Марко Антонио Рубио (англи. Marco Antonio Rubio; 1971 оны 5-р сарын 28-нд АНУ-ын Флорида мужийн Майами хотод төрсөн) — америкийн улс төрч, хуульч, АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн. 2011 оноос Флорида мужаас сонгогдсон АНУ-ын Сенатын гишүүн. 2019 оноос Сенатын Жижиг бизнесийн Хорооны дарга.

Марко Рубио

АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилох тухай 2024 оны 11-р сарын 13-нд батлан мэдэгдсэн байна.

Марко Антонтио Рубио АНУ-ын Флорида мужийн Майами хотод төрсөн юм. Түүний эцэг Марио Рубио Рэйна, эх Ориалес Рубио (төрсөн овог нь-Гарсиа) нар 1956 онд Кубаас цагаачилж ирсэн бөгөөд Марког1971 онд төрөхөд эцэг эх нь иргэншил аваагүй байсан бөгөөд сүүлд 1975 онд Америкийн иргэн болжээ.

Рубио бага насаа Невада мужийн Лас-Вегас хотод өнгөрөөсөн ч 1980-аад онд тэдний гэр бүл нь Флорида руу буцаж нүүж иржээ. Марко Өмнөд Майами ахлах сургуулийн америк хөлбөмбөгийн багийн од болсон. Тэрээр 1989 онд төгсөж, Таркио коллежид (Миссури) хөлбөмбөгийн тэтгэлэг авч, тэнд нэг жил суралцаад Флоридагийн их сургуульд шилжэн оржээ.

1993 онд Марко Рубио Флоридагийн их сургуульд (англи. University of Florida) бакалаврын зэрэг хамгаалж, Майамигийн их сургуульд элсэн орж, 1996 онд хуульч мэргэжлээр төгссөн байна.

1999 онд Флорида мужийн Төлөөлөгчдийн танимд сонгогдсон бөгөөд 2003-2006 онд тэрээр танхимын олонхийн удирдагч, 2006-2008 онд спикер болж байсан. 2008 оноос тэрээр Флоридагийн олон улсын их сургуульд (англи. Florida International University, FIU) багшилсан байна. 2010 онд тэрээр АНУ-ын Сенатын сонгуульд ялалт байгуулж, 2011 оны 1-р сарын 3-наас хойш Флорида мужаас Сенатчаар ажиллаж байна.

2014 оны 3-р сарын 19-нд Рубио Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан. Боломжит арга хэмжээний дотроос тэрээр Ерөнхийлөгч Путин болон түүний ойрын бизнес, улс төрийн хүрээнийхний эсрэг визний болон санхүүгийн хориг, мөн Орост бүхэлд нь эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхийг шаардаж байжээ.

2015 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх болно гэдгээ мэдэгдсэн. 2016 оны 1-р сарын 31-нд Айова мужид анхны Бүгд найрамдах намын доторх сонгуулийн санал хураалт болж, Рубио намаас нэр дэвшсэн өрсөлдөгчдийн дунд Доналд Трамп (24%), Тед Круз (28%) нарын ард 3-р байрт орсон байна. Тэрээр 2016 оны 3-р сард төрөлх Флорида мужид болсон урьдчилсан сонгуульд ялагдсаныхаа дараа нэрээ татсан юм.

Үзэл бодол

засварлах

Тэрээр Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгахын тулд Трампын засаг захиргаанд шахалт үзүүлэхэд тусалж байсан. Венесуэлийн засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхийг дэмжихийг санал болгож байсан.

2018 оны 12-р сарын 20-нд тэрээр АНУ-ын цэргийг Сири улсаас гаргах тухай Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг буруушааж, энэ нь Туркийн цэргүүд Курдуудыг хоморголон устгахад хүргэнэ гэж мэдэгдээд, Сирид Ираны нөлөө нэмэгдэнэ гэж таамаглаж, энэ нь эцэсдээ Сири улстай Израил зэвсэгт мөргөлдөөнд хүргэнэ гэж урьдчилан харж чадаж байсан юм.

Санаачилга

засварлах

Тэрээр 2017 оны 2-р сарын 27-нд АНУ-ын Конгресст ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг Вашингтон хот дахь “Висконсины өргөн чөлөө” гудамжийг “Борис Немцов плаза” болгон өөрчлөх тухай хуулийн төслийг өргөн барьж байсан;

2022 оны 7-р сард тэрээр сенатор Скотт, Крамер нартай хамтран Оросоос Хятад руу шатахуун тээвэрлэж буй усан онгоц даатгагчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьсан байна.

Марко Рубио 1998 онд Жанет Дусдебестэй гэрлэсэн бөгөөд тэд 4 хүүхэдтэй.