Монголын нийтлэл (ном)

Монголын нийтлэл (УБ. 2004. 2005. 29 х.х., 27 хх. I, II боть). 1920-иод он хүртэлх монголын нийтлэлийн түүх, уламжлал, шинэчлэлийн асуудлыг дагнан судалсан томоохон хэмжээний нэг сэдэвт зохиол юм.

Доктор Л.Норовсүрэнгийн бичсэн энэхүү цуврал бүтээлийн I боть нь “Монголын нийтлэлийн өв уламжлал”, “Монголын нийтлэлийн үүсэл, хөгжил”, “Тогтмол хэвлэлийн өмнөх үеийн нийтлэлийн асуудлууд”, “Монголын ууган тогтмол хэвлэлүүдийн нийтлэл” хэмээх үндсэн 4 бүлэг, 13 хэсэгтэй .

Зохиогч уг бүтээлдээ Монголын нийтлэлийн өв уламжлал, үүсэл хөгжил, тогтмол хэвлэлийн өмнөх үеийн нийтлэлийн асуудлууд, ууган тогтмол хэвлэлүүдийн нийтлэлүүдийг өргөн хүрээнд авч үзэн дүн шинжилгээ хийж, манай ард түмний нийтлэлийн баялаг уламжлал нь соёл түүхийн чухал эх сурвалж болоод зогсохгүй сэтгүүл зүйн туурвилд үнэтэй туршлага, сургамж болсныг өгүүлсэн байна. Мөн мэдээ занги солилцох анхны хэлбэрүүд, аман зохиол дахь нийтлэлийн өв, аман нийтлэлийн уламжлал, хуучны уран зохиол дахь нийтлэлийн шинж, монголын хуучин нийтлэлүүдийн дурсгалууд, XVII-XVIII зууны үеийн эрдэмтдийн бүтээл дэх нийтлэлийн зүйлс, XIX зууны үеийн нийтлэлчид, тэдгээрийн бүтээлийн тойм, үг зохиол нийтлэлд холбогдох шалтгаан, заргын бичиг захидлын нийтлэлийн шинж, ном тогтмол хэвлэлийн залгамж чанар, тогтмол хэвлэл үүсгэх анхны оролдлогууд, “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонинуудын нийтлэлийг онцгойлон авч үзэн монголын нийтлэлийн түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэжээ. Монголын нийтлэлийн түүхэнд холбогдох бүтээлүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг судалгааны эргэлтэнд оруулах, улмаар сэтгүүл зүйн сургалтын хэрэглэгдэхүүний агуулгыг гүнзгийрүүлж, хүрээг тэлэх зорилгоор бичигдсэн ажээ.

Бүтээлийн ололт

засварлах

Судалгааны бүтээлийн нэг гол ололт нь XIX зууны үеийн нийтлэлчид болох В.Инжиннаши, З.Агваанбалдан, Л.Агваанхайдав, Д.Данзанравжаа, Б.Тогтохтөр, Ү Жамбал Чойжданзанпэрэнлэй нарын нийтлэлийн бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, агуулга, ур чадварын онцлогийг дэлгэн харуулсан явдал юм. Энэ бүтээл бол 1920 он хүртэлх Монголын нийтлэлийг тал бүрээс нь судалж, нэг сэдэвт зохиолын төвшинд бичигдсэн анхны томоохон судалгааны ажил төдийгүй урьд өмнө олны сонорт хүрч байгаагүй олон баримт мэдээллийг судалгааны эргэлтэнд оруулснаар Монголын сэтгүүл зүйн түүхийн судлалд томоохон хувь нэмэр оруулсан байна. Энэ бүтээлийн II боть нь “Монголын дэвшилт ардчилсан сэтгүүлчдийн нийтлэл”, “Монголын хувьсгалт нийтлэл үүссэн нь”, “Хорь, гучаад оны нийтлэлийн гол төлөөлөгчид”, “Монголын хувьсгалт нийтлэл өрнөн хөгжсөн нь”, ”Дөч, тавиад оны нийтлэл, гол төлөөлөгчид”, “Жар, далаад оны нийтлэл, гол төлөөлөгчид” гэсэн үндсэн 6 бүлэгтэй, 31 дэд хэсэгтэй бөгөөд Ж.Цэвээн, Д.Бадрахбаатар, Д.Бодоо, Б.Дорж, Ц.Дамбадорж, Г.Навааннамжил, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш, Ч.Дашням, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, М.Бизъяа, С.Дашдэндэв, М. Чимид, Д.Сэнгээ, М.Чойжил, Н.Иштайвхай, Г.Дэлэг, Л.Түдэв, А.Чойжилжав зэрэг үе үеийн шилдэг сэтгүүлч, нийтлэлчдийн нийтлэлийн онцлог, ур чадварт дүн шинжилгээ хийжээ. Мөн хувьсгалт нийтлэл, ухуулах хуудасны нийтлэл, “Монголын үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Монголын ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь” зэрэг сонин, сэтгүүлүүдийн нийтлэлийн сэдэв, төрөл зүйл, ур чадварын онцлогийг тодорхой жишээ баримтад тулгуурлан гаргасан байна.

Редакторууд

засварлах

Уг номыг академич Х.Сампилдэндэв, доктор Ч.Чойсамба нар редакторлажээ.