Прохорвкийн тулалдаан
Прохоровкийн тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны Курскийн тулалдааны үед болсон танкийн тулалдааны нэр юм. Энэ тулалдаанаар Нацист Германы давших "Цидатель" ажиллагааны үе шат төгсгөл болсон гэж үздэг бөгөөд зөвлөлт-германы талуудаас хамгийн олон танк оролцсон байна.
Тулалдааны явц, өрнөл
засварлахЭрих фон Манштайны ерөнхий удирдлагаар Готын бүлэг Прохоровк хүртэл 30-35 км давшин зөвлөлтийн хориглолтын үндсэн 3 шугмыг бараг сэтэлжээ. Хориглолтын байдал хүнд болсон тул генерал Иван Коневын Талын фронтын ангиудыг нөөцөөс энэ хэсэгт сөрөг довтолгоонд оруулсан боловч германы давшилтыг бүрэн зогсоож чадахгүй байв. Зөвхөн нэг жишээ татахад Генерал Катуковын гвардын танкийн 1-р армийн А.Бурдын командалсан Тацины нэрэмжит танкийн корпус нэг өдрийн тулалдаанд танкынхаа 65 хувийг алдаж хүнд хохирол хүлээжээ.
Цүлхэнгийн өмнөд хэсэгт байдлыг засахын тулд Зөвлөлтийн тал Дээд ерөнхий командлалын нөөцөөс 800 танктай генерал Ротмистровын командалсан гвардын танкийн 5-р армийг энэ чиглэлт татан сөрөг давшилт хийх шийдвэр гаргажээ. Ольховаткийн чиглэлд хийсэн германы давшилт Талын фронтын хүчтэй тулгаран саарсан тул Эрих фон Манштайн хүчээ дахин бүлэглэж Прохоровкийн чиглэлд танкийн хүчтэй цохилт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү 1943 оны 7 сарын 12-ны өдөр дэлхийн дайнуудын түүхэнд хамгийн томхонд орох танкийн тулалдаан болсон байна. Хоёр талаас нийтдээ 1200 орчим танк, дайрагч их буу, өөрөө явагч их буу энэ тулалдаанд орсон гэж үздэг. Зөвлөлтийн талаас 600 орчим танк бүхий 3 корпустай гвардын танкийн 5-р арми 7 сарын 12-ны өглөө давшилтанд ороход өмнөөс нь германы «Адольф Гитлер», «Рейх», «Лейбштандарт» гэсэн танкийн 3 дивиз бүхий СС-ийн 2-р танкийн корпус ба 17-р танкийн дивизийн давшилт эхлэхтэй давхацсан байна. Зөвлөлтийн тал германы талыг 700-аас доошгүй танк, дайрагч их буу энэ дайралтанд оруулсан гэж үздэг боловч дайны дараах германы генералуудын дурсамжид СС-ийн танкийн 2-р корпусын «Адольф Гитлер», «Рейх» дивизийн 239 танк, 58 дайралтын их буу оролцсон гэж бичсэн байдаг.
Харилцан довтолгоонд орж тулгарсан танкууд бие биеэ тулган буудаж, шатсан танкийн багийхан танкуудын дундах зайд гардан тулалдаж эхэлсэн байна.
Довтолгоог эхэлж харсан германы танкуудын галын доор зөвлөлтийн танкууд байрлалаа эзэлсэн нь хүнд хохирол хүлээх нэг шалтгаан болжээ. Тулалдааны явцад зөвлөлтийн тал тулалдаанд орсон 2 корпусын 70 хувь буюу 400 гаруй танкаа алдаж, бага, дунд шатны командын бүрэлдхүүндээ хүнд хохирол амссан бөгөөд германы талын хохиролыг 300-400 танк гэж үздэг байна. Харин германчууд өөрийн хохиролыг 80 танк, дайралтын их буу гэдэг.
Зөвлөлтийн нөөц танкийн армитай тулгарсан Готын бүлэг цаашид давшиж чадаагүй бөгөөд дараагийн 3 өдөр дахин давших оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ.
Сонирхолтой баримтууд
засварлах- Германы "Барс" болон "Ирвэс" танкууд нь 1,5-2,0 км зайнаас зөвлөлтийн танкуудыг тухайлбал Т-34, КВ-1 танкуудыг устгаж чаддаг байхад зөвлөлтийн танкууд германы шинэ танкуудыг 500 m болон түүнээс ойр зайд хажуугийн хитэгт нь оносон тохиолдолд устгаж чаддаг байжээ.
- Германчууд "Барс" хүнд танкийг анх 1942 оны 9 сард Ленинградын дэргэд 6 ш танкаар давшилт хийж туршсан боловч хөдлөх ангийн дутагдалтай талаас болж бүгд жагсаалаас гарсан байна.
- "Барс" хүнд танкийг 1943 оны 1 сард Лениградын бүслэлтийг сэтлэх "Оч" ажиллагааны үед зөвлөлтийн тал олзлон авсан байна.
- Курскийн чиглэлд тулалдаж байсан германы танкийн дивизүүдийн танкийн 30 хүртэл хувь нь олзлогдсон оросы Т-34 танкууд байсан байна. Олзлогдсон Т-34 танкийн ажиглалтын дуран хараа зэрэг зүйлсийг шинэчилэн сайжруулж ашигладаг байжээ.
- Прохоровкийн тулалдаанд Танкийн 5-р арми хүнд хохирол хүлээсэн тул түүний командлагч генерал Ротмистровыг армийг чадварлаг бус удирдсан гэж үзээд шагнаагүй байна.
Эшлэл
засварлах- ↑ Clark 2012, pp. 308–309.