Ногоон төмс
1. Ногоон төмс соланин илүү агуулдаг гэх мэдээлэл
2018 оны 04 дүгээр сарын 23-нд Германы Холбооны эрсдэлийн үнэлгээний хүрээлэн ногоон төмсний талаар мэдээлэл гаргажээ. “Соланин нь төмсний найрлагад ордог гликоалкалоид бодис. Гликоалкалоид бүрэлдэх нь ургамал өөрийгөө шавж, хорхойноос хамгаалах механизм юм. Бага хэмжээгээр хордвол суулгах, бөөлжих, гэдэс өвдөх, халуурах шинж тэмдэг илэрнэ. Ухаан алдах, тархины үйл ажиллагаа доголдох, зүрх судасны тогтолцоог гэмтээсэн маш цөөн тохиолдол байдаг.
Олон улсад сүүлийн 100 жилд гликоалкалоидод хордсон тохиолдол маш цөөн. Учир нь гликоалкалоид их тунгаар бүрэлдсэн төмс маш гашуун амттай байдгаас хүмүүс идэхээ зогсоодог. Сүүлийн 50 жилд төмснөөс болж үхэлд хүрсэн тохиолдол бүртгэгдээгүй” гэжээ.
Ирландын Хүнсний аюулгүй байдлын агентлагийн Ногоон төмстэй холбоотой зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмжид:
“Хадгалах горим алдагдсан, нарны туяанд хэт байсан төмс ногоон өнгөтэй болдог. Ногоон болж буй нь ногоон ургамлын хлорофил нөсөө үйлчилж буй хэрэг. Гэхдээ төмс хэр ногоорсон бэ гэдгээс шалтгаалж хорт бодис агуулсан эсэхийг шинжилж болно. Төмсний хальс болон ногоорсон хэсэгт хүний биед сөрөг нөлөө бүхий гликоалкалоидын хэмжээ илүү бүрэлдсэн байх боломжтой.
Гликоалкалоид нь их, бага хэмжээгээр төмсний ургамалд, тэр тусмаа хальс болон үрслүүрт агуулагдаж байдаг нэгдэл юм. Удаан хадгалсан, гэмтсэн, наранд удсан төмсөнд гликоалкалоид илүү өндөр концентрациар бүрэлдэнэ. Төмс хэдийнээ ногоорчихсон бол сөрөг нөлөөт нэгдэл илүү их тунгаар агуулах боломжтой.
Хүний биед ноцтой хор хохирол учруулсан тохиолдол ховор ч, гликоалкалоид өндөр тунгаар агуулсан төмс идсэнээр ходоод гэдэс эвгүйрхэж, бие сульдаж хордлогод орсон тохиолдол тодорхой хэмжээгээр байдаг.
Ногоон төмсийг хальслахад гликоалкалоидын хэмжээ багасах ч гэсэн амтлахад гашуун байвал идэхгүй байх нь зүйтэй” гэжээ.
2. Хүний биед сөрөг нөлөө үзүүлж болохуйц тунгийн тухайд
2018 оны 04 дүгээр сарын 23-ны Германы Холбооны эрсдэлийн үнэлгээний хүрээлэнгийн ногоон төмсний талаар мэдээлэлд:
“Төмсний килограмм тутамд 200 милиграммаас доош гликоалкалоид агуулж байвал идэхэд аюулгүй. Технилогийн дагуу ургуулж, хурааж, зохист нөхцөлд хадгалсан төмс килограмм тутамдаа 20-100 милиграмм гликоалкалоид агуулдаг. Гэвч худалдаанд буй төмсөнд 100 милиграммаас ихгүй гликоалкалоид агуулсан байх шаардлага тавьдаг. Төмсийг хадгалах, хүнсэнд бэлтгэхэд дараах зааварчилгааг мөрдөх нь зүйтэй
- Төмсийг хуурай, сэрүүн, харанхуй газар хадгалах ёстой
- Хатсан, илжирсэн, соёолсон төмсийг худалдан авах, идэхээс зайлсхийх
- Ногоон хэсэг болон харласан хэсгүүдийг ялгаж хаях
- Хальстай нь бэлтгэх бол зөвхөн шинэ, гэмтэлгүй төмс сонгох
- Бага насны хүүхдэд зөвхөн хальсалсан төмс идүүлэх
- Төмснөөс гашуун амтагдвал идэхгүй байх
- Төмс шарсан тосоо тогтмол сольж байх” гэсэн байна.
Ногоон төмс идсэнтэй холбоотой тохиолдлууд олон улсад:
АНУ Үндэсний хүрээлэн буй орчны шинжилгээний төвийн Химийн хор судлалын баримт бичгийн архивд байх эрдэм шинжилгээний шүүмжид “1899 онд килограмм тутамдаа 240 милиграмм агуулсан төмс идсэн 56 герман цэрэг хордлогод орж байсан. Бүгд эдгэсэн ч, цөөн тооны шарлах, үе мөч мэдээгээ алдах тохиолдол илэрч байсан” гэжээ.
Германы Фрэйбургийн их сургуулийн судлаач Вилгелм Аутэнритийн Хор судлалын гарын авлагад “1922 онд Германд үл мэдэх суулгах халдварт өвчин дэгдсэн ч шалтгаан нь ердөө тухайн үеийн төмс хураалтаар хадгалалтын горим зөрчигдсөнтэй холбоотой байсныг илрүүлсэн” гэсэн байна.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн сэтгүүлийн вэбсайтад байрласан 1979 оны судалгааны ажилд “Өлсгөлөнгийн үеэр олон нийт хүнсийг хаядаггүй, чанаргүй байсан ч иддэгээс хамааралтай энэ төрлийн хордлого их гардаг байсан. 1952-1953 онд Хойд Солонгост 382 хүн ногоон төмс хэтрүүлж идсэнээс болж хордлогод орсон, тэдний 52 нь эмнэлэгт хүргэгдэж, 22 нь нас барсан” гэжээ.
Канадын Оттава хотын Химийн аюулгүй байдлын албаны баримт бичгийн архивд “1983 онд Канадын Алберта мужийн 109 хүүхэдтэй бага сургуульд өдрийн хоолны дараа 61 нь хордлогод орж байжээ. Хордлогод орсон хүүхдүүдийн 45 хувь нь өдрийн хоолны үеэр идсэн төмстэй хоолноос гашуун амт амтагдаж байсныг хэлж байсан байна” хэмээн тэмдэглэн үлдээжээ.