Найдангийн Эрдэнэпэл
Н.Эрдэнэпэл (1887-1965) нь Монголын Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар 1944-1960 онд ажиллаж байсан.
Тэрээр хуучин Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг 5 дугаар баг, Идэрийн гол хэмээх газар 1887 онд төржээ. Халх. Бага наснаасаа Тариатын хүрээнд шавилж байгаад 19 настай Гандан хүрээнд ирж Сангай аймагт суун, Дашчоймбэл дацанд цанид, чойрын гүн ухааны номонд суралцсан. Их хүрээнд шавилан сууж байхдаа Сангайн аймгийн гэсгүй байсан.
1925-1929 он хүртэл Гандан хүрээнд шашны захиргааны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Мөн Богдын ордонд төвөд үсгийн бичээч, 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн нэрээр Зөвлөлт улсын Москва хотноо болсон шашны хуралд төлөөлөгчөөр оролцсон.
1928-1929 онд Судар бичгийн хүрээлэнгийн номын ази зүгийн хэлний ном хадгалагч, 1929-1932 онд Шашны захиргааны тэргүүлэгчийн албыг хашиж байв. Найдангийн Эрдэнэпэл нь цанид, чойрын гүн ухааныг судалсаар 1933 онд Дашчойнбэл дацанд гавжийн дамжаа барьжээ. 1936-1937 онд Лам нарын сэтгүүлийн эрхлэгч. 1938-1941 онд гэрээр хувийн ажилтай байсан.
1944 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяа Түүхийн музейн тайлбарлагчаар ажиллаж байжээ.
Н.Эрдэнэпэл, Т.Гомбодорж, Г.Бат-Очир, Р.Гарамсэд, М.Галаарид, Л.Лувсан, О.Дагважанцан нарын лам байсан хүмүүсийн хүсэлтээр Улсын бага хурлын 1944 оны 34 дүгээр тогтоол гарч, Улаанбаатарт Мөргөлийн дуганыг нээсэн.
Арван зургаадугаар жарны хөх бичин жил 1944 оны 5 сарын 10-нд Гандан хийдийг дахин сэргээхэд хурж Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар 1960 он хүртэл тасралтгүй ажилласан. Олон Улсын Монголч эрдэмтний анхдугаар Их хуралд зориулан Эртний Энэтхэгийн уран зохиолын гайхамшигт дурсгал “Үүлэн элч”-ийг төвөд хэлнээс орчуулсныг академич Б.Ринчен 1963 онд эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ. 1956 онд шашин номын үйл хэрэгт оруулсан хувь нэмэрийг үнэлж Гандан хийдээс Чин бишрэлт цол олгосон.
Тэрээр 1965 онд Улаанбаатар хотноо таалал болжээ.
Бүтээл:
- Монгол овогтны номын шашны нэгэн сэдэвт шалтгаан юу вэ? (гар бичмэлийн эх одоогоор байхгүй)
- Түмэнхэн сайн ноёны тухай (Гандантэгчэнлин хийдийн номын сан)
- Хамба номун хааны үе дараа (Гандантэгчэнлин хийдийн номын санд хадгалагдаж байгаад алдагдсан мэдээтэй)
- Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд зориулсан илтгэл