Морьтой жаал (Англи: The Horse Boy гэдэг нь Руперт Исааксон эхнэрийнхээ хамтаар отизм өвчтэй хүү Рованаа илааршуулах зорилгоор аялсан аяллаасаа сэдэвлэж бичсэн ном, ижил нэртэй баримтат кино юм.

Морьтой жаал
Найруулагч:Мишель Орион Скотт
Продюсер:Руперт Исааксон
КомпаниЦайтгайст Фильмс
Нээлт:2009 оны 9 сарын 11
Хугацаа:93 минут
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи

"Морьтой жаал" (Англи: The Horse Boy: A Father’s Quest to Heal His Son) хэмээх энэ ном бол Руперт Исааксон эхнэр Кристин болон хүү Рован нартайгаа хамт Монгол орноор хэрхэн аялсан тухай тэмдэглэл юм. 2009 оны 4 сарын 14-нд хэвлэгдэж, мөн ондоо Нью-Йорк Таймсын бестселлерээр шалгарчээ. Тэдний аялалын гол зорилго нь төрөлхийн тархи мэдрэлийн доголдол буюу отизм өвчтэй хүүдээ засал хийлгэхэд оршиж байв. Отизм өвчний шинж тэмдэг ихэвчлэн 0-3 насанд илэрдэг ба тийм өвчтэй хүүхэд ердийн хүүхэд шиг аав ээжтэйгээ харьцах чадваргүй, уурлаж уцаарлахдаа амархан, нэг уурлахаараа хэдэн цагаар ч хамаагүй уйлдаг, хүнтэй нүдээрээ харж харьцдаггүй, нэрийг нь дуудахад эргэж харж хариу үйлдэл үзүүлдэггүй, нэг тоглоомоороо уйдаж залхахгүй хэдэн цагаар тоглодог, үеийн хүүхдүүдтэйгээ тоглож наадахыг мэддэггүй гэх мэт нийгмийн харилцаанд орох чадвараар дутмаг байдаг байна. Зарим отизмтой хүүхэд өөрөө бие засаж сурахгүй байсаар том болдог, бүр насанд хүрсэн ч сурахгүй тохиолдол байдаг ажээ. Рован бас өөрөө бие засаж чаддаггүй байв.

Рупертын хүү Рован биеийн хөгжлөөр хэвийн ч гэлээ отизмтой учраас аав ээж болон ойр дотны хүмүүстэйгээ хэвийн харьцаж чаддаггүй, сэтгэлд нь үл нийцэх зүйл гараад ирвэл хэдэн цагаар ч хамаагүй уйлж хашхирдаг хүүхэд байлаа. 4 настайдаа нэгэн өдөр аавтайгаа хамт гэрийнхээ ойролцоо зугаалж яваад гэнэт зам хазайж хөршийнхөө айлын хашаанд орон Бэтси гэдэг омголон авиртай гүүний дэргэд очжээ. Гэтэл Бэтси түүнд муухай авир гаргасангүй, харин ч номхон зогсож байв. Энэ бүхнийг ажиглан харсан Руперт, хүүгээ энэ гүүтэй зүрх сэтгэлээрээ холбоотой юм байна гэдгийг ухаарсан гэдэг. Тийнхүү хүүтэйгээ хамт Бэтси гүүг унадаг болж, хүүгийнх нь хэл яриа нь ч эрс сайжирч аавтайгаа ярилцдаг болж эхэлжээ. Хүү нь мөн нэгэн удаа санамсаргүй тохиолдлоор орон орны бөөгийн чуулганд очих үедээ засал авч сайжирсан боловч тэрхүү чуулганаас харьж ирээд буцаж хэвэндээ орсон байна. Тиймээс аав нь хүүгээ бөө засал хийдэг, морь унадаг ард түмний дунд очиж, хүүдээ морь унуулахын зэрэгцээ, бөөгөөр бөөлүүлбэл засал авах байх гэж боджээ. Морь унадаг, уламжлалт бөө мөргөлөө хадгалсаар байгаа ард түмэн бол Монгол юм байна гэдгийг зохиогч олж мэдээд гэр бүлээрээ Монгол оронд ирж, гурван долоо хоног аялсны үр дүнд хүү нь засал авч уурлаж уцаарлах нь эрс багасч, гэртээ хариад хоёр долоо хоногийн дараа гэхэд ердийн хүүхэд шиг өөрөө бие засаж сурсан байна.

Энэ бол хоёр гурван жилийн хугацаанд гардаг ахиц, засал ажээ. Хүү нь ийм богино хугацаанд засал авсан нь Монгол морь, бөө, байгалийн сайхан яах аргагүй онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Руперт баттай итгэж үүнийгээ "Морьтой Жаал" хэмээх номдоо онцолсон байна.

Уг номыг Битпресс Хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан гаргажээ.

Мишель Орион Скотт найруулж, Цайтгайст Фильмс компанид бүтээсэн[1] тус кино 2009 онд Санданс кино наадмаас шүүгчдийн гран-при шагнал хүртэж[2], Саут бай Саутвест дэх үзэгчдийн таашаал хүртсэн киногоор шалгарчээ[3].

  1. "The Horse Boy". Zeitgeist Films. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 28, 2010. Татаж авсан: February 24, 2010.
  2. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-04-29. Татаж авсан: 2011-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Past Winners". SXSW. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 22, 2010. Татаж авсан: February 24, 2010.

Гадны холбоосууд

засварлах