Солиот (роман)
«Солиот» (орос. Идиот)оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн (1821-1881) роман. Анх «Русский вестник» сэтгүүлд 1868 онд хэвлэгдсэн байна. Зохиолч Герман, Швейцарт байхдаа уг зохиолыг бичих санаа төрсөн гэдэг. "Солиот" романы эхний 4 бүлгийг 1867 оны 9-р сарын 14-нөөс 12-р сарын 20-нд Швейцарийн Женевт бичиж Италид үргэлжлүүлсээр Флоренцид 1869 оны 1-р сарын 29-нд бичиж дуусгасан байна. Уг зохиолоо Ф.Достоевский хайртай үеэл дүү охин С.А.Ивановад зориулж байсан гэдэг. Роман бичихээр бэлтгэж байсан 3 ширхэг ноорог дэвтэр л үлдсэн байна.
Үйл явдал
засварлахАрваннэгдүгээр сарын сүүлчээр Варшаваас явж буй галт тэрэг Петербург руу уухилан дөхөж явна. Түүний нэгэн тасалгаанд уг нь угсаат ноён боловч тун тааруухан ноорхой хувцастай гүн Мышкин, танхайдуу шинжийн царайтай, намхавтар ч чийрэг биетэй Рогожин хэмээх хоёр эр галт тэрэгний өрөөнд өөд өөдөөсөө харсан суудалд таарч танилцаад хөөрөлдөж эхэлдэг. Тэдний хажууд мөн Лебедев гэгч дээдсийн хүрээнийхний амьдралыг нэвт шувт мэддэг дундаж давхаргын сэхээтэн явж таардаг. Мышкин ухаан балартаж, унаж татдаг өвчнөө Швейцарьт эмчлүүлж байгаад буцаж буй нь энэ ажээ. Рогожины хувьд Настасья Филипповна хэмээх гоо сайхан бүсгүйд өндөр үнэтэй ээмэг авч өгөөд хүүхэндээ ч тал олсон юмгүй тухай хуучлах. Харин бүр гай болж чинээлэг худалдаачин эцэг нь гэрээсээ хөөгөөд сүүлд эцэг нь нас барсан учраас буцаж байгаа хүн байдаг. Өв хөрөнгөтэй болсон тэрээр Настасьяг өөрийн болгох нууц бодолтой, жигтэйхэн хартай, хямрамтгай байдалтай байжээ. Лебедевийн хувьд их хөрөнгө өвлөсөн Рогожиныг мэдэж илт зусардах бөгөөд Мышкиныг нэр хүндтэй генерал Епанчины гэргийтэй нэг угсааны хамаатан хүн болохоор их сонирхоно.
Энд сонирхуулахад сурвалжит ноён Тоцкий хэмээгч алсдаа тун ч царайлаг болж магадгүй өнчин охин Настасьяг багаас нь өөртөө ойрхон өсгөж амралтаараа ор дэр нийлүүлдэг нүгэлтэй нэгэн байжээ. Цаг өнгөрхийн эрхээр хөгширч басхүү хэл ам гарах болсон тул өөрөөсөө холдуулах гэсэндээ Ганя гэгч баяжихыг ихээр хүсэгч Епанчин генералын удирдлагад ажилладаг жижиг түшмэлтэй суулгах төлөвлөгөөтэй байжээ. Харин нь Ганя нь Епанчины охин Аглаяд санаатай. Гэвч архинд орсон, худалч генерал эцэгтэй, гэр ахуйн байдал нь ядуувтар тул нэр төрөө умартан 70 мянган рублиэр Настасья Филипповнатай гэрлэхийг бараг зөвшөөрчихөөд байдаг ажээ. Ийм үед дээрх эрхмүүд Петербургт ирлээ. Мышкин гүн генерал Епанчинтай уулзаж танилцаад нүүр хагарна. Энэ үеэрээ хамаатных нь хүн өөрт нь магадгүй 500 мянган рублийн үнэ бүхий хөрөнгө гэрээсэлж үлдээсэн тухайгаа ярьдаг. Ингэхдээ генерал Епанчин, ноён Тоцкий нар Ганя, Настасья хоёроо гэрлүүлэхээр гэрт нь үдэшлэг зохион байгуулах гэж байгааг мэддэг. Хотод ирсэн даруйдаа Настасьяг нэг удаа харсан хөөрхий Мышкин түүнд зүрх алдарчээ. Нөгөө талд Рогожин яваад байгаа. Тиймээс үдэшлэг тун ч хачин болно. Настасья өөрийг нь 70 мянган рубль өгөхөөр амлаж Ганятай хуримлуулах гэж буйд зэвүүрхэсэнээ илчилхээр шийддэг. Юу гэхээр Рогожиныг тэр оройдоо 100 мянган рубльтэй ирвэл гэрлэнэ гэж амлана. Өнөөх нь хамаг юмаа барьцаанд тавиад нөгөө мөнгийг нь олоод ирдэг.
Генералаас эхлээд Тоцкий, Ганя нар тун эвгүй байдалд орно. Угаас ч нэр төрөө алдаж байна хэмээн битүү шаналж явсан Ганягийн нүдэн дээр Настасья 100 мянган рублийг пийшэн дахь ил гал руу боодолтой нь шидээд нүцгэн гараараа авбал чамд шууд өгнө гэж тохуурхдаг. Тэнд байсан Лебедев шүдээрээ ганцхан мянган рубль авчихъя гэж гуйж шунал нь хөдөлж ч байх шиг. Энэ цагт өмнө нь тус үдэшлэг болохыг урьдчилан мэдсэн Мышкин шинэ тоглогч болж орж ирлээ. Тэрээр “Та уг нь ийм хүн биш шүү дээ” гэж Настасьяд хэлнэ. Бүр улмаар гэрлэхийг хүсч байгаагаа түс тас хэлж орхино. Гайхалтай нь Настасья олон эрийн эрх ашгийн дунд төөрч, муухай авирлаж эхэлсэндээ өмөг түшиг эрж байсан уу Мышкинд сэтгэл алдарах шиг болдог. Мышкинд нүүр өгч “Би тэгвэл сурвалжит авхай болохоор боллоо” хэмээн даажигнахад Рогожины царайг тун ч барайлгана. Эцсийн бүлэгт тэрбээр Мышкинийг гэнэн цагаанаар нь дуудаж тоглоом тохуу болгоод Рогожиныг дагаад хамт гарч оддог.
Мышкиныг гэрт нь зочлоод явсны дараа Епанчин генералын царай зүс, биеэ авч явах байдлаараа хот даяар алдар суутай Аглая охин түүнд дурласнаа зарлана. Түүнийг Настасья Мышкинтэй суухыг ятгаж байгаа нь ч ил болно. Ямар ч өндөр тушаалын хүнтэй суулгах боломжтой хэмээн ихээхэн найдлага тавьдаг охин нь “солиотой” ч юм шиг гэнэн үнэнийг ярьдаг хэт цайлган зантай Мышкинтэй суух боллоо. Гэвч Мышкин яг сүй тавих дээрээ тултал зугтаад алга болов. Хожим Аглая тэнүүлч, луйварчин гүн гэгдсэн нэг польш цагаачийг дагаад замаа алдана. Нөгөө талд Рогожины байдал ч сайнгүй байв. Настасья хэд хэдэн удаа сүй тавина гэж амлаад Мышкин рүү зугтаад байх. Тэгснээ Мышкинтэй хуримлах өдрөө л Рогожин руу зугтана. Энэ бүхэн хэд хэд давтагдсаны эцэст ухаангүй хайртай Рогожин өөрийн байшиндаа Настасьяг зүрхэнд нь хутгалж хөнөөдөг. Мышкин Рогожиныд очиж уг явдлыг мэдээд хоёул цогцосны дэргэд хононо. Сүүлд Мышкин эргээд унаж тусдаг нь сэдэрч ухаан мэдрэлгүй хүн болдог ажээ.
Роман Монголд
засварлахФ.Достоевскийн "Солиот" романыг Гадаад хэргийн сайд асан, төрийн шагналт, орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн 2015 онд монгол хэл рүү орчуулж М.Наранбаатар хянан тохиолдуулсаныг "Болор судар" хэвлэлийн газар эрхлэн гаргажээ.
Ц.Гомбосүрэн:“Солиот" романд өнөө цагийн Монголын нийгэмд тулгамдаад буй ёс суртахууны зарим асуудлыг маш гүнзгий хөндсөн байдаг. Нөгөөтэйгүүр би Достоевскийн реализм, оюун санааны цэвэршлийн тухай ойлголтыг тун их таашаадаг. Тэгээд ч Монголд оросын уран зохиолыг таашаагчид олон тул залуу уншигчид ч гэсэн гар дээрээ Достоевскийн зохиолын орчуулгуудаас ахин нэгийг тавихдаа дуртай байх биз ээ гэж бодсон.