Мэнэнгийн тал
Мэнэнгийн тал нь Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших, Монгол орны хамгийн том тэгш тал юм. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших тал.
Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 м өндөрт оршдог.
“Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоол, “Мэннэгийн талын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-26 дугаар тушаалаар байгуулагдсан.
Номхон далайн ай савд багтах бөгөөд байнгын урсгалтай гол мөрөн байхгүй,газрын доорхи усны нөөцтэй бүс нутаг.
Хил заагийн хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бүхэлдээ, Сүхбаатар сумын зүүн урд хэсэг, Асгат сумын зүүн болон зүүн урд хэсэг, урд хэсэг, Дарьганга сумын зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн Матад сум бүхэлдээ, Халхгол сумын баруун хэсэг, Баянтүмэн зүүн урд хэсэг, Булган зүүн урд хэсгийг багтаан нийтдээ 53371,6км2 талбайг эзэлдэг. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.
Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд их ач холбогдолтой. Энд нэн ховордсон цэн тогоруу, цагаан тогоруу, гургуул, тоодог зэрэг олон зүйл шувууд байдгаас гадна Монголын улаан номонд орсон бүх ургамлын 10 орчим хувь ургадаг бөгөөд Төв Азийн цагаан зээрийн 70 гаруй хувь нь нутагшжээ.
Энэ тал нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.
2010 онд хийсэн судалгаагаар Мэнэнгийн тал нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртөж байгааг тогтоож байсан бол 2020 оны судалгаагаар сул түвшинд байна гэж үзжээ.