O.Хосбаяр (1923 оны 2 сарын 1 - 2001 оны 10 сарын 26) орчин цагийн Монголын анхны мэргэжлийн дипломатчдын нэг юм.

Элчин сайд Оюуны Хосбаяр Дипломат корпусын маршал контр-адмирал Эрл Кэрнс нарын хамт Хатан хаан II Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих замдаа

Элчин сайд О.Хосбаяр нь 1923 онд Өвөрмонголын Ордост төрсөн. Хосбаярын эцэг Ванданням нь 1872 онд Өвөрмонголын Их зуугийн чуулганы Вангийн хошууны захирагч Түмэнбаярын ганц хүү болон төрсөн байна. Тэрээр 8 насандаа Вангийн хошууны ламын сүмд гэгээнээр залагдан очиж төвөд ном заалгаж бандид гэгээн цол хүртжээ.

О.Хосбаяр эх Оюуны асрамжид хүмүүжиж байгаад 9 наснаасаа Улаанбаатар хотын үлгэр жишээ бага, дунд сургууль болон бага ангийн багш нарыг бэлтгэх түр курст суралцаж 1939 онд төгссөн.

1939-1946 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын дунд сургууль, Улаанбаатар хотын 1-р дунд сургуульд тус тус багшилж байв.

1946-1951 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын хууль зүйч мэргэжлээр сурч төгссөн.

МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын Зөвлөгөөний 1946 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар хурлаар О.Хосбаяр нарын 6 оюутныг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулахаар явуулсан нь тус сургуульд суралцсан анхны гадаад оюутан нарын нэг болжээ.[1]

Тэрээр Монголын анхны мэргэжлийн дипломатчдын нэг бөгөөд Гадаад явдлын яамны системд тасралтгүй 40 орчим жил ажилласан байна.

Ажил Эрхлэлт

засварлах
  • 1951-1956 ГЯЯ-д референт, мэдээллийн товчооны хариуцлагатай нарийн бичгийн дарга,
  • 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга,
  • 1956-1957 онд БНМАУ-аас БНЭУ-д суугаа элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга,
  • 1957-1960 онд ГЯЯ-д хэлтсийн дарга,
  • 1960-1962 онд БНМАУ-аас БНСВУ-д суугаа элчин сайд,
  • 1962-1964 онд ГЯЯ-д хэлтсийн дарга, орлогч сайд,
  • 1964-1968 онд БНМАУ-аас БНЭУ-д суугаа элчин сайд,
  • 1968-1970 онд ГЯЯ-д хэлтсийн дарга,
  • 1970-1973 онд БНМАУ-аас ХБНСЮУ-д элчин сайд,
  • 1973-1978 онд ГЯЯ-д орлогч сайд,
  • 1978-1984 онд БНМАУ-аас ИБУИНХУ-д элчин сайд,
  • 1984-1989 онд БНМАУ-аас БНЭУ-д суугаа элчин сайд


Шри Ланка, Балба, Афганистан, Итали, Турк, Албани гэх зэрэг хавсран суусан орнуудыг оруулаад нийт 10 гаруй орны төр засгийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ. Үүнээс гадна Нэгдсэн үндэстний байгууллагын чуулган болон олон улсын чухал хурал цуглаанд оролцож байсан болно.

Бүтээлүүд

засварлах

Өндөр насны тэтгэвэрт гарсны дараа Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны ангид багшилж, дипломатч М.Дүгэрсүрэнгийн хамт “Олон улсын эрх зүй”, ”Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”, “ХХ зууны гадаад бодлогын түүхэн тойм” зэрэг ном, сурах бичиг бичсэн.

О.Хосбаяр нь “Монголын Нууц товчоо”- г анх уйгаржин монгол хэлнээ хөрвүүлсэн Бодлогот баатар Цэнд гүний отгон охин Дуламсүрэнтэй гэр бүл болсон.

Цэндийн Дуламсүрэн 1929 онд төрсөн, 9 нас хүртлээ эхийн асрамжид хүмүүжиж байгаад 1945 онд бүрэн бус дунд сургууль төгссөн. 1947 – 1954 онд Монгол улсын их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргэсэн. 1954 оноос эхлэн хүүхдийн больница, хүүхдийн поликлиника, сүрьеэ өвчнийг эсэргүүцэх диспансерт их эмч, Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны харьяа Улсын нийгэм хангамжийн газарт магадлагч эмчээр тус тус ажиллаж байв. Мөн түүнчлэн эр нөхрөө дагалдан гадаад оронд суугаа элчин сайдын яамдуудад дипломат албаны арын албанд ажиллаж байсан. Үүнийг нь улсаас үнэлэн ойн медалиар шагнаж байжээ.

1950 – 1980 оны элчин сайд нарын гэргий нар дипломат албаны арын албанд хэрхэн зүтгэж, үлгэр жишээ болсон хүмүүс байсан тухай “Алтан аргамжийн алтан үеийнхний бүсгүйчүүд” хэмээх номонд Дуламсүрэнгийн тухай гэгээн дурсамж орсон байна. 2021 онд нас барсан.

Хосбаяр, Дуламсүрэн нар гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн.

Гавьяа, шагнал

засварлах
  • 1983 оны 1 дүгээр сарын 29 ны өдөр дипломат албаны дээд хэргэм болох Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртэж, ерөнхийлөгчийн зарлигаар төрийн элчийг гэрчлэх албан тэмдэг алтан гэрэгэг нөхөн олгосон байна.
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Алтангадас одонгоор хоёр удаа болон бусад медалиудаар шагнагджээ.

Ванданнямын Хосбаяр гэгч эгэл даруу, эрдэмт Элчин сайд нийтлэлийг Д.Баярхүү 2014 оны 3-р сарын 18-ны өдөр бичжээ.

  1. "Монгол Улсын гадаад харилцааны салбарын мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж эхлэв". Монгол Улсын Гадаад харилцааны Төв архивын сан хөмрөгөөс. Archived from the original on 2023-10-29. Татаж авсан: 2023-10-29.