Лувсанвандангийн Маналжав

Лувсанвандангийн Маналжав (1938 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо төржээ). Монгол улсын хятад судлаач, багш, доктор, профессор. Монголын алдарт Академич Бэсүд овогтой Шадавын Лувсанвандангийн ууган охин юм.

1946 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцаж, 1954 онд наймдугаар ангийн сурагч байхдаа 10-р ангийн төгсөлтийн улсын шалгалт өгч амжилттай тэнцжээ.

1954 онд Л.Маналжав БНХАУ-ын Бээжин Их Сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид хоёр жил сурч, үргэлжлүүлэн Бээжин Их Сургуулийн хятад хэл, утга зохиолын ангид таван жил суралцаж, 1961 онд амжилттай дүүргэсэн байна.

Намайг арван нэг хоёртой байхад л аав маань орос хэл, англи хэл үзүүлж эхэлсэн. Орос номыг надтай хамт уншаад тайлбар хийж өгөөд орхидог. Би түүнийг нь үргэлжлүүлэн толь бичиг эргүүлэн уншиж дуусгадаг байсан. Хувийн журмаар багаасаа аавын найзууд байсан том эрдэмтэн багш нарынхаа гэрт хүрч заалгадаг байлаа. Ингэж хэл сурах сонирхлын дагуу хятад хэлний мэргэжил сонгосон. Мэргэжлээ сонгоход ч аавын нөлөө их байсан. Aав минь Хятад улсыг хөгжсөн хүчирхэг орон болно, бас эртний соёлтой гэж харж байсан

хэмээн Л.Маналжав гуай хэрхэн хятад хэл сурч судалж эхэлсэн тухайгаа дурссан байдаг.

Судлаач Л.Маналжав Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Монголын нууц товчооны хэлний авиалбарын тогтолцоо" сэдвээр 1973 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалжээ.

1961-1964 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетад хятад хэлний багшаар хөдөлмөрийн их гараагаа эхлүүлжээ.

1965 оноос ШУА-д шилжин 1972 оныг хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.

1972-1990 онд Гадаад харилцааны салбарт хятадын асуудал эрхэлсэн мэргэжилтэн,

1991-1993 онд Гадаад хэлний дээд сургуулийн захирал,

1993-1996 онд "Шинжээч 21" дээд сургууль, Монгол мэдлэгийн их сургуулийн салбарын эрхлэгч, дэд захирал,

1996-1998 онд Монголын их дээд сургуулиудын консорциумын гүйцэтгэх нарийн бичгийн дарга,

1998-2003 онд МУБИС-ийн Дорно дахины судлалын тэнхимийн эрхлэгч,

2003-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл соёлын сургуулийн Азийн хэл, соёлын тэнхимийн эрхлэгч, Ази, Номхон далайн бүс судлалын төвийн эрхлэгч, багшаар,

2002 онд Тайванийн Жэньжи их сургуульд монгол хэл, эх бичиг судлал,

2006 онд Берлийн Чөлөөт их сургуульд дорно дахины судлал,

2012 онд Тайванийн Улсын номын сангийн Хятад судлалын төвд "Монголын нууц товчоо"-ны хятад орчуулгын судлалын чиглэлээр уригдан лекц уншиж, эрдэм шинжилгээний ажил хийж байсан байна.

Эрдмийн ажил

засварлах

"Монголын нууц товчоо"-ны хэлний судлалаар түүний хамгийн анх бичиж туурвисан эрдэм шинжилгээний чамбай өгүүлэл бол 1968 онд хэвлүүлсэн "Монголын нууц товчооны хэлний урт эгшгийн тухай асуудал" хэмээх бүтээл юм."Монголын нууц товчоо"-ны монгол үсгийг галигласан хятад дүрс үсгийн судалгаа.

"Хятад улсаас Ази тивд явуулж байгаа гадаад бодлого", "Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа", "Гадаад хэлийг заахад соёлтой холбож авч үзэх нь", "Монгол- Хятад хэлний толь зохиох арга зүйн асуудал", "Монгол оюутанд хятад хэл заахад авиалбар зүйн онол, практикийн ач холбогдол", "Лао Чида“ (Ногулдай) тэргүүтэн эрдэм шинжилгээний олон илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

1993 онд дэд профессор, 2003 онд профессор цол хүртээсний зэрэгцээ 1999 онд "Боловсролын тэргүүний ажилтан", 2004 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан", 2016 онд академич Б.Ринчений нэрэмжит шагнал олгожээ.