Оросын чөлөөлөх арми

Оросын Чөлөөлөх Арми товч. ОЧА (герман. Russische Befreiungsarmee, орос. Русская освободительная армия) 1942-1944 онд Германы Вермахтын цэрэгт тангараг өргөсөн нацист Германы удирдлагатай Зөвлөлтийн цэргүүдийн олзлогдогсдоос бүрдүүлэн байгуулсан хамгийн том зэвсэгт хүчний нэг юм. Түүнчлэн дэлхийн 2-р дайны үед Германы янз бүрийн цэргийн бүтцээс бүрдсэн, үндсэндээ бие даасан батальон, компаниудын түвшинд ашиглагдаж байсан Зөвлөлтийн эсрэг Оросын ихэнх анги, ангиудын нийлбэр юм.

Оросын чөлөөлх армийн таних тэмдэг

Төрөл бүрийн эх сурвалжийн мэдээгээр уг Оросын чөлөөлөх армийн бие бүрэлдэхүүний тоо 120-130 мянган орчим хүн байсан гэдэг. Нацист суртал ухуулга нь А.А.Власовыг ОЧА-гийн командлагч гэж танилцуулсан боловч бодит байдал дээр түүнийг зөвхөн 1945 оны 1-р сард бүрэн командлагч болгосон байна. Тэр болтол ОЧА нь Вермахтад захирагдаж байсан ажээ.

1945 оны 4-р сарын эцэс гэхэд ОЧА-д: 3 явган цэргийн дивиз, бэлтгэлийн нөөц бригад, хэд хэдэн тусдаа анги, офицерын сургууль, 2 тагнуулын сургууль, 4 нисэх хүчний эскадрилтай байжээ.

1945 оны 1-р сарын 28-нд OЧA нь нацист Германы холбоотон гүрний зэвсэгт хүчний эрх зүйн статусыг авч, түүний командлал АНУ, Их Британид төвийг сахисан байр сууриа нэг талдаа тунхаглаж байжээ.

 
Оросын чөлөөлөх Армийн цэргүүд

1942 оны 7-р сарын 12-нд 2-р цохилтын армийн командлагч, Улаан армийн дэслэгч генерал А.А. Власов Любаны довтолгооны ажиллагаа амжилтгүй болсны дараа Германы цэргүүдэд бүслэгдэн олзлогдов. Улаан армийн олзлогдсон ахмад офицеруудын Винница дахь цэргийн хуаранд байхдаа Власов Германы командлалтай хамтран ажиллахаар тохиролцов. 1942 оны 12-р сарын 27-нд А.А.Власов, генерал В.Г.Баерский (бас олзлогдсон) нар Германы командлалд "Оросын Чөлөөлөх Арми" зохион байгуулах санал тавьсан байна. Армийг "Оросыг коммунизмаас чөлөөлөх" зорилгоор байгуулагдсан цэргийн анги гэж зарласан юм. Нацист Германы удирдлага суртал ухуулгын шалтгааны улмаас тухайн үед зохион байгуулалтын хувьд ямар нэгэн зүйл хийлгүйгээр энэ санаачилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.

 
Генерал А.Власов ОЧА-ийн цэргүүдтэй.

ЗХУ-ын эзлэгдсэн нутаг дэвсгэрт аюулгүй байдал, цагдаагийн алба, партизануудын эсрэг тэмцэлд оролцож байсан ОЧА-ийн ангиуд 1943 онд байгуулагдаж эхэлсэн.

ОЧА-ийн Ерөнхий штабын даргаар генерал Фёдор Трухин, орлогчоор генерал Владимир Баерский (Боярский), штабын шуурхай албаны даргаар хурандаа Андрей Нерянин, байлдааны бэлтгэлийн хэлтсийн даргаар хошууч генерал Владимир Арзесо нар томилогдов. ОЧА-ийн удирдалагад генерал Василий Малышкин, Дмитрий Закутный, Иван Благовещенский, бригадын комиссар асан Георгий Жиленков нар байсан. OЧA-ийн генерал цолыг Улаан армийн хошууч, Вермахтын хурандаа асан Иван Кононов авч байжээ. Явуулын хээрийн шашны тахилч нараар Оросын цагаач нар үйлчилж байсан бөгөөд тэдгээрийн дотор тахилч А.Н.Киселев, Д.В.Константинов нар байв. Власовын хөдөлгөөний хэд хэдэн хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулагчдын нэг бол сэтгүүлч Милетий Зыков байсан байна.

1944 оны 11-р сарын 14-нд Праг хотод байгуулагдсан "Оросын ард түмнийг чөлөөлөх хороо" (орос. Комитет освобождения народов России, товч КОНР) байгуулагдсаны дараа л ОЧА-ийн бодитоор зохион байгуулж эхэлсэн. Цөллөгийн Засгийн газартай дүйцэхүйц хороо нь Оросын ард түмнийг чөлөөлөх хорооны Зэвсэгт хүчнийг байгуулсан нь ОЧА болжээ. Энэ нь өөрийн гэсэн командлалтай, цэргийн бүх салбар, түүний дотор жижиг агаарын цэргийн хүчинтэй байв. Генерал Власов хорооны даргын хувьд нэгэн зэрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон нь эцэстээ "де юре" бие даасан Оросын үндэсний арми болж, нацист Германтай зөвхөн холбоотны харилцаагаар холбогдсон юм. ОЧА-ийг нацист Германы Сангийн яам санхүүжүүлдэг байсан байна.