Лхагвын Дэмидбаатар

Лхагвын Дэмидбаатар (1966 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн -2021 оны 6-р сарын 8-нд нас барсан ) Монгол Улсын гавьяат жүжигчин.

Лхагвын Дэмидбаатар
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1966 оны 11 сарын 22
Нас барсан өдөрJune 8, 2021(2021-06-08) (54 насалсан)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлтайз (жүжиг, хошин үзэгдэл),
дэлгэц (УСК, ОАК)
Танил үе1990-ээд он — 2021 он
ТеатрУлсын драмын эрдмийн театр
Хоч нэр"Хамар" Дэмдээ
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
Монгол улсын гавьяат жүжигчин

Тэрбээр 1989-1992 онд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн кино-драмын ангийг найруулагч, багш Г.Доржсамбуу, УГЖ Л.Лхасүрэн нарын, 2002-2005 онд СУИС-ийн магистрантурт доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн удирдлагад суралцаж төгсжээ. 

Жүжигчин Л.Дэмидбаатар нь 1992-2002 онд Улсын драмын академик театрт, 2004-2006 онд “Гэрэгэ интернэшнл” хамтлагт, 2007-2020 онд Улсын драмын эрдмийн театрт тус тус жүжигчнээр ажиллажээ.

1990 онд УГЖ Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 27 жилийн дотор У.Шекспир “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло” жүжгийн Яго, “Ромео Джулетта” жүжгийн Тибальт, К.Гольдони “Буудлын эзэн авхай” жүжгийн Тайж, Ж.Б.Мольер “Дон Жуан” жүжгийн Дон Жуан, Н.В.Гоголь “Амьгүй албат” жүжгийн Чичиков, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Гренгуар, Р.Тагур “Цусан тахилга” жүжгийн өвгөн Рахура, Ч. Ойдов “Далан худалч” жүжгийн Далай, С.Жаргалсайхан “Хаан түүх I, II, III” туульсын 3 ангит жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг урлан бүтээсэн. Л.Дэмидбаатар нь Улсын драмын эрдмийн театрын “Туйлшрал” 1991-2001 он хошин хөтөлбөр, хошин урлагийн театрт “Батзаяа ба түүний нөхөд”, “Өнгөт инээд” хамтлаг, “Х түц” продакшн зэрэг мэргэжлийн театр, продакшнуудыг хөгжихөд өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараа дайчлан ажиллаж, Монголын хошин урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Тэрбээр хошин урлагийн театрын тайзнаа бүтээсэн “Хортой алим ба хадам ээж 1”, “Хадам ээж 2”, “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг уран сайхны номеруудад шилдэг дүрүүдийг бүтээж эмгэнэл, инээдэм, гашуун элэглэл зэргийг иж бүрэн хослуулан урлаж чадсан 200 гаруй хошин дүрүүдийг бүтээсэн хошин урлагийн нэртэй мастер, авьяаслаг жүжигчин байсан. Л.Дэмидбаатар нь Монголын телевизийн анхны олон ангит бүтээл “Эзэнгүй айл” киноны Саруул, найруулагч Х.Дамдины “Эр хүн” киноны Цэгмид, Д.Сосорбарамын “Гэнэн гурав” киноны Шоохууз, Ж.Биндэрийн “Далдхан хайр” киноны Гооёо, Х.Дамдины “Түгшүүрт шөнө” киноны Ахмад Төгсөө, Х.Уртнасаны “Бурхны ерөөлөөр” киноны Лам Цэрэндорж, “Боловсрол суваг” телевизийн “Гурван найз” киноны Баасан ах, МҮОНРТ-ийн “Саятан болох дамжаа” киноны Явуу, “Босго тотго” киноны Паргиа Гавж лам, Л.Эрдэнэбулганы “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Нялх Сэнгүм зэрэг 30 гаруй дүрийг амжилттай бүтээсэн дэлгэцийн урлагийн чадварлаг уран бүтээлч билээ. Л.Дэмидбаатар нь соёл урлагийн боловсролын салбарт хүчин зүтгэж, 2005-2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд, 2018 оноос СИТИ их сургуульд багшилж, олон арван дипломын ажлуудыг удирдан В.И.Жамъяакийн “Ноён Амелькар”, Д.Батбаярын “Гэгээ”, А.Вампиловын “Чулимскд болсон явдал”, Н.Ганхуягийн “Удган модны домог” зэрэг жүжгийг найруулан тавьж төв, орон нутгийн театрууд, хамтлаг продакшн, кино телевизийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид, шавь нарыг бэлтгэхэд мэдлэг боловсрол, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан.

Л.Дэмидбаатар 2021 оны 6 сарын 8-нд таалал төгсчээ.

Уран бүтээл

засварлах
Гэнэтийн зочид МОАК 2021
Онцгой эрх МУСК 2020
Бэрүүд МОАК 2020
3 найз 2: Эргэж ирсэн нь МУСК 2017
Царайлаг өдрүүд МУСК 2017
Явуулын хүн МУСК 2017
Намайг хайрла МУСК 2016
Өнөр бүл, өнөө цагт МУСК 2016
Эхнэрийн эзгүйд МУСК 2016
3 найз: Яасан байх нь вэ? МУСК 2015
Учрал МУСК 2015
Зэрлэг цэцэгсийн хүлэмж МУСК 2013
Тнгри МУСК 2012
Болсон явдал МУСК 2011
Сарны гөлөг МУСК 2013

Цол, шан

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. montsame.mn