Петровис
ПЕТРОВИС ЭНЕРЖИ Групп нь үндэсний хэмжээний тэргүүлэгч, газрын тос импортлогч компани юм. Монгол улсын хэмжээнд 3-6 төрлийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах боломжтой, 124 сая гаруй литрийн багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний 11 агуулах, 9 лабораторитой үйл ажиллагаагаа явуулдаг. Петровис Энержи Групп нь Монгол орны өнцөг булан бүрт байрлах 360 шатахуун түгээх станцаараа дамжуулан 2 сая 400 мянган хэрэглэгч, 51 мянган харилцагчдаа газрын тосны бүтээгдэхүүний цогц үйлчилгээ үзүүлдэг.
Аж үйлдвэрийн салбар | Газрын тос |
---|---|
Төв байр | ПЕТРОВИС группийн төв оффис Ерөнхий сайд Амарын гудамж-7 Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс |
Үзүүлдэг үйлчилгээ | Газрын тосны бүтээгдэхүүний Импорт, Борлуулалт, Хадгалалт, Түгээлт |
Ажилчид | 2,400 |
Цахим хуудас | www.petrovis.mn |
Петровис Энержи Групп нь салбартаа анхлан Евро5 стандартыг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн хамгийн анхны, хамгийн том бүрэн автомат агуулахыг ашиглалтанд оруулсан юм. “Толгойт” агуулах нь салбартаа анхлан Улсын Итгэмжлэлийг хүлээн авч, бусад салбар лабораторийнхоо шинжилгээ, үйл ажиллагааг давхар баталгаажуулан ажиллаж байна. Тус компани нь технологийн үе шат бүрт чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэн, хэрэглэгч, харилцагчдаа чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг найдвартай, тасалдалгүй хүргэж байна. Итгэмжлэгдсэн лабораториуд нь олон улсын ISO, АНУ-ын ASTM, ОХУ-ын ГОСТ, Монгол Улсын MNS стандарт аргачлалын дагуу шаардлага хангасан тоног төхөөрөмж дээр газрын тосны бүтээгдэхүүний чанарын 21 үзүүлэлтийг тогтмол тодорхойлон ажиллаж байна.
Түүх
Петровис Энержи Групп ХХК нь жил бүр өсөн нэмэгдэж ирсэн шатахууны хэрэгцээг хангахаар Монгол улсын нефтийн салбарын анхны хувийн хэвшлийн компани болж 1997 онд анх байгуулагдсан. 2004 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “НИК” ХК-ийг хувьчлах олон улсын тендерт гадаад, дотоодын 4 компани өрсөлдсөнөөс “Петровис” ХХК шалгарч, үйл ажиллагаандаа нэгтгэснээр орон даяар хамгийн өргөн сүлжээтэй эх орныхоо өнцөг, булан бүрд байрлан, чанартай бүтээгдэхүүнийг тасалдалгүй, найдвартай хүргэдэг, тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэн өрсөлдөх чадвартай ГРУПП болон тэлжээ.
Үйл ажиллагаа
Петровис Энержи Групп нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод зогсохгүй шатахууны хадгалалт, тээвэрлэлт, газрын тосны хайгуул, газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон, жижиглэнгийн худалдаа, тос тосолгооны бүтээгдэхүүний худалдаа, газрын тосны хяналтын лабораторийн чиглэлээр цогц үйл ажиллагааг явуулдаг. Тус групп компани нь Монгол орны хамгийн өргөн сүлжээ бүхий 400 орчим шатахуун түгээх станцаараа дамжуулан алслагдсан сум, суурин газарт ч нийгмийн хариуцлагын хүрээнд шатахууны түгээлт, борлуулалтыг хийн ажилладаг билээ. Петровис Энержи групп нь салбар компаниудаараа дамжуулан дараах үйл ажиллагааг явуулж байна.
НИК
“НИК” ХХК нь бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүн, битум, мазутын импорт болон Петровис Энержи Группийн Улаанбаатар хот, орон нутаг дахь жижиглэн, шатахуун түгээх станц, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч болсон уул уурхай, зам тээвэр, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээний томоохон компаниудыг чанартай, баталгаат шатахуунаар тасалдалгүй ханган ажиллаж байна. НИК ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний бүрэн шинжилгээний төв болон салбар 9 чанарын лаборатори, 3-6 төрлийн шатахуун хадгалах боломжтой 11 агуулахтай.
ПЕТРОСТАР
“Петростар” ХХК нь бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүн, битум, мазутын импорт болон Петровис Энержи Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь жижиглэн борлуулалт, Петровис карт, Петровис талон, С24 конвениенс дэлгүүр, Авто угаалгыг хариуцан ажиллаж байна.
ПЕТРОВИС ТРЕЙДИНГ
“Петровис Трейдинг” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, томоохон харилцагч, компаниудын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээг дагнан хариуцдаг. Чанартай бүтээгдэхүүнийг аюулгүй, тасалдалгүй нийлүүлэхээс гадна тухайн Уул уурхайн компанийн онцлогт тохируулан шатахууны сав, агуулах барих, техник тоног төхөөрөмжид нь засвар үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
ПЕТРОВИС ТОС
“Петровис тос” ХХК нь дотоодын зах зээл дээрх тос тосолгооны бүтээгдэхүүний борлуулалтын хамгийн том, хамгийн анхдагч компани билээ. Бид чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Exxon mobil” компанийн Mobil, ОХУ-ын Sintec брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд тус брэндүүдийн тос тосолгооны материал, хөргөлтийн шингэн, автохимийн бүтээгдэхүүнийг Монгол орныг хамарсан хамгийн өргөн сүлжээгээрээ борлуулан хүргэж байна.
ПЕТРОТРАК
“Петротрак” ХХК нь Петровис Энержи группийн шатахуун тээврийн үйл ажиллагаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг дагнан хариуцдаг. БНХАУ-ын “BEIBEN TRUCK” компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд хүнд даацын автомашин, мөн хүнд даацын автомашины сэлбэг, дугуйн худалдаа болон хүнд даацын автомашины суурин ба явуулын засвар үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
ПЕТРОВИС Энержи Групп нь байгуулагдсан цагаасаа хойш монгол орны газрын тосны салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй 100 шилдэг аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг бөгөөд ПЕТРОВИС Энержи Групп болон түүний салбар компаниуд сүүлийн жилүүдэд тогтмол тус жагсаалтын эхний аравт эрэмбэлэгдэж ирсэн. Мөн жил бүр шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгардаг.
Компанийн нийгмийн хариуцлага
Петровис Энержи Групп нь сүүлийн 5 жилд 50 гаруй нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажилласан байна. Тухайлбал "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төсөлд нэгдэн 20 сая төгрөг, COVID-19-ийг илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлаж байв. Мөн “Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” уриатай аяныг хоёр жилийн хугацаанд орон даяар байрлах шатахуун түгээх станцаараа дамжуулан хэрэгжүүлсэн. Эрдэнэт хүний амь насыг эрсдэхээс сэргийлэх зорилготой хэрэгжүүлж буй “Цэгцлэгч” төслийг Петровис Энержи Групп дэмжин 150.000.000 төгрөг, Багануур дүүрэг, 21 аймагт 22 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлаж байжээ. Мөн орон нутгийн эмнэлгийн байгууллагад нийт 22 сая төгрөгийн үнэ бүхий шатахууныг хандивласан юм. “Чулуут Тул” НҮТББ-ын загас судлаачид хамтран Архангай аймгийн Тариат суманд 2019 оноос “Чулуут Тул 2030” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Петровис Энержи Групп гурав дахь жилдээ уг төслийг дэмжин ажиллаж байна. Петровис Энержи Групп 2018 оноос хойш та дахь жилдээ Rally for Rangers аянтай хамтран байгаль хамгаалагчдын дэмжин ажиллаж байна. Монгол Экологи төв ТББ болон Петровис Энержи Групп хамтран хэрэгжүүлж буй Rally for Rangers аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй байгаль хамгаалагчид бартаат замын туулах чадвар сайтай мотоциклийг хүлээлгэн өгөөд байна.