Либертари буюу хэвлэлийн бүрэн эрх чөлөөний онол
Либертари буюу хэвлэлийн бүрэн эрх чөлөөний онол (Либертарианская теория или теория полной свободы печати. Англи хэл: Libertarian theory).
Улс төрийн ардчилал, шашны эрх чөлөө хөгжиж, чөлөөт худалдаа өргөжиж, улс орнуудаар айлчлах боломж нээгдэж, чөлөөт өрсөлдөөний эдийн засагт шилжиж эхэлсэн явдал болон Соён гэгээрлэлтийн үеийн гүн ухааны уур амьсгал авторитаризмын үндсийг таслахад нөлөөлж, хэвлэл мэдээллийн өөр үзэл баримтлалыг шаардаж эхэлжээ.
XVII зууны эцэст үүсч, XVIII зуунд төлөвшиж, XIX зуунд цэцэглэн хөгжсөн энэхүү шинэ онол бол либертари онол юм. Үүнийг заримдаа хэвлэлийн бүрэн эрх чөлөөний онол гэж нэрлэдэг. Анх Англид 1688 оноос хойш үүсч, дараа нь АНУ-д өргөн нэвтэрсэн, дэлхийд хамгийн түгээмэл тархсан үзэл баримтлалын нэг юм. Анх Ж.Мильтон, Ж.Локк, Ж.С.Миллийн бүтээлүүдэд болон рационализм ба байгалийн эрх зүйн философид тусгалаа олсон.
Зорилго
засварлахГол зорилго нь мэдээлэх, зугаацуулах, үнэнийг олоход туслах, төр засгийг хянахад оршино. Дайн байлдааны үед төр, засгийн эсрэг сурталчилгаа явуулах, гүтгэх, доромжлох, ёс зүйгүй, зохимжгүй үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Сэтгүүл зүйн бусад онолоос төр, засгийн газрыг хянах зэвсэг болох, нийгмийн бусад хэрэгцээг хангах онцлог шинжээрээ ялгаатай. Хөрөнгө мөнгөтэй ямар ч хүн ХМХ-ийг эрхлэн гаргахыг зөвшөөрдөг. “Үзэл бодлын чөлөөт зах зээлд” үнэнийг олох боломж болон шүүх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хянадаг. Авторитари байр суурийг баримталдаг ноёрхож буй хүчнүүдтэй хийх тэмцлийн явцад дэвшилт үзэлтнүүд хэвлэлийн бүрэн эрх чөлөөний талаарх өөрсдийн үзэл бодлыг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байв.
Эрх зүйн түүхэн шаардлагуудын нэг бол XVII зууны үед үүссэн хэвлэлийн эрх чөлөөний талаарх лоозон байжээ. Энэ нь XVII зуунд хувьсгалт ардчилсан хүчнүүдийн хэвлэлийн салбарт авторитаризмын үзэл санааг хатуу барьж байсан феодалын хэмжээгүй эрхт хаант засаглалтай тэмцэх явцад дэвшүүлсэн гол шаардлагуудын нэг болсон юм. Ер нь хөрөнгөтний гэгдэж байсан тэр нийгэмд бүр XVII-XVIII зууны үед хэвлэлийн эрх чөлөөг хүндлэн дээдэлж, чөлөөт хэвлэл бол ардчиллыг хөгжүүлэх гол хүчин зүйл мөн гэж үзэж байв. Ардчилсан нийгэмд ямар ч хориг, хязгааргүй, “чөлөөт” хэмээх үгийн жинхэнэ утгаар нь үйлчилдэг чөлөөт хэвлэл ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг тухайн үеийн нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд хатуу баримтлаж, тийм хэвлэлийг бий болгохын төлөө хүчин зүтгэж байсан нь чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
Ардчиллын төлөө цогтой тэмцэгч, Америкийн XVI ерөнхийлөгч Абрахам Линкольн “өөрийнхөө дайсан хүртэл чөлөөт хэвлэлтэй байхын төлөө амь насаа зориулахад бэлэн байна” (178.14) гэж уриалж байсан. Английн яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн Жон Мильтон парламентад хэлсэн үгэндээ: “Боломж бүхий бүх төрлийн үзэл бодлын салхи чөлөөтэй салхилж байг. Үзэл бодлын чөлөөт зах зээл бий болсон үед л үнэн худлыг ялж чадна. Үнэн гэдэг бол хамгаас хүчтэй. Тиймээс хүнд худал хуурмагийн эсрэг чөлөөтэй, ил тод тэмцэх боломж олгох хэрэгтэй. Энэ бол шударга бус явдлын эсрэг тэмцэх хамгийн найдвартай, цорын ганц зөв зам мөн” (165.40) гэжээ.
Францын их хувьсгалын нэрт зүтгэлтэн, улс төрийн удирдагч М.Робеспьер ч энэ байр суурийг баттай баримтлагч байсан бөгөөд “хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол бүх төрлийн үзэл бодлыг чөлөөтэй нийтлэх явдал” (183.7-8) гэдгийг нэг бус удаа цохон тэмдэглэжээ. Тэр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай үг”-эндээ: “Хүн болгонд заяасан эгэл жирийн оюун санаа, сайн мууг ялгах чадвар нь нэг үзэл бодлыг авч хаях, нөгөө үзэл бодлыг сонгож авахад сургадаг. Хүмүүсийн энэхүү оюун ухаан, чадварыг хаан боогдуулж, өөрийнхөө явцуу эрх ашгийг түүнээс дээгүүр тавих нь үнэхээр тэнэг хэрэг” гэсэн нь санамсаргүй зүйл биш ажээ.
Өрнөдийн улс орнуудын түүхэнд чөлөөт сэтгүүл зүйн гүйцэтгэсэн үүрэг, ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр их байсан бөгөөд түүнийг хөгжүүлэхэд ардчилсан үзэлтнүүд чухал нөлөөтэй байсныг дээрх жишээ баримтаас ойлгож болох байна. XIX, XX зууны үед феодалын эсрэг хөдөлгөөн өрнөсөн орнуудад ч хэвлэлийн эрх чөлөөний лоозон дээрхийн адил байв.
1644 онд хэвлэгдсэн Жон Мильтоны хэвлэлийн эрх чөлөөний үзэл санааг хүчтэй хамгаалсан “Ареопагитика” бүтээл нь 1907 онд Орост орчуулагдаж хэвлэгдсэн нь санамсаргүй тохиолдол биш байлаа. Феодализмтай тэмцэгчдийн дэвшүүлсэн хэвлэлийн эрх чөлөөний талаарх лоозон нь үзэл бодлын чөлөөт зах зээлийг шаардаж байв. Тэд феодалын хаант засаглалын хэвлэл чөлөөтэй байгаа нөхцөлд сэтгүүл зүйн бусад бүх “хэсэг, бүлэг” нь тэдний нэгэн адил эрхийг бодитойгоор эдлэх ёстой гэдгийг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, феодалын эсрэг тэмцэгчдийн эдийн засгийн болон нийгэм-уран бүтээлийн хувьд чөлөөтэй байсан сэтгүүл зүй нь нийгмийн дэвшил, түүний эрх ашгийн төлөө дээд зэргээр бүрэн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж олж авахыг шаарддаг байв.
Хууль хяналтын хүчнүүд энэ лоозонгийн утга санааг сайн ойлгож байсан учраас түүнийг хэрэгжүүлэхэд янз бүрийн аргаар эсэргүүцэл үзүүлж, зөвхөн зарим тохиолдолд нийгмийн дэвшилтэт давхаргын шахалтаар хэсэгчилсэн буулт хийдэг байлаа. Лоозонг бүрэн хэрэгжүүлэх боломж зөвхөн тэдний ялалтын дараа л олдсон юм. Тэдний дэвшүүлж байсан хэвлэлийн эрх чөлөөний тухай лоозонгийн агуулга нь нэлээд “цэвэр ариун” байсан бөгөөд бүхнийг хийх туйлын эрх чөлөө, хүнлэг бус, ёс суртахуунгүй юм хийхийг ерөөсөө шаардаагүй байсанд оршино. Лоозонг хамгаалагчид юуны өмнө ноёрхож буй хүчнүүдийн эсрэг өөрсдийн үзэл бодлыг сөргөлдүүлэн тавих боломж олж авсан юм.
Эрх чөлөөний үзэл баримтлалын гол утга нь:
Нэгдүгээрт, үзэл бодлын зах зээлд янз бүрийн санаа бодлыг чөлөөтэй нэвтрүүлэн оруулахын тулд бүх төрлийн санаа бодол, үзэл онолыг чөлөөтэй нийтлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, нийгмийн амьдралд оролцогч, үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчнүүдийг бүрдүүлэгч хүн бүрд “боломж бүхий бүх сургаалын салхи” хүрсэн байх ёстой.
Гуравдугаарт, хэрэв олон түмэн янз бүрийн үзэл бодол, түүний үндэслэлтэй танилцах боломжтой бол олон янзын маргаан, мэтгэлцээн, үнэлэлт дүгнэлтийн тэмцэлд оролцох бөгөөд ийм нөхцөлд үнэн хэзээ ч хүчтэй учраас хүлээн авагч өөрийн эрхгүй үнэн үзэл бодлыг дэмжиж, худал хуурмаг, шударга бус юм ялагдал хүлээх зэрэг болно.
Хэвлэлийн бүрэн эрх чөлөө туйлын буянтай зүйл гэдэгт итгэх итгэл феодалын харгис хүчнүүд ялагдаж ардчилсан хөрөнгөтний нийгмийн тогтолцоо үүссэнээр улам бэхжиж, хүчтэй болсон юм. “Эзэрхэг засгийн хэлтэрхий” доор босгосон шинэ нийгмийн Үндсэн хуулийн хэм хэмжээ нь хэвлэлийг төрийн зүгээс тавих аливаа хяналтаас чөлөөлөх явдал байв. Үүнийг АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлтөнд бүрэн гүйцэд илэрхийлсэн бөгөөд энэ бол “Шашны асуудлыг хөндсөн буюу чөлөөтэй шүтэж бишрэхийг хориглосон, аль эсвэл үг хэлэх, хэвлэн нийтлэх хийгээд ард олон санал гомдлоо илэрхийлсэн өргөх бичиг барин засгийн газарт хандаж, тайван жагсаал хийх эрхийг нь хязгаарласан хуулийг конгресс гаргах ёсгүй” (37.323) гэсэн заалт юм.
Хожим XIX, XX зууны үед батлагдсан ардчилсан тогтолцоо бүхий хөрөнгөтний орнуудын Үндсэн хуулинд хэвлэлийн эрх чөлөөг бүр ч тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, Германы Үндсэн хуулинд: “хүн болгон өөрийнхөө үзэл бодлыг бичгээр, амаар, дүрслэх … аргаар чөлөөтэй илэрхийлэх болон түгээх эрхтэй. Хэвлэлийн эрх чөлөө болон радио, кино мэдээллийн эрх чөлөө баталгаатай. Цензурыг хориглоно” (37.342) гэж заажээ.