Луиш Филипе
Португалын угсаа залгамжлах хунтайж, Брагансагийн херцог Д. Луиш Филипе (1887 оны 3 сарын 21 – 1908 оны 2 сарын 1) нь Португалын хан I Карлушийн том хүү, угсаа залгамжлах хунтайж байв. Тэрбээр 1887 онд аавыгаа угсаа залгамжлах хунтайж байх ахуйд төрж, Бейрагийн хунтайж, Барселосын гүн цолтой болов. Өвөг эцэг I Луиш нас барсны дараа Португалын угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөгдөж, Брагансагийн херцог, Вила Висозагийн маркиз, Барселосын гүн, Оуремын гүн, Аррайолосын гүн, Нейвагийн гүн цолтой болжээ.
Луиш Филипе | |
---|---|
Португалын хунтайж, Брагансагийн херцог | |
Төрсөн огноо | 1887 оны 3 сарын 21 |
Төрсөн газар | Португал ба Алгарвесын хант улс, Лиссабон, Белес ордон |
Өнгөрсөн огноо | 1 February 1908 | (20 насалсан)
Өнгөрсөн газар | Португалын хант улс, Лиссабон (алагдсан) |
Эцэг | I Карлуш |
Эх | Орлеаны Амели |
Шүтлэг | Ромын католик |
1907 онд хангийн гэр бүлийнхнээс анх удаа Африк дахь Португалын колониудаар албан ёсны айлчлал хийсэн байна.
Луиш Филипе Африкийн дайны баатар Моузиньо де Альбукеркийн шавь байсан бөгөөд цэргийн эрдмээс гадна урлагт сонирхолтой байжээ. Түүнийг өөрийнх нь үеэл болох, Их Британийн хатан хаан Викториагийн ач охин, Коннаутын гүнж Патрисиатай гэрлүүлэхээр хэлэлцэж байсан гэдэг.
Аллага
засварлах1908 оны 2 сарын 1-нд Луиш Филипе болон хангийн гэр бүлийнхэн Вила Висоза ордноос Лиссабон руу буцаж ирэв. Тэр үед Карбонариа гэх хувьсгалт нийгэмлэгийн гишүүд болох Альфредо Луиш да Кошта, Мануэл Буйса нар хангийн гэр бүлийнхэн рүү гал нээж, аав I Карлуш хан, Луиш Филипе, дүү Мануэл нарыг оножээ. Хан тэр дороо нас барсан бол Луиш Филипе 20 минутын дараа амьсгал хураав. Мануэл гартаа буудуулсан ч амьд үлдсэн бөгөөд хатан суманд өртөөгүй аж. Зарим хүмүүс угсаа залгамжлал автоматаар шилждэг тул Луиш Филипе 20 минут Португалын хан байсан гэж үздэг.
Уг хэргийн дараа дүү Мануэл нь II Мануэл гэсэн нэрээр хан ширээг залгамжилсан ч 2 жилийн дараа буюу 1910 оны 10 сарын 5-нд цэргийн эргэлтээр хан ширээгээ алдаж, Португалын нэгдүгээр бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй билээ.