Мормоны ном
Мормоны ном (Англи: Book of Mormon)[1] нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн үндсэн судрын нэг гэж нэрлэгддэг. Үүнийг мөн өөрөөр Есүс Христийн бас Нэгэн Гэрээ ч гэдэг. МЭӨ 600-МЭ 400 онуудын түүхийг агуулсан гэдэг бөгөөд дотроо 15 номоос бүрдсэн. Эртний Америк тивд амьдарч байсан хүмүүс болох Нифайн хүмүүсийн ялтсаас орчин цагийн англи хэл рүү Иосеф Смит орчуулан 1830 оны 3-р сард Нью-Йоркийн Палмариад анх хэвлүүлсэн. Нийт 90 хоног арай хүрэхгүй хугацаанд орчуулагдсан 588 хуудастай ном.[2] Өдгөө дэлхийн 112 орны хэл дээр орчуулагдсан бөгөөд 2020 оны байдлаар 192 сая гаруй хувь хэвлэгдсэн байдаг гэсэн тоо байдаг.[3] Монгол хэлээр 2002 онд анх Мөнхцэцэг орчуулан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм АНУ-д хэвлүүлсэн.
Нийт 6,000 гаруй шүлэгтэй, Есүс Христ гэсэн нэр 4,000 гаруй удаа гардаг ба "Иехова", "Иммануэл", "Ариун Мессая", "Бурхан хурга", "Израилын Цагаатгагч" гэх зэрэг 100 гаруй янзаар нэрлэгдсэн байдаг. [4]
Агуулга
засварлах"Есүс Христийн бас нэгэн гэрээ" гэдэг нь Мормоны номын хамгийн чухал тодотгол. Энэ ном Христийн сургаалыг заадаг бөгөөд түүхүүдийнх хамгийн оргил хэсэг нь МЭ 34 онд Есүс Христ амилсныхаа дараа өөрөө Америк тивд нифайчууд дээр ирж хэсэг хугацаанд хамт байсан үйл явдал юм. Судрын дагуу 3 Нифай 11:8-10 [5]"... мөн болгоогтун, тэд тэнгэрээс бууж ирж буй Хүнийг үзэв; мөн тэрээр цагаан орхимжоор хувцаслагдсан байв; мөн тэрээр бууж ирээд мөн тэдний дунд зогсов; (тэрхүү хүн) шүлэг 10-т "Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ" гэж айлджээ.
Энэхүү номд гарах бүлэг хүмүүс анх өөрсдийн бошиглогч нарт нь Бурханаас ирсэн усан онгоц хийх зааврыг даган Америк тивд ирж чадсан бөгөөд тэдний төрийн түүхүүд, шашны амьдралын түүхүүд нь уг судрын гол агуулга болно. Жаредчууд: Ифер 6:11[6] "Мөн тийн тэд гурван зуун дөчин дөрвөн өдөр усан дээр урагш туугджээ". Нифайчууд/леменчүүд: 1 Нифай 17:8[7] "Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад ярьж, өгүүлсэн нь: Би чиний хүмүүсийг энэ усыг гаталгахын тулд, чамд миний үзүүлэх тэр жаягаар, чи усан онгоц барих болно хэмээв" гэжээ.
Хамрах соёлын тухай
засварлахУг судрын хамрах он тооллол, түүх соёлын тухайд,
а) Жаредчууд: Америк тив дээр МЭӨ 2200 - МЭӨ 200 орчим он хүртэл оршин тогтноод бүрэн сөнөсөн үндэстэн. Ифер 15-р бүлэг "Сая сая жаредчууд тулалдаанд хөнөөгдөв—Жаред үндэстэн бүрмөсөн устгагдав". Мормоны номны нэгэн хэсэгт жаредчуудын мөхсөн соёлын үлдэгдлийг нифайчууд олж илрүүлж байгаа тухай Мозая 8:8-11[8]-т "хүний мөн амьтны ясаар хучигдсан, мөн түүнчлэн янз бүрийн барилгуудын балгасуудаар дүүрсэн нэгэн нутагт очсон", "... үнэний гэрчлэл болгон сийлбэрээр дүүрэн, мөн цэвэр алт болох хорин дөрвөн ялтсыг авчирсан болой", "мөн ялтсууд дээрх сийлбэрүүд эсвэл уг хэлийг хөрвүүлж чадах хэн ч энэ нутагт байсангүй" гэж өгүүлдэг (МЭӨ 121 он).
б) Нифайчууд: МЭӨ 600 - МЭ 421 он хүртэл Америк тивд оршиж, дайсан үндэстэндээ бүр мөсөн устгагдсан. Мормон 6-р бүлэг "Леменчүүд ялагч байж, мөн Нифайн үндэстэн устгагдав—Зуу зуун мянга нь илдэнд хөнөөгдөв" (МЭ 385 он). Зарим археологчид болон антропологичдын үздэгээр Хойд Америк тивд ойролцоогоор МЭӨ 100 - МЭ 500 он хавьцаа хөгжиж байсан Hopewell хэмээх соёл Мормоны номын нифайчуудын соёлын нэг хэсэг байх магадлатай. Уг соёл МЭ 400 оны орчим үл мэдэгдэх шалтгаанаар оршин тогтнохоо больж, материаллаг соёл нь зогсон, хүн ам нь алга болсоныг энэхүү Мормоны номын нифайчууд улс, үндэстнээрээ сүйрсэн түүхтэй холбож үзэх таамаглал байдаг.
в) Леменчүүд: Анх нэгэн эцэг эхийн үр удам байсан ч МЭӨ 559 он орчмоос тусдаа амьдарч, МЭ 421 онд удам угсаа нэгт ахан дүүс нифайчуудынхаа хүн ам, соёл иргэншлийг бүрэн сөнөөж Хойд Америкийн зарим индиан овгуудын өвөг дээдэс болон үлдсэн. Тэд нифайчуудыг устгаад иргэний дайнд нэрвэгдэж дотроо хуваагдсан мэт байдаг. Мормон 8:8 [9]"Мөн түүнчлэн болгоогтун, леменчүүд нэг нэгэнтэйгээ дайнд оржээ; мөн энэ нутгийн бүх гадаргуу үргэлжийн аллага хийгээд цус урсгалтын талбар болов; мөн дайны төгсгөлийг хэн ч үл мэднэ". Үүнээс өөр мэдээлэл үлдээгүй (МЭ 421).
Зохиогчид
засварлахМормоны номын эртний олон бошиглогчид нэгээс нөгөөд, үеэс үед шашны, сургаалын, сүнслэг зүйлсийг бичсэн төмөрлөг ялтсуудыг дамжуулан өгч хамгийн чухал зүйлсийг бичихийг зааварладаг байв. Жишээ нь: Иаков 7:27[10] "Мөн би, Иаков, булшиндаа удахгүй доош орох ёстойгоо ойлгов; иймийн тул, би хүү Иностоо хэлэв: Эдгээр ялтсуудыг авагтун".
Уг судрыг бичсэн бошиглогчид болох Нифай, Иаков, Инос, Алма, Хиламан, Мормон, Ифер, Моронай гэх мэт хүмүүс бүгд өөр өөрийн өвөрмөц бичгийн хэл, ярианы хэлтэй, өөрсдийн цаг үеүдэд Бурханаас хүлээн авч байсан өөр өөр илчлэлт, илэрхийлэлттэй байсан гэдгийг энэхүү судрыг уншихдаа ажиглаж болно. Тэд "Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй", "Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх" гэх мэтээр бичиж байв. Бошиглогч Мормон МЭ 325 - 385 он хүртэл өөрөөсөө өмнөх бүх бошиглогч нарын бичээсүүдийг хураангуйлан нэг алтан ялтас хийн хүү Моронайдаа өгөв. Моронай үүн дээр мөхсөн жаредчуудын 24 судрыг хураангуйлан бичиж мөн өөрийн нэртэй бүлгүүдийг нэмж сийлэн газарт нуужээ. Моронай 10:2[11] "Мөн та нарт ухуулах замаар хэдэн үг хэлснийхээ дараа, би эдгээр цэдгийг лацдах болно" (МЭ 421 он).
Хэл бичиг
засварлахМормоны номын хэл, бичиг бол эртний хэл, бичгийн систем билээ. Эртний судруудаас Мормоны номын 90% орчмыг өөрийн гараар хураангуйлсан бошиглогч Мормоны хүү Моронай дараах үгсийг бичжээ. Мормон 9:32-33[12] "Мөн эдүгээ, болгоогтун, энэ цэдгийг, бидний ярианы маягийн дагуу, биднээр доош дамжигдан мөн өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн египет хэмээн бидний дунд нэрлэгддэг үсгүүдээр бид өөрсдийн мэдлэгийн дагуу бичсэн болой. 33 "Мөн хэрэв бидний ялтсууд хангалттай том байсан аваас бид еврей хэл дээр бичих байсан; гэвч еврей хэл түүнчлэн биднээр шинэчлэгдсэн бөлгөө" гэжээ.
Иосеф Смитэд тэнгэр элч энэхүү алтан ялтсыг хаана нуусныг, хэзээ өөртөө авах, хэрхэн орчуулах зэргийг зааварласан бөгөөд тэрхүү ялтсаас хуулбарлан авсан нэг хэсгийг өөрийн итгэлт хүн Мартин Харрист өгч эртний үсэг бичгийн мэргэжилтэн рүү явуулжээ. Мартин Харрис: “Би Нью-Йорк хотод очиж, бичиг үсгийн мэдлэгээрээ алдаршсан, боловсон эр профессор Чарльз Антонд орчуулагдсан бичгүүдийг тэдгээрийн орчуулгын хамт үзүүлэв. Орчуулга нь египет хэлнээс орчуулагдсаныг, өмнө нь түүний үзсэн аль ч орчуулгаас илүү зөв байсныг профессор Антон нотлов. Тэгээд би орчуулагдаагүй байсныг нь түүнд үзүүлэхэд тэрбээр өгүүлэн, тэдгээр нь египет, халдеи, ассири болон араб хэлээр байна хэмээн хэллээ" (Иосеф Смитийн Түүх 1:64[13]).
Алтан ялтас
засварлахМормоны номын анхны эх бичвэр болох бошиглогч Мормоны хураангуйлсан, мөн Иосеф Смитийн орчуулсан тэрхүү алтан ялтас одоо хаана байгаа тухай, Иосеф Смитийн Түүхийн 1:59, 60[14]-д дурдсанаар: "[тэнгэр] элч, тэдгээрийг (орчуулагч чулуу гэх мэт зүйлс) [буцааж авахыг] хүсэх хүртэл, тэдгээр нь хамгаалагдах болно хэмээх энэ үүргийг хүлээлгэхийн хамт тэдгээрийг надад гардуулав" мөн "Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг гардуулж өгсөн билээ" гэсэн нь Иосеф Смит алтан ялтсыг орчуулсны дараа тэнгэр элчид буцаан өгсөн аж.
Энэхүү алтан ялтсыг харсан 11 гэрч (3 гэрч/8 гэрч) байсан ба өөр цөөн тооны хүн даавуунд боолттой байхад нь гараараа хүрч, тэмтэрч үзсэн байдаг. Тэрхүү 11 гэрч өөрсдийн гэрчлэлээ хүн төрөлхтөнд үлдээжээ. Тэдний 8 нь "Энэ ажлын орчуулагч Бага Иосеф Смит нь яригдаж асан тэр ялтсуудыг бидэнд үзүүлэв, алт мэт үзэгдэх тэдгээрийг болой; мөн сайх Смитийн орчуулсан хуудас болгоныг бид өөрсдийн гараар гардаж барьсан бөлгөө; мөн түүнчлэн бид тэдгээрийн дээрх сийлбэрүүдийг харав, энэ бүгд нь эртний зүйл, мөн уран хийцтэй гэдэг нь үзэгдсэн бөлгөө" хэмээн гэрчилжээ.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm?lang=mon
- ↑ https://www.britannica.com/topic/Book-of-Mormon
- ↑ https://www.deseret.com/faith/2020/10/4/21500695/october-general-conference-mormon-lds-elder-matthew-holland-elder-jeffrey-holland-elder-gong-covid
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/manual/gospel-topics/book-of-mormon?lang=eng
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/3-ne/11?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/ether/6?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/1-ne/17?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/mosiah/8?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/morm/8?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/jacob/7?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/moro/10?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/morm/9?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/pgp/js-h/1?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/pgp/js-h/1?lang=mon