Монгол Улсын Үндэсний номын сан

Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.

Монгол Улсын Үндэсний номын сан

Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин монгол судлаач Сергей Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны чухал баримт бичиг болох хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: “Олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ.

       1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагааны стратеги:

Үндэсний номын сангийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа -2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, Үндэсний номын сангийн үндсэн зорилт, чиг үүрэг болох үндэсний өв, соёлыг бүрдүүлэх, хадгалж, хамгаалах, сурталчлах, ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, бусад номын санг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, нийгмийг хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Алсын хараа:

Мэдлэгт суурилсан нийгэм хөгжүүлэхэд сан хөмрөг, үйлчилгээгээрээ гол хувь нэмэр оруулагч, манлайлагч байна.

Үйл ажиллагааны эрхэм зорилго:

Соёлын өв, оюуны бүтээлийг цуглуулан баяжуулж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, хэрэглэгч төвтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, цахим номын сангийн жишиг үйлчилгээ нэвтрүүлэх.

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

Номын сан нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

1. Үндэсний соёлын өв, оюуны сан хөмрөг – Сан хөмрөгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулан, хэвлэмэл болон цахим хувилбараар үндэсний соёлын өвүүдийг цуглуулах, сурталчлан таниулах, Монгол судлалын болон шинжлэх ухааны бусад өргөн хүрээний сэдвийн гадаад номоор сан хөмрөгөө арвижуулж, түгээн дэлгэрүүлэх.

2. Хэрэглэгч төвтэй үйлчилгээ -Үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран уншигч үйлчлүүлэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн номын сангийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангаж, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлэх.

3. Хамтын ажиллагаа, түншлэл– Номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүстэй харилцан ашигтай хамтран ажиллах.

4. Цахим үйлчилгээ – Цахим номын сангийн дэд бүтцийг бий болгож, олон улсын жишиг туршлагуудыг нэвтрүүлэн, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй монголын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд үйлчлэх.

5. Чадварлаг хүний нөөц – Мэдээллийн зах хязгааргүй орон зайд үнэн зөв, чанартай мэдлэг мэдээллээр хэрэглэгчдэдээ үйлчлэх, чиглүүлэх мэдлэг чадвар бүхий хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх. Үндэсний номын сан нь хууль тогтоомжид заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1. Хэвлэлийн бүтээгдэхүүний үндэсний сан хөмрөг бүрдүүлэх зорилгоор баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах;

2.2. Эртний болон орчин үеийн ном хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийн бусад эх сурвалжийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, сэргээн засварлах, хадгалах, хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах;

2.2.3. Номын сан, ном зүй, ном судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан хийхийн зэрэгцээ бусдаар захиалан гүйцэтгүүлэх;

2.2.4. Үндэсний ном зүй болон улсын нэгдсэн каталогийн мэдээллийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх;

2.2.5. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах ном, судрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж хамгаалах;

2.2.6. Бусад номын санг харьяалал харгалзахгүй Монгол улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.2.7. Номын сангийн үйлчилгээ эрхлэх, уншлагыг дэмжих олон талт ажил зохион байгуулах;

2.2.8. Салбарын болон байгууллагын хүний нөөцийг чадвахижуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, материал боловсруулах, ном, товхимол гаргах;

2.2.9. Байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар ижил, төстэй гадаад, дотоодын байгууллагатай хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, гадаад, дотоодын номын сан хоорондын ном солилцоог өргөжүүлэх;

2.2.10. Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг бий болгох;

2.2.11. Номын сангийн сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2.2.12. Номын сангийн бичиг баримтын бүрдүүлэлт, архивын нэгжийг Архивын тухай хууль, “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг” MNS 5140-1:2011, MNS 5140-2:2011, стандарт, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг тус тус мөрдөн бүрдүүлж, архивд шилжүүлэх;

2.2.13. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа хэвлэлийн бүтээгдэхүүнийг анхан шатны бүртгэл, хөрөнгийн бүртгэлд тусгах, номын тооллого хийх ажлыг зохион байгуулах.

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан 09.00-20.00

Бямба, ням 09.00-17.00