Лайпцигийн их сургууль
Лайпцигийн Их сургууль (герман. Universität Leipzig) — орчин үеийн Германы Хайделбергийн их сургуулийн дараа орох хоёр дахь ууган их сургууль юм. Лайпцигээс өмнө байгуулагдсан Кёльн, Эрфурт, Вюрцбургийн их сургуулиуд үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд тасалдаж, улмаар дахин нээгдэж байжээ.
2007-2008 оны хичээлийн жилийн улиралд тус их сургуульд 26978 оюутан суралцаж байжээ. Тус их сургууль нь 8579 багш ажилтны бүрэлдэхүүнтэй. Лайпцигийн их сургууль бол хотын хамгийн том дээд боловсролын байгууллага юм.
1409 онд Прага дахь Карлын их сургуулийн эмх замбараагүй байдлын үр дүнд мянга орчим Герман багш, оюутнууд Лайпциг хот рүү нүүж, тэнд Чөлөөт урлагийн факультетийн ажлыг үргэлжлүүлжээ.
1409 оны 12-р сарын 2-нд тус сургуулийн ректороор сонгогдсон теологич Йоханнес Отто фон Мюнстерберг сургуулийн дүрмийг уншиж танилцуулжээ. Анагаах ухааны факультет 1415 онд, хуулийн факультет 1446 онд байгуулагдсан. Альбертина их сургуулийн номын сан нь 1543 онд байгуулагдсан түүхтэй.