Лувсанцэрэнгийн Аюуш (хийлч)
Лувсанцэрэнгийн Аюуш (* 1929 оны нэгдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд; † 1999 онд) Монгол улсын гавьяат жүжигчин, хийлч[1].
Намтар
засварлахАюуш 1929 оны нэгдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Шар ус хэмээх газар мэндэлсэн. Улмаар 1940-1944 онд Орхонтуул сумын бага сургууль, 1944-1948 онд Улаанбаатар хотод Уран сайхны сургуульд суралцаж төгсчээ. 1948 оноос Улсын хөгжимт драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр тасралтгүй 43 жил ажиллаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм.
Уран бүтээл
засварлахГавъяат жүжигчин, хийлч Л.Аюуш ажиллах хугацаандаа тус театрын тайзнаа тоглогдсон үндэсний ба дэлхийн сонгодог 36 дуурь, 33 бүжгэн жүжигт оролцсоны зэрэгцээ Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, Ж.Чулууны “Уран хас”, Б.Асафьевийн “Бахчисрайн оргилолт булаг”, Н.Римский Корсаковын “Шехеразада”, П.И.Чайковскийн “Хунт нуур” зэрэг 10 гаруй балетийн гоцлолыг амжилттай тоглосон билээ. Түүнээс гадна Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Ж.Чулууны “Вариаци”, Б.Түмэнжаргалын “Бодол”, Ц.Түмэндэмбэрэлийн “Говийн өндөр, Г.Жамьянгийн “Аяз”, Ф.Мендельсоны “Концерт”, И.Брамсын “Венгер бүжиг” зэрэг хийл хөгжимд зориулсан 10 гаруй гоцлолыг тайзнаа амжилттай тоглохын зэрэгцээ радиогийн алтан сан хөмрөгт бичүүлсэн.
Хийлч Л.Аюуш 1951 онд Германы Берлин, 1953 онд Унгарын Бухарест, 1959 онд Австрийн Вена хотод болсон Дэлхийн залуучууд оюутны III, IV, VII их наадмуудад төлөөлөгчөөр оролцож байлаа. Гавъяат жүжигчин, хийлч Л.Аюуш өсвөрийн хийлчдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн авъяас чадвараа зориулан 1993-1999 онд Монголын хүүхдийн ордонд хөгжмийн багшаар ажиллахдаа 30 гаруй хүүхдэд хийл хөгжим тоглохыг зааж сургасан байна.
Шагнал
засварлахЛ.Аюушийн сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1976 онд Алтан гадас одон, 1981 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор тус тус шагнасан. 2009 оноос эхлэн Л.Аюуш агсны үр хүүхдүүд Монголын Хүүхдийн Ордонтой хамтран түүний нэрэмжит уралдааныг хийл хөгжим сонирхон хичээллэгч хүүхэд багачуудын дунд хоёр жил тутамд зохион байгуулж байна.