Озоны давхарга
Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озон (O3)-ы өндөр агууламж өндөртэй хэсэг юм. Дэлхий дээрх нийт озоны 90 орчим хувь нь тус давхаргад, үлдсэн хувь нь газрын гадаргад байдаг. Тус давхарга нь нарнаас дэлхийд ирж байгаа дунд зэргийн долгионы урттай хэт ягаан туяа (UV-B)-г өөртөө шингээж, шим мандал (биосфери)-ын хүн, амьтан, ургамлыг хамгаалж байдаг. Дэлхийн аль хэсэгт байхаас хамаарч озоны давхаргын хэмжээ харилцан адилгүй ба мөн жилийн улирлын турш хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. Францын физикч Чарльз Фабри (en. Charles Fabry), Анри Буйссон (en. Henri Buisson) нар нарнаас ирэх цахилгаан соронзон долгионы спектрумыг судлах үедээ 1913 онд озоны давхаргыг илрүүлжээ. Энгийн спектрофотометр (Добсонметр)-ийг бий болгосон, Британийн цаг уурч Г.М.Б.Добсон давхраат мандал (стратосфери) дахь озоны хэмжээг газар дээрээс хэмжиж чадсан бөгөөд озоны давхаргын дэлгэрэнгүй шинж чанаруудыг судалсан юм. Добсон 1928 - 1958 онд озоны хяналтын станцын дэлхий нийтийн сүлжээг бий болгосон нь одоо хүртэл ажиллаж байна. Түүний гавьяаг мөнхөлж, агаар мандал дахь озоны агууламжийг Добсон нэгж (Dobson unit)-ээр хэмждэг.
Байрлал
засварлахОзоны давхарга газрын гадаргаас 10-16 километрийн өндрөөс эхэлж 50 километрийн өндөр хүртэл тархаж тогтох ба 20-30 км-т хамгийн их агууламжтай байдаг. Озоны молекул нь нарнаас ирэх өндөр энергитэй хэт ягаан туяа болон агаар мандал дахь хүчилтөрөгчийн молекул хоорондын үйлчлэлээр бий болдог. Иймд нарны гэрэл хамгийн их тусдаг экваторын бүсэд озон хамгийн ихээр бий болдог ч давхраат мандлын агаарын урсгал буюу Брювер Добсоны урсгал (en. Brewer Dobson circulation)-ын нөлөөгөөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд, хойд хагас руу зөөгддөг. Үүний нөлөөгөөр давхраат мандлын озоны агууламж экваторын бүсэд хамгийн бага, туйлын бүсэд хамгийн их байдаг.
Хэт ягаан туяа
засварлахЦахилгаан соронзон долгионы үзэгдэх гэрлээс их энергитэй хэсгийг хэт ягаан туяа (en. ultra violet radiation) гэж нэрлэдэг ба долгионы уртаар UV-A (315≤λ<400 нм), UV-B (280≤λ<315 нм), UV-C (100 ≤ λ < 280 нм) гэж ангилдаг [1]. Нарнаас ирж буй өндөр энергитэй, 200-315 нм долгионы урт бүхий хэт ягаан туяаны 97-99 хувийг озоны давхарга өөртөө шингээдэг [2]. UV-C туяа агаар мандалд бүрэн шингэж, дэлхийн гадаргад ирдэггүй ба харин UV-B туяаны дийлэнх хэсгийг озоны давхарга шингээж, үлдсэн хэсэг нь шим мандалд нөлөөлдөг. UV-B туяа нь хүний арьсанд Д витамин ялгаруулах эерэг нөлөө үзүүлдэг боловч их хэмжээгээр өртвөл хүний арьсыг түлэх, арьсны хорт хавдар, нүдий болор цайх өвчлөлийн шалтгаан болдог сөрөг нөлөөтэй. Хэт ягаан туяаны хамгийн бага энергитэй UV-A туяаг озоны давхарга шингээдэггүй ба агаар мандлаар нэвтэрч, дийлэнх хэсэг нт газрын гадаргад ирдэг. Энэхүү туяа нь хүний арьсны гүнд нэвтэрч, арьсны уян хатан чанарыг алдагдуулах буюу арьсыг хөгшрүүлдэг.
Озоны цоорхой
засварлах20 дугаар зуунд хүний үйл ажиллагаанаас бий болсон тодорхой химийн бодисууд давхраат мандалд хуримтдлагдсан нь озоны давхаргатай фотохимийн урвалд орж озоныг эрчимтэй задалсан ба ингэснээр озоны зохистой хэмжээ алдагдсан. Антарктид тивд ажиллаж байсан судалгааны багийн эрдэмтэд 1985 онд дэлхийн озоны давхарга нимгэрч байгааг анх ажиглажээ. Агаар мандал дахь озоны давхаргын хэвийн хэмжээ алдагдаж, нийт баганын озон 220 Добсон нэгжээс бага болох үзэгдлийг озоны "цоорхой" (en. ozone layer depletion) гэж нэрлэдэг. Давхраат мандлын агаарын урсгалын нөлөөгөөр озон, озон задалдаг бодис (ОЗБ)-ын агууламж туйлын бүсэд хамгийн их байдаг болон озон задлах химийн урвал маш бага температур (~-78°C)-тай [3] нөхцөлд явагддаг зэргээс шалтгаалж озоны давхарга өмнөд туйл (Антарктид) дээр цоордог. Энэ аюулт үзэгдэлтэй тэмцэхийн тулд 1985 онд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, 1987 онд Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол зэрэг олон талт гэрээ хэлэлцээрийг дэлхийн улс орнууд соёрхон баталсан ба тэдгээрийн хүчийн чармайлтын үр дүнд озоны давхарга нөхөн төлөгдөх үйл явц ажиглагдаж эхэлсэн. Монреалийн протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу дэлхийн улс орнууд ОЗБ-ын үйлдвэрлэл, хэрэглээгээ 2030 он гэхэд бүр мөсөн зогсоох ёстой.
Гадны холбоос
засварлах- ↑ "ISO 21348:2007" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-10-09. Татаж авсан: 2018-08-23.
- ↑ The Ozone Layer, NASA[permanent dead link]
- ↑ Twenty Questions and Answers About the Ozone Layer: 2014 Update. WMO. 2015.