Ондржей Карэл Кадлец (чех. Ondřej Karel Kadlec, орос. Андрей Вячеславович Кадлец, 1859 ны 2-р сарын 18-нд Чехийн Добржиши хотод төрж, 1928 оны 2-р сарын 28-нд Оросын Самар хотод насан эцэслэсэн) нь чех гаралтай, Оросын хөгжмийн зохиолч юм.

1880-аад онд Кадлец Орост цагаачилсан ба нэрээ Андрей Вячеславович Кадлец гэж оросчлон өөрчилсөн ажээ.

А.В.Кадлец Прагийн Консерватори болон Санкт-Петербургийн Консерваторид хийлч, хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр тус тус суралцан төгссөн.

1887-1907 онуудад Санкт-Петербургийн Мариинский театрын нэгдүгээр хийлчээр ажиллаж байв. 1907-1909 онуудад Хойд Осетын Владикавказ хотын Казак Цэргийн тойргийн симфони найрал хөгжмийн удирдаачаар, 1909 оноос Санкт-Петербургийн Финляндийн Явган Цэргийн хөгжмийн салааны хөгжмийн удирдаач, дуурийн найрал хөгжмийн удирдаач болон дунд сургуулийн хөгжмийн багшаар ажиллаж байжээ.

Хаант Оросын нийслэлд хэвлэгдэн гардаг байсан “Огонёк” сэтгүүлийн 1914 оны 4-р сарын 6-19-ний дугаар 14-ийн 20 дахь нүүрэнд "Монголын сүлд дууллыг зохиогч, хөгжмийн зохиолч А.В.Калдец" хэмээх гарчигтайгаар “Орос орны хүчирхэг дэмжлэгтэйгээр Хятадын олон зуун жилийн боолчлолоос чөлөөлөгдсөн Монгол гүрэн нь гадаад төрхөөрөө аажим аажмаар тусгаар улс болж байна. Мөнгөн тэмдэгт болон одон тэмдэг бий болгосны дараагаар Хутагт Монголын үндэсний сүлд дууллыг цэргийн найрал хөгжмөөр эгшиглүүлэхийг зарлиг болгожээ. Төрийн сүлд дууллыг Монголын засгийн газрын тусгай захиалгаар Оросын хөгжмийн зохиолч, ноён Кадлец Санкт-Петербургийн их сургуулийн дорно дахины факультетаас өгсөн монгол аялгуунд үндэслэн бичжээ. Сүлд дууллын зохиогч нь бол Мариинский театрын нэгдүгээр хийлч бөгөөд алдартай хөгжмийн зохиолч юм. Тэрээр тухайн үедээ Мариинский театрт тоглогдож байсан хэд хэдэн балетуудыг зохиожээ. Сүлд дуулал зохиосныхоо төлөө тэрээр Хутагтаас хоёрдугаар зэргийн IV Эрдэнийн очир одонг хүртжээ” хэмээн бичсэн байдаг.[1]

Түүний хүү Ийржи Кадлец (1891–1955) Санкт-Петербургийн консерваторыг төгсөж, 1918 он хүртэл Москвагийн Эзэн хааны дуурийн театрын морин хийлчээр ажиллажээ. Хувьсгалын жилүүдэд тэр Истанбул руу зугтсан. 1933 онд Чехословак руу буцаж ирээд радиогийн найрал хөгжмийн гишүүн болжээ.

Эшлэл засварлах