж авах хэлэлцээр, 1915 оны Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гэрээ, 1921 оны Монгол, Зөвлөлт Оросын найрамдлын гэрээг байгуулахад идэвхтэй оролцсон улстөрч, Гадаад харилцааны гарамгай зүтгэлтэн байв.