МУИС-ийн Номын сан
МУИС-ийн Номын сан -1942 онд Монгол Улсын Их Сургуулийн дэргэд байгуулагдсан номын сан.
Эрхэм зорилго нь- Байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ явуулахад шаардлагатай бүтээлээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах чанартай фондтой, уншигчдын бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологи бүхий мэдээллийн төв байхад оршино.
МУИС-ийн сургалт судалгааны түшиц газар болсон номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчин бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлж байна. Өмнө нь шалгалтын үеэр 24 цагаар оюутнууддаа үйлчилгээ үзүүлж байсан. Номын сан зургаан давхар. Номын сангийн I-IV давхрын баруун жигүүрт уншлагын танхимууд, зүүн жигүүрт хичээлийн танхим бий. Харин V, VI давхрыг лабораторийн зориулалтаар барьсан. Шинэ номын сан маань шинжлэх ухаан болон бусад онцлогуудаараа ялгарсан 6 уншлагын танхимтай, гэрээр ном олгох хэсэг болон бүлгээр ажиллах өрөөнүүдтэй, 700-аад хүний багтаамжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ийнхүү ажлын өдөрт нэг танхимыг 24 цагаар ажиллуулах шийдвэр гаргасан. Цахилгаан, боловсон хүчний цалин гээд олон хүчин зүйлээс шалтгаалах тул нэг танхимыг 24 цагаар ажиллуулж байна.
Хэвлэмэл 400 мянга орчим ном сурах бичигтэй. 700 хүний суудалтай уншлагын танхимтай.
Түүх
засварлах1942 онд Их сургууль хуучин холбооны техникумын байшинд 1 давхрын жижиг өрөөнд 100 гаруй номоо цуглуулж эхэлсэн нь МУИС-ийн номын сангийн үндэс суурь тавигджээ.
1962 онд МУИС-ийн хичээлийн II байр ашиглалтанд орж, 300 хүний суудалтай уншлагын танхим, 200 000 боть номын багтаамж бүхий номын сантай болсноор улсын хэмжээнд хоёрдугаар зэргийн номын сан болжээ.
1981-1986 онд Номын сангийн хуучин аравтын ангилалын системээс “Номын сан номзүйн ангилал”-ын системд шилжин бүх каталогийн карт, номыг дахин ангилан шинэчлэх ажил зохион байгуулагдсан.
1994 онд “International Book Bank”-нд хүсэлт гаргаснаар 18000 ширхэг англи хэл дээрх ном хүлээн авч гадаад номын фонд байгуулагдсан.
1998 онд Номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор БНСУ-аас номын хөдөлгөөнт тавиур захиалан худалдан авч нийт номын сангийн фондонд 200 мянган номыг байрлуулсан.
2001 онд Интернэт уншлагын танхим шинээр нээгдэж Номын сангийн автоматжуулалтын Lib4U програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2010 онд Олон улсын номын сангийн автоматжуулалтын систем болох Коха програм хангамжийг нэвтрүүлсэн.
2014 онд “МУИС-ийн номын сангийн журам”-ийг баталлаа. Байгалийн ухааны уншлагын танхим, гадаад ном, тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ.
2015 онд МУИС-ийн ОУХНУС-ийн номын сан, нийгмийн ухааны уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ. Үүнтэй уялдуулан гэрээр ном олгох фондыг шинээр бий болголоо. МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын сан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн нэрэмжит боллоо. Номын сангийн Коха программыг шинэчлэх, сайжруулах төсөл хэрэгжүүлж МУИС-ийн удирдлагын Сиси системтэй холбогдож оюутны үнэмлэхээр үйлчилгээ авах боломжтой болгов.
2017 оны 10-р сарын 5-ны өдөр МУИС-ийн номын сангийн шинэ байр ашиглалтанд орж, нээлтээ хийв. “МУИС-ийн номын сангийн журам”-ийг шинэчлэн батлав. “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-1" бүтээлийг хэвлэн гаргасан байна.