Селжүкийн эзэнт гүрэн
Селжүкийн эзэнт гүрэн нь Түрэг-Перс соёлыг хослуулсан, Огуз Түрэгүүдийн байгуулсан эзэнт гүрэн. 1037–1194 хооронд оршин тогтоносон.
10 дугаар зууны үед тэдгээр түрэг ардууд Хорезмд ирээд удалгүй исламын суннит урсгалд оржээ. Тогорилын (Тоорил) үеэс дорнод иран, афганистаны түрэг улсууд болох уйгур гаралтай гэгддэг хүчирхэг Харханид болон Газнавидуутай дайтаж эхэлсэн байна. Тэд ч удалгүй 1005 он гэхэд селжүкүүдийн хараат нь болсон гэдэг.
Селжукийн улс нь исламын шашинт персийн соёлыг авсан түрэг эзэдтэй улс байсан юм. Тоорил 1055 онд Аббасидын Халифыг өмгөөлж Шийтүүдээс Багдадыг авч өгсөнийхөө төлөө исламын шашныг хамгаалагч болж Дорно, Өрнийн эзэн хэмээх цол авчээ.
Үүнээс 13 жилийн дараа Алп Арслан султан Византийн эзэнт гүрний хүчийг Манзикертэд сульдааж бага ази, армени, гүржийг байлдан дагуулсан юм. Түүний өөрийн туркмен албатууддаа шинээр эзэлсэн газар нутгаас өгч бейлигүүдийг бий болгосон нь ирээдүйн бутралын үндэс болов. Нөгөө талаас Их Селжүк гүрэн нь чухам энэ үеэс рүм буюу бага азийн Анатоли мужид суурьшсан анхны түрэг үндэстэн болсон аж. Тийм учраас Түрк улсын түүхэнд Сельжук, Османы эзэнт гүрэн хоёр чухал байр суурьтай байдаг.
Алп Арслангаас хойш Багдадын халиф селжүк султануудын гарын тоглоом болсон юм. Мөн эзэнт гүрний нийслэл бүх нутгуудад ойртох зорилгоор ираны Рей хотоос Исфаханд шилжсэн байна. Египетүүдээс Иерусламыг, Византичуудаас одоогийн дорнод түркийн газрыг түрэгүүд булааснаар эзэн хаан нь урсгал өөр боловч сүсэг бишрэл нэгт европчуудаасаа тусламж хүсэв. Ингээд 1095 онд Загалмайтаны 1-р аян дайн болж рыцариуд селжүкүүдэд хэд хэдэн хүнд цохилт өглөө. Мөн харьяанд нь байсан Харханид, Харлуг (Харлаг), Гуридууд улсын энд тэнд боссоноор селжүк цэргүүдийг нилээд сарниулжээ. Энэ үед халифын суудал булаацалдагч Фатимидууд сири, палестинийг түрэгүүдээс авсан байв. Бас нэг аюул нь олон язгууртануудыг мэсээрээ хөнөөсөн исламын харгис урсгалт исмайл низар хашашинууд байлаа. Тэд түрэгийн олон ноёныг цааш харуулжээ.
11 дүгээр зууны хагасаас Хорезм, ираны мужууд султаны захиргаанаас гарч бие даах болов. Ахмед Санжар султан өөрийн албат харханидуудыг өмгөөлж Хар хятаны (Хар Кидан) гүр хаан Илү Дашитай муудалцав. Хятанчууд 1141 оны Катваны тулаанд селжүкүүдийг ялсанаар дундад ази дахь эзэмшлийг нь салган авчээ.
Их Селжүкийн түрэг дайчид
1147 онд эхэлсэн Загалмайтаны 2 дугаар аян дайны үед Их Сельжук гүрэн атабегүүдийн эзэмшил болон бутарсан байна. Гэвч Мосулийн атабег Зенги Эддес дэхь загалмайтаны вант улсыг эзлэв. Энэ үеэс энэ агуу гэр бүл дахин сэргэх тийшээ орсон юм.
Харамсалтай нь 1092 онд Малик шахыг нас барсаны дараа эхэлсэн улс төрийн бутрал нь селжүкийн ноёдыг бие биеэ эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх боломжийг өгсөнгүй. Санжарын үед түр нэгдсэн ч удаагүй байна. Өвөр хоорондын дайнаас гадна бага азид византичууд, сирид загалмайтнууд, арабиас аюубидууд, дундад азид хорезм, хятан гээд тал бүрт нь дайснууд оршиж байв. 1194 онд Хорезмын шах 3-р Тоорилыг ялсанаар Их Сельжук улс бүр мөсөн задарсан байна.
Селжукүүдээс хамгийн удаан бөгөөд хүчирхэг оршин байсан нь Коньяа (Икони) төвтэй Рүмийн султант улс юм. Тэр улс 1243 онд Монголын эзэнт гүрний харьяанд орж, 1308 онд уг агуу гэр бүлийн удам тасрах хүртэл султанууд нь хаанчилсаар байжээ.
Ашигласан ном
засварлах- J.J.Saunders - The history of mongol conquests
Эшлэл
засварлах- ↑ "Селжүк түрэгүүд (Baabarpedia)". Internet Archive. 2008-08-31. Эх сурвалжаас архивласан огноо 2008-08-31. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)