Николо Амати[E1] (итали. Nicola Amati 1596 оны 12-р сарын 3 - 1684 оны 4-р сарын 12. Кремон) Италийн алдартай хөгжмийн мастер, хөгжим үйлдвэрлэгч бол олон янзын нумт хөгжмүүд болох хийл, морин хийлүүдийг хийж байжээ. Николо Амати бол Якоб Штайнер, Антонио Страдивари, Андреа Гварнери зэрэг олон хөгжмийн мастеруудын багш нь байсан юм. 

Кремоны хөгжмийн үйлдвэрийг үндэслэгч нь Андреа Амати (1505-1577) болно. Энэхүү гэр бүлийн удам угсааны тухай 1097 оны үеийн түүхийн бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь их эртний удам байсныг илтгэнэ. Эцэг Андреа Аматигийн мэргэжлийг түүний хүүхдүүд болох Анто́нио ба Иероним (Джиро́ламо) Амати нар үргэлжлүүлэн хөгжүүлсэн юм.

Антонио Амати (1550-1638) бол алдартай, авьяаслаг мастер байсан аж. Түүний бүтээлийн нэг нээлт бол гүдгэр хавтгай дек байдаг. Мөн хэмжээний хувьд том бус байв. Зэмсэгээ хийх арга хэрэгсэл нь нягт нямбай хийцтэйгээс хөгжмийнх нь дуу нь зөөлөн, эгшиглэнтэй байдаг ажээ.

Иероним Амати (1551-1635), Антонио Амати нар 1577-1635 оны үе хүртэл ойролцоогоор 60 орчим жилийн туршид хамтран ажиллаж хөгжмийн зэмсэгүүдийг үйлдвэрлэж байжээ. Харин дээр дурдсан Николо Амати бол  Иероним Аматигийн хүү бөгөөд гэр бүлийнхээ удам дамжсан хөгжмийн үйлдвэрлэлийг хэлбэр хийц болон эгшиг дуурьслын хувьд боломжит дээд түвшинд хүргэж чадсан гавьяатай билээ. Энэхүү үйлдвэрт алдар хүндийн оргилд хүрсэн бас нэгэн урлаач бол Антонио Аматигийн хүү Иероним II (1649-1740) бөгөөд түүний үед гэр бүлийн үйлдвэрлэл хаалгаа барьжээ. Энэхүү гайхамшигтай урлаачдын гар дороос Франческо Ружери (1645-1700) гарч бүхэл бүтэн урлаачдын удмыг бий болгосон гэдэг.   

Аматийн хийл нь тааламжтай, цэвэрхэн, зөөлөн боловч хүчтэй биш, мөн сонсоход таатай мэдрэмж төрүүлдэг. Тэдний бүтээсэн хийлүүд нь жижиг хэмжээтэй, гоёмсог өнгөлгөөтэй, дээд ба доод хэсэгт нэлээд муруй хэлбэртэй байдаг тул өргөн хэмжээнд задгай дуу гаргадаггүй ажээ.


[E1]Николо Амати