Сергей Есенин (орос. Сергей Александрович Есенин, 1895 оны 9-р сарын 21-нд Оросын эзэнт улсын Рязань мужийн Константиново тосгонд төрсөн- 1925 оны 12-р сарын 28-нд ЗХУ-ын Ленинград хотод нас барсан) - Оросын яруу найргийн "Мөнгөн зууны" үеийн алдарт яруу найрагч.

Сергей Есенин. 1922 он

Түүний уран бүтээлийн үе үеийн шүлгүүдэд социал демократ үзэл санаа, хувьсгал ба эх орон, хөдөө орон нутаг, байгаль, хайр дурлал, аз жаргалын эрэл хайгуулын дүр төрхийг тусгасан байдаг.

Сергей Есенин 1895 оны 10-р сарын 3-нд Рязань мужийн Рязань дүүргийн Кузьминская волостын Константиновск тосгонд тариачны гэр бүлд төржээ. Эцэг Александр Никитич Есенин (1873-1931), эх Татьяна Федоровна Титова (1875-1955). Эмэгтэй дүү Екатерина (1905-1977), Александра (1911-1981), эх нэгтэй дүү Александр Иванович Разгуляев (1902-1961).

1904 онд Есенин төрөлх Константиновск тосгоны бага сургуульд сурч, 1909 онд 2-р зэргийн сүмийн дунд сургуульд сурчээ.

Сургуулиа төгсөөд 1912 оны 8-р сард Есенин Москва руу нүүж, худалдаачин Крыловын махны дэлгүүрт ажиллаж дотуур байранд амьдардаг байжээ. Дараа нь Есенин И.Д.Сытиний хэвлэх үйлдвэрт ажилд шилжин оржээ.

 
С.Есенины анхны шүлгийн цомог, 1916 он

1913 онд А.Л.Шанявскийн нэрэмжит Москва хотын Ардын их сургуулийн түүх, гүн ухааны факультетэд эчнээгээр элсэн орсон. Тэрбээр хэвлэх үйлдвэрт ажиллаж байх үеэрээ "Суриковын утга зохиол, хөгжмийн дугуйлан"-гийн яруу найрагчидтай нөхөрлөж байсан.

1914 онд Есениний анхны "Хус мод" шүлэг "Мирок" сэтгүүлд "Аристон" гэсэн нууц нэрээр хэвлэгдсэн байна. 1915 онд Есенин Москвагаас Петроград руу нүүж тэндээ 3-р сарын 9-нд Александр Блоктой танилцсан ажээ.

Яруу найрагчийн залуу нас Дэлхийн нэгдүгээр дайны үетэй таарсан юм. 1916 оны 1-р сард С.Есенин цэрэгт татагдаж, Царское селогийн /Хааны тосгон/ 143-р цэргийн эмнэлгийн галт тэргэнд ажиллахаар томилогдсон байна. Яруу найрагч Николай Клюевын хамт тэрбээр Царское Село дахь хатан хаан Александра Феодоровна болон түүний 4 охин, Ольга, Татьяна, Мария, Анастасия нарын өмнө шүлэг уншиж өгч байжээ. Тэрбээр 1916 онд цэргийн эмнэлгийн галт тэргээр II Николай тэргүүтэй эзэн хааны гэр бүлийн хамт Крымд очиж байв.

1919 оны эхээр Сергей Есенин "Большевик" намд элсэх өргөдөл гаргасан боловч хүлээж аваагүй аж. 1920-иод оны эхээр яруу найрагчийн «Трерядница», «Исповедь хулигана» (1921), «Стихи скандалиста» (1923), «Москва кабацкая» (1924), «Пугачёв» зэрэг шүлгүүд хэвлэгдсэн байна.

Сергей Есениний тухай хурц шүүмжлэлүүд сонин хэвлэлд гарч, түүнийг согтуу, завхайрал, зодоон болон бусад нийгмийн эсрэг үйлдлээр буруутгаж танхайн хэргээр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тэрбээр архинд гүн орсон тул найз нөхөд нь эмчлүүлэхээр оролдож байсан боловч тэр өөрөө эмнэлгээс зугтаж байжээ.

1925 оны 12-р сарын 24-нд Сергей Есенин Ленинградад очоод "Англеттер" зочид буудлын 5-р өрөөнд оржээ. 4 хоногийн дараа 1925 оны 12-р сарын 28-нд Есенинийг найз сэтгүүлч Г.Ф.Устинов эхнэрийнхээ хамт түүнийг өрөөндөө амиа хорлож /дүүжилж/ нас барсан байхыг олжээ.