Москвагийн консерватори
Москвагийн консерватори буюу бүтэн нэр Пётр Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерватори (орос. Московская государственная консерватория имени Петра Ильича Чайковского) — Оросын хөгжмийн тэргүүлэх Москва хот дахь хөгжмийн дээд боловсролын байгууллага.
Түүх
засварлах1766 онд ирээдүйн консерваторийн эдлэн газрыг хожим Шинжлэх ухааны академи, Оросын академийн ерөнхийлөгч байсан гүнж Екатерина Романовна Дашкова (1743-1810) худалдаж авсан. Байшингийн барилгыг архитектор Василий Баженовын зургаар барьж 1790-ээд онд дуусгасан байна. 1812 оны дайны үеэр байшин шатаж 1824 онд сэргээн босгосон байна.
Москвад консерватори байгуулах санааг анх 1819 онд Большой театрын удирдаач герман гаралтай Фридрих Шольц илэрхийлсэн боловч уг санаа дэмжлэг аваагүй байна. 11 жилийн дараа буюу 1830 онд тэрээр гэртээ "ерөнхий хөгжим үнэ төлбөргүй заах" зөвшөөрөл авч чадсан байна.
Хэсэг хугацааны дараа 1860 онд төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач Николай Рубинштейн болон Василий Кологривов нар Москвад Оросын эзэн хааны хөгжмийн нийгэмлэгийн Москва дахь салбарт хөгжмийн анги зохион байгуулжээ. Оросын хөгжмийн нийгэмлэгийн Москва дахь салбарын дарга (1863-1876), хунтайж Николай Трубецкой Н.Рубинштейний хамт хөгжмийн анги үүсгэн байгуулагч нь байсан. Эхэндээ хөгжмийн хичээлүүд Н.Г.Рубинштейн өөрийн гэртээ явуулдаг байв.
1862 онд Санкт-Петербургт консерватори байгуулагдаж, улмаар Москвад хөгжмийн дээд боловсролын байгууллага байгуулах хэрэгцээ гарч ирэв. Оросын хөгжмийн нийгэмлэгийн 1863/1864 оны тайланд "Москвад нээгдэх гэж буй консерваторийн төлөө" зохион байгуулсан концертын талаар дурдсан байдаг.
Москвагийн консерватори нь 1866 онд байгуулагдсан бөгөөд 9-р сарын 1-нд нээлтээ хийжээ. Консерватори байгуулах гол санаачлагч нь Николай Рубинштейн, хамтран үүсгэн байгуулагч нь хунтайж Николай Трубецкой нар байв.
1865 оны 12-р сарын 24-нд тус нийгэмлэгийг дэмжин тэтгэгч, Их гүнгийн авхай Елена Павловнагийн хүсэлтээр Москвагийн консерваторийг нээх зөвшөөрлийг авчээ. 1866 оны 2-р сарын 6-нд төгөлдөр хуурч Н.Г.Рубинштейн захирлаар, К.К.Альбрехтыг консерваторийн байцаагчаар тус тус томилжээ. Консерватори Воздвиженка гудамжинд байшин түрээслэж орсон ( сүүлд 1941 онд Москвад агаарын дайралт хийх үеэр энэ барилга бөмбөгөнд өртөж сүйрчээ) түүхтэй. 1871 онд Москвагийн консерватори Екатерина Дашковагийн байшинг түрээсэлж байгаад 1878 онд 185 мянган рублиэр худалдаж авчээ.
Москвагийн консерватори нь Оросын хөгжмийн нийгэмлэгийн концертын үйл ажиллагаанаас олсон орлого, хотын болон засгийн газрын татаас, хувь хүмүүсийн хандив, сургалтын төлбөрөөс санхүүждэг байсан. Консерваторид суралцах хугацаа 1879 он хүртэл зургаан жил үргэлжилж, дараа нь 9 жил болж нэмэгдсэн. Энэ нь хөгжмийн анги (хөгжмийн, гоцлол, найрал хөгжим, найрал дуу, дуурь, онол) болон ерөнхий боловсролын хичээлүүдийг хоёуланг нь хамардаг байсан. 1917 он хүртэл тус хөгжмийн боловсролын байгууллага төлбөртэй байсан.
1940 оны 5-р сарын 7-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Москвагийн консерваторийг Пётр Чайковскийн нэрэмжит болгож, хөгжмийн зохиолчийн ангийн онцгой авьяаслаг оюутнуудад П.И.Чайковскийн нэрэмжит тэтгэлэг олгож эхэлжээ.
Консерваторийн факультетууд
засварлах- дуу хоолой
- удирдаач (найрал дуурийн болон дуурийн симфони удирдаачийн тэнхимүүд)
- түүхэн-онолын
- хөгжмийн зохиолч
- найрал хөгжим
- төгөлдөр хуур
- түүхэн ба орчин үеийн тайзны урлаг
- факультет хоорондын тэнхимүүд
Консерваторийн танхимууд:
засварлах- Их танхим-Большой зал
- Бага танхим-Малый зал
- Рахманиновын танхим (1890 онд баригдсан)
- Бага хурлын танхим-Конференц-зал
- Концертын танхим-Концертный зал имени Н. Я. Мясковского
- Дугуй танхим, Н.Рубинштейны Үзэсгэлэнгийн танхим.
Консерваторийн захирал, ректорууд
засварлах№ | Он жилүүд | Захирал, Ректор |
---|---|---|
1 | 1866—1881 | Рубинштейн, Николай Григорьевич |
2 | 1881—1883 | Губерт, Николай Альбертович |
3 | 1883—1885 | Альбрехт, Карл Карлович |
4 | 1885—1889 | Танеев, Сергей Иванович |
5 | 1889—1906 | Сафонов, Василий Ильич |
6 | 1906—1922 | Ипполитов-Иванов, Михаил Михайлович |
7 | 1922—1924 | Гольденвейзер, Александр Борисович |
8 | 1924—1929 | Игумнов, Константин Николаевич |
9 | 1929—1932 | Пшибышевский, Болеслав Станиславович |
10 | 1932—1934 | Шацкий, Станислав Теофилович |
11 | 1935—1937 | Нейгауз, Генрих Густавович |
12 | 1937—1939 | Шацкая, Валентина Николаевна |
13 | 1939—1942 | Гольденвейзер, Александр Борисович |
14 | 1942—1948 | Шебалин, Виссарион Яковлевич |
15 | 1948—1974 | Свешников, Александр Васильевич |
16 | 1974—1990 | Куликов, Борис Иванович |
17 | 1991—2000 | Овчинников, Михаил Алексеевич |
18 | 2001—2004 | Соколов, Александр Сергеевич |
19 | 2004—2005 | Суханов, Владимир Владимирович |
20 | 2005―2009 | Алиханов, Тигран Абрамович |
21 | 2009 оноос | Соколов, Александр Сергеевич |
Цахим хуудас: https://www.mosconsv.ru/ru/default.aspx