Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг

Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг буюу Радиогийн Алтан фонд- Ардын дуу хөгжмөөс эхлээд орчин цагийн манай урлагийн нэрт мастеруудын туурвисан дуу хөгжмийн шилдэг бүтээлүүдийг соронзон хальснаа буулган хадгалж ирсэн баримтын сан хөмрөг юм.

1954 онд Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг үндэслэгджээ. “Радиогийн дуу хөгжмийн фонд”-ыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактор хөгжмийн нэрт зохиолч Сэмбийн Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ. Фондын анхны эрхлэгчээр радиогийн ууган нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа томилогдон ажиллаж байжээ.

Манай радио сонсогчдын сайн танил В.Шекспир, Гёте, М.Горький, Гоголь, А.Чехов түүнчлэн манай шинэ үеийн ууган зохиолч Д.Нацагдоржийн алдарт зохиолууд, жүжгийн нэрт зохиолч Д.Намдаг, Л.Ванган, Ч.Ойдов нарын жүжгүүд, энэ санд хадгалагдаж байна. Мөн ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, улс ба хөдөлмөрийн баатрууд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, соёл урлаг, ардын боловсрол, шинжлэх ухааны алдарт хүмүүсийн яриа дуртгалууд энд амьдаараа мөнхжин үлджээ.

1930-аад оны үед Москвад хийлгэсэн манай урлаг, соёлын алдартнуудын пянзны бичлэг байна. МУАЖ М.Дугаржав, Д.Ичинхорлоо нарын дуулснаас эхлээд л“Баян Монгол”, “Идэр жинчин” гэдэг ч юм уу, олон зуун дээр үеийн дуу бий. Бүгдийг нь тэр үеийн дуу хөгжмийн технологиос салгаж аваад хадгалчихсан байгаа. Монголын радиогийн “Алтан сан”-гийн бүтээлүүд он тооллын хувьд 1920-иод эхнээс эхтэй ч албан ёсоор сан болгож архивласан нь 1950-аад оны дунд үе юм.

Монголын радиогийн “Алтан сан” хөмрөг тнийтдээ 4000 нэгж, 160 гаруй мянган минутын материал бий. Үүн дотор асар олон төрлийн “юм” бий. Монгол дуурь, жүжиг, дэлхийн сонгомол жүжиг, кино, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гээд. Нэр заавал, “Соёлч радио сонин” гэж нэвтрүүлэг 1000 дугаар явсан байгаа юм. Үүний 100, 200, 300..., 1000 гээд бүх тэгш тоотой дугаар хадгалагдаж байна.

Хамгийн сонирхолтой нь маш олон түүхэн хүмүүсийн яриа, дурсамж, дурдатгал хадгалагдаж байгаа. 1921 онд хувьсгал хийсэн АХ-ын партизануудын яриа л гэхэд нэр бүхий олон тооны хүн оролцсон нь бий. Анхны долоогийн нэг Их жанжин Д.Сүхбаатарын хүү Галсангийн яриа дурдатгал, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын төв хорооны дарга Ю.Цэдэнбалын яриа болоод Монголын түүхийн онцгой, тэмдэглэлт үйл явдлын гэрч болсон бүх яриа бичлэг байдаг байна.

Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын Их хурлаас эхлээд, Үндэсний их баяр наадам, Монгол хүн сансарт ниссэн, Олимпоос медаль хүртсэн, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл явдал, түүнд лидерүүдийн хэлсэн үг гээд асар их үнэ цэнэтэй бичлэг, баримтууд байна.

“Алтан сан”-гийн бичлэгүүдийг аналоги системээс тоон систем рүү хөрвүүлэх ажил хийгдэж байна.

2008 оноос хойш радиогийн “Алтан сан” хөмрөгийг бодлогоор баяжуулж байна. Түүх, угсаатны зүй, биет бус өв соёл, шинжлэх ухааны нэвтрүүлэг зэрэг сэдвийн хувьд өргөн хүрээтэй болгосон байна.

“Алтан сан” хөмрөг бол монголчуудын бас нэг бахархал бөгөөд Монгол Улсын түүхийн тодорхой хэсэг радиод оршин байгаа гэсэн үг юм.