Самбуугийн Энхбулаг

Хөгжим судлаач Хэрэйд овогтой Самбуугийн Энхбулаг нь 1963 оны 1-р сарын 7-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ.

1970 оноос Улаанбаатар хотын Найрамдлын районы 8 жилийн 30-р дунд сургууль, Дорнод аймгийн 3-р сургуульд суралцаж байгаад 1975 оноос Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн хуучир хөгжмийн ангид элсэн орж(мэргэжлийн багш нь МУГЖ С.Цэвэлмаа) суралцаад ардын найрлын хөгжимчин, найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн.

1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад 1984-1989 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр төгссөн(мэргэжлийн багш Н.А.Вольпер). 1989 онд Улсын Багшийн дээд сургуулийн урлагийн факультет-д хөгжмийн онолын багш, 1990-1993 онуудад СУДСургууль, СУИСургуульд багшийн ажлыг гүйцэтгэж байв. 1993-1999 онд мэргэжлийн дагуу "Монголын хөгжмийн индэр" ТББ-ыг үүсгэн байгуулж ажиллаж байгаад 1999 оноос Хөгжим Бүжгийн Коллежийн хөгжмийн ухааны тэнхимд багш, 2011 оноос тус сургуулийн уран сайхны удирдагч(2011-2018 он), Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт уран сайхны удирдагчаар(2016-2017 он) ажиллажээ. 2018 оноос Монгол Улсын Консерваторийн хөгжмийн ухааны тэнхимд өрнийн болон орчин цагийн монголын хөгжмийн түүхийн багшаар ажиллаж байна. МУИС-ийн урлаг судлалын докторантурыг төгссөн.

Ном: "Монголын хөгжмийн түүх-XX зуун"(2021 он), "Өрнийн хөгжмийн түүх"(2021 он)