Роман Абрамович

Роман Аркадьевич Абрамович (1966 оны 10 дугаар сарын 24-нд ЗХУ-ын Саратов хотод төрсөн) - Орос, Израил, Португалын ажил хэрэгч хүн, тэрбумтан. Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельцинтэй ойр дотно байсан.

Роман Абрамович

"Форбс" сэтгүүлийн мэдээлснээр 2021 онд Абрамовичийн хөрөнгө 14.5 тэрбум доллар байжээ. Оросын хамгийн баян бизнесменүүдийн жагсаалтад тэрбээр 12 дугаарт жагссан, 2019 оны Их Британийн хамгийн баян оршин суугчдын жагсаалтад 9 дүгээрт орсон. 2001-2008 онд ОХУ-ын Чукоткын өөртөө засах тойргийн захирагч, 2008-2013 онд тус тойргийн Думын дарга байсан. 2021 оны 12 дугаар сард Португалын иргэн болжээ.

Бага нас

засварлах

Эх нь украин гаралтай Ирина Васильевна Абрамович гэж дуу хөгжмийн багш (гэрлэхээс өмнө овог нь Михайленко) байсан бөгөөд Романыг 1 настайд нас барсан байна. Эцэг нь Арон (Аркадий) Абрамович Лейбович гэж еврей (1937−1969) хүн байжээ.

Роман 2 дугаар анги хүртлээ авга ах Лейба Абрамовичийн асрамжид ЗХУ-ын Бүгд Найрамдах Коми Улсын Ухта хотод амьдарч байгаад 1974 онд Москва руу нүүж, өөр нэг авга ах Абрам Абрамовичийнд амьдрах болжээ.

Улмаар 1983 онд Москва хотын 232 дугаар (өнөөгийн №2054) дунд сургууль төгсөөд Ухта хотын аж үйлдвэрийн дээд сургуулийн ой модны техникийн ангид элссэн байна. Сурлагаар тэргүүлдэггүй байсан боловч ажил зохион байгуулах авьяастай байсан байна. 1984-1986 онд Владимирын тойрогт Артиллерын хорооны автомашины ангид байлдагчаар цэргийн алба хаажээ.

1987-1989 онуудад барилгын «Мосспецмонтаж»-д механикчаар ажиллаж байгаад 1980-аад оны сүүлээр хүүхдийн тоглоом хийдэг «Уют» (Тав тух) гэдэг хамтрал байгуулжээ. 1990-ээд оны эхээр «Меконг», „Супертехнология-Шишмарев“, «Элита», «Петролтранс», «ГИД», «НПР» зэрэг хэд хэдэн компани байгуулж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байжээ. Сүүлд нь газрын тосны үйл ажиллагаа эхлүүлж Борис Березовскийтай танилцаж түүгээр дамжин Ерөнхийлөгч Борис Ельциний гэр бүлтэй ойр дотно болжээ. Уг танил талын хүчээр сүүлд Абрамович газрын тос олборлох «Сибнефть» компанийг эзэмших болсон гэдэг.

1996 оны 6 дугаар сард Роман Абрамович «Ноябрьскнефтегаз» компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, «Сибнефть» компанийн Москва дахь төлөөлөгчийн газрын тэргүүн болж чадсан байна. 1996 оны 9 дүгээр сард «Сибнефть» компанийн Захирлуудын Зөвлөлд оржээ.

Абрамович Ерөнхийлөгч Ельциний охин Татьяна Дьяченко, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Валентин Юмашев (хожим нь Т.Дьяченкогийн нөхөр) нарын бүх зардлыг дааж, 1996 онд Ельциний сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж, Засгийн газрын томилгоонуудыг лоббидож байсан гэж хэвлэлд гарч байсан.

1999 онд тэрбээр ОХУ-ын Чукоткын нэг мандаттай 223-р тойргоос Төрийн Думын III хурлын депутат болсон. Чукоткад "Сибнефть"-тэй холбоотой компаниудыг бүртгүүлж, түүгээрээ дамжуулан газрын тос, нефтийн бүтээгдэхүүнээ борлуулдаг байжээ.

2000 оны 12 дугаар сард тэрээр Чукоткын өөртөө засах тойргийн захирагчаар сонгогдсонтой холбогдуулан Төрийн Думыг орхисон ажээ. Тэрбээр өөрийн хөрөнгөөр ​​тус бүс нутгийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд багагүй хөрөнгө оруулалт хийсэн гэж хэвлэлүүд мэдээлж байв.

2002-2003 онд ОХУ-ын Төрийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн байсан.

2002 оны 12 дугаар сард «Сибнефть» Тюменийн газрын тосны компани (ТНК)-ийн хамт Орос-Беларусийн «Славнефть» компанийн 74,95% хувьцааг зах дээрээс авч хоорондоо хувааж авчээ.

2003 оны зун Абрамович дампуурсан Английн хөлбөмбөгийн Челси клубийг худалдан авч, өрийг нь төлж, өндөр үнэтэй тоглогчдоор багаа бүрдүүлсэн тухай Британи болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэд мэдээлж, Оросын мөнгийг гадаадад хөрөнгө оруулсан гэж буруутгаж байсан. Хэдийгээр үүнийг хүлээж байсан ч зарим мэдээллээр Абрамович Оросын ЦСКА хөлбөмбөгийн клубийг худалдаж авахыг оролдсон боловч хэлэлцээр биелээгүй. Английн клубыг 140 сая фунт стерлингээр худалдаж авчээ. 2012 оны тавдугаар сарын 19-нд Челси баг Мюнхений Бавари багийг шигшээ тоглолтод торгуулийн цохилтоор буулган авснаар түүхэндээ анх удаа УЕФА Аваргуудын Лигт түрүүлсэн ажээ.