Монгол улсын "Их өр"
Монгол улсын "Их өр" гэж 1949-1991 оны хооронд БНМАУ-ын ЗХУ-аас авсан зээлээс бүрдсэн өрийг нэрэлдэг байна.
Монгол Улс 1911 онд өрийн бичиг гаргаж байснаас хойш гол төлөв Зөвлөлт улсаас зээл тусламж авч иржээ. Энэ нь сүүлдээ хойд хөршид төлөх "Их өр" болж хувирсан билээ. Тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан тооцоо хийсэн баримт байхгүй учраас 1940-өөд он хүртэл тодорхойгүй явж ирсэн байна. Нөгөө талаасаа ЗХУ нь социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд Монголд зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийжээ. Тиймээс энэ өрийн асуудал нь Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай социализмын үед хурцаар хөндөгдөж байгаагүй байна. Харин 1990 он гарч ЗХУ задарч, Монгол Улсад ардчилал өрнөсөн он жилүүдтэй хамт ОХУ-д 11,7 тэрбум шилжих рублийн өртэй гэсэн тооцоо гарч ирсэн юм. Нэг шилжих рубль, нэг ам.доллартай тэнцэж байв. Өөрөөр хэлбэл Монгол Улс ОХУ-д нийтдээ 11.7 тэрбум долларын өртэй гэсэн тооцоо гарч иржээ.
Их өрийг дарсан тухай
засварлахЭнэхүү их өрийг дарах асуудлыг Монголын удирдлага 1991 оноос эхлээд идэвхтэй хөөцөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн тэргүүлсэн манай "хамтарсан Засгийн газар" өрийн асуудлыг шийдэх талаар Орост айлчлахдаа тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга В.С.Павловтой уулзаж хэлэлцээ хийсэн ч бүтэлтэй болоогүй байдаг.
Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн нь улс орны эдийн засагт хүндээр туссан юм. 1990-ээд оны эхний хагаст ДНБ-ий үзүүлэлт буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн билээ. Үүнийг тухайн үеийн төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлах ёстой. 1996-2000 онуудад Ард, Даатгал, ХОТШ, Сэргээн босголт болон Хөдөө аж ахуйн банкууд төрийн буруу шийдвэрүүдийн улмаас дампуурч байлаа. Хувийн хэвшлийг дээрэмдэх улс төрчдийн явуургүй бодлого эдийн засгийн хямралыг бий болгосон түүхтэй.
Түүнээс хойш 1992 – 2000 онд Засгийн эрхийг барьж байсан ерөнхий сайд Пунцагийн Жасрай мөн ОХУ-тай Их өрийг дарах асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй аж. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Давыдов гэж хүн Монголд айлчилах үеэрээ “Давыдовын санал” гэж нэрлэгдэж үлдсэн тийм саналыг мань хүн манай талд тавьжээ. Үүнд нь өрийн хэмжээ тооны тухайд өмнө нь байсан 11.7 тэрбум доллар гэдэг хэвээрээ. Харин үүнээсээ 85 хувийг Оросын талаас хөнгөлөлт үзүүлэх, 25 хувь буюу үлдсэн гурван тэрбум гаруй долларыг Монголын тал төлөх хэрэгтэй гэдэг санал тавьж байжээ.
1996 онд гарч ирсэн шинэ Мэндсайханы Энхсайханы Засгийн газар өмнө нь Монголд байрлаж байсан Оросын зэвсэгт хүчин Монголын байгаль орчинд маш их хохирол учруулсан. Энэ хохирлын үнэлгээг гаргах юм бол юун оросуудын манайхаас нэхээд байгаа 11.7 тэрбум доллар. Харин оросууд манайд эргээд байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр гэж мөнгө төлөх тооцоо гарна гэдэг байдлаар асуудлыг хөнджээ. Оросын тал ийм байр суурийг хүлээж аваагүй байна. Ингээд М.Энхсайханы мэргэн санаа мухардалд орж, дахин өрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх аргагүй болсон байна.
Харин 2000 онд Намбарын Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар их өрийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээг эрчимтэй хийж эхэлжээ. ОХУ-ын талаас өмнө нь тавьж байсан өрийн 85 хувийг хөнгөлөх, үлдсэнд нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тооцож авъя гэдэг саналаа шаргуу тавьж байжээ. Тодорхой хугацаанд Их өрийг төлөх хэлэлцээр үргэлжилсээр өрийн 98 хувийг нь тэглэж, хоёр хувь буюу 250 сая долларыг Монголын тал төлөх шийдвэрийг ОХУ-ын талаас 2003 оны 12 дугаар сард гаргасан байна. 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн улмаар харилцан ойлголцлын Санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болсон юм.
Өрийн үлэмж хэсгийг цайруулсан нь тодорхой шалтгаантай байв. Монголчууд өнгөрсөн хугацаанд олон мянган мал, мах, сүү, малын болон байгалийн түүхий эдээ огт үнэгүйгээр шахуу буюу маш бага үнээр хойд хөршид нийлүүлж ирсэн. Тухайлбал зөвхөн 1965 оноос эхлэн манай улс ЗХУ-д 3 сая тонн мах амьдын жингээр, 270 сая тонн ноос болон ямааны ноолуур, 15 сая тн арьс шир экспортолсон. Тэгвэл бид зөвхөн 1975-1990 оны хооронд тухайн үеийн Орос дахь бөөний үнээр тооцоход 6,9 тэрбум рублийн үнэ хүрэх мах, түүхий эдээ 1,9 тэрбум рублиэр борлуулж байжээ. Түүнчлэн Монгол Улс ЗХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн хараат байсан, 30 гаруй мянган хүнээ хэлмэгдүүлсэн хар түүхийг дахин сөхөхгүй байх гэсэн амлалт, өчгийг манай удирдлагуудаас авч байж "Их өрийг цайруулсан" гэдэг нь ч үнэний ортой юм.
ОХУ-д төлөх “Их өр” 2003 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр дууссан. Тухайн үед Ерөнхийлөгч В.И.Путинтай гэрээнд гарын үсэг зурахдаа 98 хувийг хөнгөлөх буюу “Өрийг тэглэе” гэж тохиролцсон юм. Хоёр хувийг нь бэлнээр төлөхөөр болсон. "Их өрийг тэглэх" асуудлаар монголын том баг ажилласан юм. Энэ тохиролцооны хүрээнд Эрдэнэт, “Монголросцветмет”-ийн асуудал яригдаж “Монголросцветмет”- ийн 51 хувь, Эрдэнэтийн 51 хувь нь Монголын талдаа байх шийдвэр гарсан байдаг.
Монгол Улсын эдийн засагт ямар ч дарамтгүйгээр Их өрийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, Монголын маань эдийн засгийн чадавхид нь тохируулаад энэ зээлийг барагдуулсан.
Их өрийн бүтэц
засварлахМонгол Улсын хувьд 1991 оныг хүртэл зээл, тусламжийг зөвхөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд тэр дундаа ЗХУ-аас авч байлаа. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн 96 хувь, буцалтгүй тусламжийн 80 хувийг хойд хөрш бүрдүүлдэг байжээ.
Манай Санхүү эдийн засгийн яамны дэргэдэх өрийн удирдлагын 2001 оны тайланд “Их өр 10.433.180 сая шилжих рубль болоод байгаагаас 9.718.730 сая нь үндсэн өрийн, үлдсэн нь хүүгийн төлбөр болно” гэсэн байдаг. Харин “Зууны мэдээ” сонинд /2004-01-03/ 1947-1990 оны хооронд 324 удаагийн хэлэлцээрээр авсан зээлүүд нь “Их өр”-ийг бий болгосон гэжээ.”Их өр”-ийн асуудлаар хоёр орны ажлын хэсэг 1988 онд байгуулагдан ажиллаж байжээ. 1994 онд хоёр улсын ажлын хэсэг нийт зээлийн 5 гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон бөгөөд үндсэн өрийн дүн нь 9572,2 сая шилжих рубль болсон байв.
Үүнд:
1. Гадаад худалдааны тэнцэтгэлд зориулсан зээл-3181,5 сая рубль, 1,5 хувийн жилийн хүүтэй.
2. Техникийн хамтын ажиллагааны /хаа-д болон үйлдвэрлэлийн бүтээн босголт, геологийн хайгуул болон төслийн ажилд зориулагдсан/ 5848,8 сая рубль 1.8 хувийн жилийн хүүтэй
3. “Улаанбаатар төмөр зам” хамтарсан үйлдвэрийн газар 156,9 сая рубль 1,6 хувийн жилийн хүүтэй
4. “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрт 260,4 сая рубль 2 хувийн жилийн хүүтэй
5. “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрийн газар 124,6 сая рубль, 1,9 хувийн жилийн хүүтэй байжээ.
Их өрийг шийдвэрлэхэд оролцсон хүмүүс:
засварлах- Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
- Сангийн сайд Чүлтэмийн Улаан
- Москва дахь Элчин сайд Санжийн Баяр
- УИХ-ын дарга Нацагийн Багабанди
- Нийслэлийн Засаг дарга Миегомбын Энхболд
- Гадаад хэргийн дэд сайд Сүхбаатарын Батболд
- Ерөнхий сайд асан П.Жасрай, Д.Бямбадорж
- Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын ажилтнууд
- Сангийн яамны ажилтнууд зэрэг олон хүн оролцсон ажээ.