Кирилл монгол бичгийн дүрэм (2018 оноос)
1941 онд Монгол улс монгол бичгээ халж, хойд хөршөөс орос кирилл үсэг зээлэн авахыг зөвшилцсөний үр дүнд, Ц.Дамдинсүрэн кирилл үсгийн дүрэм зохиож, монгол үгийг кирилл үсгээр тэмдэглэх тогтолцоог төгөлдөржүүл хэмээн үүрэг даалгажээ. Тэрээр 1942 онд дүрмээ боловсруулж дуусаад, 1946 оноос эхлэн бүх нийтээрээ дагаж мөрдөх болсон юм. Зөв бичих дүрэм 1959 онд нэг өөрчлөгдсөн.
1983 онд Ц.Дамдинсүрэн Б.Осор нар хамтран Монгол үсгийн дүрмийн толийг хэвлүүлж гаргасан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндсэн Зөвлөл, МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2016 оноос Ц. Дамдинсүрэнгийн дүрмийг эс өөрчлөн, шинэ журамласан толийг 1983 оны тольд дулдуйдаж, бурууг засаж, нэмэн найруулж, 2018 онд нийтэд түгээжээ.[1] Түүнчлэн академич Ц. Дамдинсүрэнгийн зохиосон монгол үсгийн дүрмийг орчин цагийн хэлбэрт шилжүүлэн программчилж, үгийн алдаа шалгах программуудад зориулсан монгол үгийн алдаа шалгах цахим толь хүртэл бүтээсэн байна.[2]
2018 оны Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь дээрх кирилл үсгийн дүрмийг толилуулъя.
§ 1.
засварлахМонгол кирилл цагаан толгой 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.
А а | Б б | В в | Г г | Д д |
Е е | Ё ё | Ж ж | З з | И и |
Й й | К к | Л л | М м | Н н |
О о | Ө ө | П п | Р р | С с |
Т т | У у | Ү ү | Ф ф | Х х |
Ц ц | Ч ч | Ш ш | Щ щ | ъ |
ы | ь | Э э | Ю ю | Я я |
§ 2.
засварлахЭгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.
Үндсэн эгшиг | Туслах эгшиг | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эгшгүүд | а | о | у | э | ө | ү | и | й | я | е | ё | ю | ы | |
Богино | Өргөлттэй | хар | ол | ус | хэр | өд | үс | ир | - | яс | ер | ёс | юм | - |
Балархай | хавар | олом | - | хэлэх | өдөр | - | ажил | - | уя | үер | оё | - | - | |
Урт | цаас | оосор | уул | дээр | өөд | үүл | ийм | - | яам | еэвэн | ёотон | юу | намын | |
Хос | айл | ойх | туйл | эвтэй | - | үйл | - | айх | яйрах | - | ёйлгор | юйрэх | - |
§ 3.
засварлахМонгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.
Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.
§ 4.
засварлахСунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.
- Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
- Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
- И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн, дэрсний гэх мэт.
§ 5.
засварлахНэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрах, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.
§ 6.
засварлахАрван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ.
Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю(ү) тавыг эм эгшиг гэнэ.
Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ.Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг- ишгээр, жил- жилүүд, чийг- чийгтэйгэх мэт.
§ 7.
засварлахҮгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.
Гажилт:
- Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
- Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.
§ 8.
засварлахЭгшиг уруулын талаар зохицохдоо:
- Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.
- Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.
- Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.
- Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.
- Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарагдана. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.
Үгийн эхний үед ийм байвал | Хойшид тохиолдох эгшиг нь |
---|---|
а
у |
а |
э
ү и |
э |
о | о |
ө | ө |
Гажилт:
- уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.
- и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.
§ 9.
засварлахы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:
- Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.
- Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.
- ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и, хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.
§ 10.
засварлахя, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв).
Я-гийн төрлийн үсгүүд | Хавсарсан үсгээр жишээлэв |
---|---|
я | ia |
е | iэ, iө |
ё | iо |
ю | iу, iү |
Энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.
§ 11.
засварлахЭр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.
§ 12.
засварлахюу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:
- Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.
- Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр - хоёул, хая - хаяул, оё - оёул, үе - үеүд, бие - биеүд гэх мэт.
- Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.
§ 13.
засварлахЯ-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.
§ 14.
засварлахМонгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй, балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулдаггүй байна.
Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваав.
§ 15.
засварлахЭгшигт гийгүүлэгч:
м, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.
Гажилт:
- Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.
- Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: Сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.
§ 16.
засварлахд, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.
Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө, хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмш гэх мэт.
Гажилт:
Ирээдүй цагаар тодотгон холбох х нөхцөлийн өмнө заавал эгшиг шаардлагатай бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.
§ 17.
засварлахЗаримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө юм уу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, очит, анжис гэх мэт.
Гажилт:
Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө, хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.
§ 18.
засварлахЭгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.
Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-гээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.
Энэ дүрмийн 15, 17 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томьёогоор үзүүлбэл:
7 + э
7 + 9 - э
9 + 9 + э
Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э- гээр тэмдэглэв.
§ 19.
засварлахк, ф, щ гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт.
п үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт.
к, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.
§ 20.
засварлахБ, В үсгийг ялгаж бичих дүрэм:
- Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? Явбал гэх мэт.
- В үсгийг ихэвчлэн үгийн дунд, адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.
§ 21.
засварлахГ үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:
- Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг хоолойн г гэнэ. Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн аль нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.
- Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй юм уу эсвэл а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.
Хэлний г үсгийн ард залгавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна. Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцогтоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгарх, омог-омгорхуу гэх мэт.
§ 22.
засварлахН үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:
- Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн н хойноо эгшиг юм уу ь-тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.
- Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.
Зарим үгийн эцсийн хэлний үзүүрийн н авиа халх аялгуунд хэлний угийн н болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн н болох нь тодорхой болно. Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.
§ 23.
засварлахХэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.
Тайлбарлах нь:
Өргөлттэй эр, үндсэн эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт.
Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.
§ 24.
засварлахДараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:
- Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
- Үйл үгийн одоо ба ирээдүй цагаар төгсгөх -на, -нэ, -но, -нө нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на - мандана, мөлх-нө -мөлхөнө, урс-на -урсана, орш-но -оршино гэх мэт.
Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, төрөлхтний, эрхтний гэх мэт.
§ 25.
засварлахДараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнө и-гээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.
Үйлдүүлэх хэвийн -га4 дагаврыг -д дагавраар төгссөн үүсмэл үйл үгнээ залгахад уул -д гийгүүлэгч нь -т гийгүүлэгч болон хувирна. Жишээлбэл: эмхэд-гэ → эмхэтгэ-, цомход-го → цомхотго-, номход-го → номхотго-, хүндэд-гэ → хүндэтгэ-, намхад-га → намхатга-, өндөрд-гө →өндөртгө (эмхтгэ-, цомхтго-, намхтга-, номхтго гэж бичихгүй )гэх мэт.
§ 26.
засварлахж, ч, ш-ийн дараах эгшиг:
- Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.
- Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.
- Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.
- Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантаг, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.
§ 27.
засварлахҮгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:
- Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, сурталсуртлаар гэх мэт.
- И-гээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнээмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
- Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: идэш-л -идшил, тохош-л -тохшил, нухаш-л -нухшил, боловсор-л -боловсрол, сурагчид-д -сурагчдад, үсэр-х -үсрэх гэх мэт.
Гажилт:
- Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
- Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.
- Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.
§ 28.
засварлахНэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнт гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал -бутралаар, нөхөд-нөхдөд -нөхдөдөө, ажилчид-ажилчдад-ажилчдадаа, хүүхэд-хүүхдэд-хүүхдэдээ, бэх-бэхэж -бэхэжтүгэй -бэхжих-бэхжихэд гэх мэт.
§ 29.
засварлахЭгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, ирээдүй цагаар тодотгон холбох “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.
§ 30.
засварлахЭр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах-захь, тав-тавь гэх мэт.
Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.
Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ. Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, тамхи, болхи, солби, гарди, дорви, анги гэх мэт.
§ 31.
засварлахЗөөлний тэмдгийн солигдох нь:
- Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.
- Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.
- Зөөлний тэмдгийн дараа ирээдүй цагаар тодотгон холбох -х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.
- Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.
§ 32.
засварлахЗөөлний тэмдгийн үл солигдох нь:
- Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.
- Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан, шуугьж, хальсан гэх мэт.
- Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.
§ 33.
засварлахТусгаарлагч ъ, ь:
- Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, угтъя гэх мэт.
- Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.
я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.
§ 34.
засварлахҮгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг -цгаа, -цгээ, -цгоо, -цгөө, -зна, -знэ, -зно, -знө нөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхцөлийн бүтэц-цагаа, -цгаа; -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.
§ 35.
засварлахҮгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ, эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.
§ 36.
засварлахҮсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үг зүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үг зүйн зарчмыг баримталж бичнэ. Жишээлбэл:
- Хүрэг/ хүргэ
- хүрэг - зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар;
- хүргэ - бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар;
- Учралаа/ учирлаа; хамтралаа/ хамтарлаа; огтлолоо/ огтоллоо; жуулчлалаа/ жуулчиллаа; мэдрэлээ/мэдэрлээ
- учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хамаатуулах -аа, -ээ, -оо, -өө нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна;
- учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн -лаа, -лээ, -лоо, -лөө нөхцөлтэй үйл үг байна;
- Өргөдөх/ өрөгдөх
- өргөдөх гэдэг үг бол: өргөн(нэр үг) өргөд өргөдөх гэж үг зүйгээр задарна;
- өрөгдөх гэдэг үг бол: өр(үйл үг) өрөгд өрөгдөх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт);
- Эндэх/ эндэх
- эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа;
- эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ;
- Явчхаад/ явчихад; дуурьсчхангуутаа
- яв+∅+чих+аад=явчхаад, дуурьс+∅+чих+нгуут+аа=дуурьсчхангуутаа (бүрмөсөн үйлдэх байдал),
- яв+∅+чих+х+д=явчихад, явчихыг (ирээдүй цагаар тодотгон холбох х нөхцөлтэй үг).
§ 37.
засварлахҮйл үгийн үндэс үүсгэх л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:
- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.
- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.
Гажилт: Хэрэв -л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал -л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, холтос-холтосло гэх мэт.
- Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд -л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод -л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохьцохил, барь-барил, хань-ханил гэх мэт.
- Эгшгээр төгссөн үгэнд -л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.
Нэр үгийн -л дагавар энэ 37-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.
§ 38.
засварлахҮйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн -г нөхцөлийг -га, го, гэ, гө гэж ард нь эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур-сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөрхөөргө гэх мэт. Харин захирах хүсэх төлөвийн -г нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур-сураг, ол-олог, хүр-хүрэг, хөөр-хөөрөг гэх мэт.
§ 39.
засварлахҮйл үгийн зэрэгцүүлэн холбох -ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:
- Эгшгээр төгссөн үгийн хойно -ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.
- Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн -ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
- Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн -ж бичих боловч хааяа ч бичих удаа бий. Жишээлбэл: өгч, авч.
- л, м-ийн дараа -ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.
- в, г-гийн дараа бараг төлөв -ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.
- Урт юм уу хос эгшигтэй, ганц үетэй, бас хоёроос дээш үетэй р-ээр төгссөн үйл үгэнд цөм -ч бичнэ.Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, самарч гэх мэт.
- Богино эгшигтэй, ганц үетэй р-ээр төгссөн үйл үгэнд их төлөв -ж бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.
Гажилт: хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна. Энэ нь өнгөрсөн цагаар төгсгөх -жээ, -чээ нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.
§ 40.
засварлахС үсгээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх хоёр өөр үүрэгтэй -д, -т дагаврын алиныг ч залгаж болно. Тухайн тохиолдолд “-д”-г залгавал өмнө нь эгшигтэй, “-т”-г залгавал шууд залгана. Жишээлбэл: үсдэх (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.
§ 41.
засварлахГийгүүлэгчээр төгссөн үгийн хойно -лага, -лого дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод-бодлого, зар-зарлага гэх мэт.
Эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно -лга, -лго дагавар бичнэ. Жишээлбэл: буу-буулга, зорь-зорилго гэх мэт.
§ 42.
засварлахХамааруулах -х дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдгийг ч, и үсгийг ч бичихгүй. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх, манайхан, танайх, дундах гэх мэт.
Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин гэж тусгай бичнэ.
§ 43.
засварлахЗарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:
- Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй н үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.
- Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны, амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.
- Харьяалахын тийн ялгалын -ы, -ий нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй н үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт. Харьяалахын тийн ялгалын -н нөхцөлийг хос эгшиг ба урт ий эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.
- Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл -д, -т:
- - т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй “н” -гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.
- - д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.
- Заахын тийн ялгалын -г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.
Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын -ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын -ын, ийн, нөхцөлийн г, н үсэг, сонстохгүй боловч энэхүү н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу). - Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно. Сард авах цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.
§ 44.
засварлахАмьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үе гэнэ. Үг, нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэжгээд үе болно. Жишээлбэл: ман|дуул|сан, хой|но, хойш|ло|ход, тэм|дэг|лэг|дэх|дээ, сурт|лаа|раа, хонь, морь, о|ё, ха|я|я гэх мэт.
Үгийг хэлэхдээ:
- Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр гийгүүлэгч байвал хоёрдугаар гийгүүлэгчийн өмнүүр, гурван гийгүүлэгч байвал гуравдугаар гийгүүлэгчийн өмнүүр, дөрвөн гийгүүлэгч байвал дөрөвдүгээр гийгүүлэгчийн өмнүүр үелнэ. Жишээлбэл: го|лын, ол|дох, үлд|сэн, төрөлхт|ний гэх мэт.
- Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ. Жишээлбэл: үзь|е, ха|руулъ|я гэх мэт.
§ 45.
засварлахНэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй. Жишээлбэл: олох, явуулъя гэхэд тасалж шилжүүлж болохгүй.
Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.
§ 46.
засварлахТом үсгээр бичих:
- Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид энх тайвныг сахин хамгаална гэх мэт.
- Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энх тайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.
- Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Энх Тайвны Зөвлөл, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.
- Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Ардын Боловсролын Яам гэх мэт.
Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан, үйлдвэр, аймаг, сум, район, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.
Тайлбарлах нь:
- 46-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлт Улс; Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл, Төв Зөвлөл; Их сургууль, Улсын Их сургууль, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их сургууль гэх мэт.
- Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг оролдоно гэх мэт.
Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд, “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуултад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна. - Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмны нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг том үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөө зүтгэх, улсын төлөө зүтгэх гэх мэт.
- Ном зохиол, сонин сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: В.И.Лениний “Юу хийх вэ” зохиолыг уншиж тэмдэглэл хөтлөв. “Үнэн” сонин, “Ардын төр” сэтгүүл, Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” зохиол, “Бүтээлч” нэгдэл гэх мэт.
- Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энх тайван мандтугай! гэх мэт.
- Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.
- Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: БаянӨлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.
§ 47.
засварлахҮг хурааж бичих:
Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.
- Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодох), тө. (төгрөг), мө. (мөнгө) гэх мэт.
- Эхний үсгээр хураана. Жишээлбэл: МУИС, ОХУ гэх мэт.
- Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБУлаанбаатар гэх мэт.
- Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.
- Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МУИС, ОХУ, ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), БНАфгУ (Бүгд Найрамдах Афганистан Улс), Мон Ца Мэ буюу МОНЦАМЭ, Д.Нацагдорж, Ц.Гайтав гэх мэт.
§ 48.
засварлахГадаад үгийг бичих нь:
- Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.
- Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт.
- Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.
- Оросоор ия үсгээр төгссөн үгийн эцсийн ия үсгийг их төлөв хасна. Жишээлбэл: Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц, инновация-инновац гэх мэт. Гэвч ия үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я үсгийг хасна. Жишээлбэл: Азия-Ази, Италия-Итали гэх мэт.
Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл: фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт. Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт. - Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана. Нэг үгэнд хэд хэдэн өөр эр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт. Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.
Гажилт:
Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно.Жишээлбэл: кило-килээр, килтэй, киллэвэл, киллэнэ гэх мэт.
- Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.
- К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикла гэх мэт. Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана. 8. Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп бэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.
- Оросын У үсгийг Монголын Ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.
§ 49.
засварлахСул үг (баймж)-ийг уг үгнээс нь саланги бичнэ.
- Асуух утгатай баймж бэ, вэ-г заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ?
в, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ.Жишээлбэл: Яасан их ов бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? Ямар өргөн гол бэ? гэх мэт.
Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт. - Асуух утга бүхий баймж юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу, бээлий юү? гэх мэт.
Үүнээс бусад богино эгшиг гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үү бичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт. - л, ч, шүү баймжийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүү гэх мэт.
- Зөвшөөрөх баймж за-г богино эгшигтэй бичнэ.
- даа, дээ, доо, дөө баймжийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөө гэх мэт.
- Дуудах аялга бүхий аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.
- “рь, р”-ээр төгссөн үгэнд “-луу, -лүү”, “ль, л”-ээр төгссөн үгэнд “-руу, -рүү” нөхцөлийг саланги залгаж бичнэ. Жишээлбэл: гэр лүү, гар луу, өгсүүр лүү, тэргэнцэр лүү, суурь луу, зоорь луу, сургууль руу, уул руу, буудал руу, нэгдэл рүү, гааль руу гэх мэт.“рь, р”, “ль, л”-ээр бусад төгсгөлт үгэнд “-руу, -рүү” нөхцөлийг залгана. Жишээлбэл: хашаа руу, хангай руу, зүг рүү, борви руу гэх мэт.
- Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан”, “даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирсэн сэн, ирсэн дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.
- Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн, сэтгэлчлэн зэрэг үгийн -чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.
§ 50.
засварлахЦэг (.):
- Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн сансарт нисэв гэх мэт.
- Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: Хүү минь, хичээлээ давт. Дараа нь, хоолоо ид.
- Тоо болон үсгийн ард цэг тавьж, дэс дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт.
- Цэгийг үг, үеийг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.С. -Д.Сүхбаатар, Д.Н. - Д.Нацагдорж гэх мэт, -р.т. - дугаар тал, ө.х. - өөрөөр хэлбэл, ня.бо. - нягтлан бодогч гэх мэт.
- н, сар, өдрийг тоогоор илэрхийлэхдээ хооронд нь цэгээр ялгана. Жишээлбэл: 2018.06.01. Цэгийн оронд ташуу зураас хэрэглэж болно. Жишээлбэл: 2018/06/01.
Тэмдэглэх нь:
Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.
§ 51.
засварлахАсуултын тэмдэг (?):
- Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол танд ямар санагдав? гэх мэт.
- Эш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.
- Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш- сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв гэх мэт.
§ 52.
засварлахАнхаарлын тэмдэг (!):
- Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн буюу уриалсан, анхааруулсан өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Монгол Улс мандтугай! Онгоц ирлээ ээ! гэх мэт.
- Хандсан үг, аялга үг (өгүүлбэр)-ийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Манай баг түрүүлжээ.
- Ерөөл, бэлгэ дэмбэрлийн үгийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: - Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг! - Ерөөл оршиг!
- Онцлон анхааруулсан өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг гурвыг тавина. Жишээлбэл: Халаасны хулгайчаас сэрэмжилнэ үү!!!
- Эргэлзээтэй, ойлгомжгүй санаа хийгээд гайхсан, үл итгэсэн байдлыг илтгэх үед анхаарлын тэмдгийг асуултын тэмдэгтэй хамт хэрэглэж болно. Жишээлбэл: Пөөх, энэ чинь юу вэ?
§ 53.
засварлахЦуваа цэг (...):
- Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо... гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучирчээ гэж хэлэв гэх мэт.
- Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт.
- Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу ... юунд ... шатаах билээ. Миний бод ... бодвол эндхийн ар ... ард о ... олонд тар ... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... гэх мэт.
- Эш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин, жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ...өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм гэх мэт.
- Шүлгийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина. Жишээлбэл: Тэмүжин, Хасар хоёр гэрт орж ирэхэд Үжин эх хоёр хөвүүнийхээ царайг хармагц даруй учрыг мэдэж өгүүлрүүн:
“Ханиа барагсад
Ижлээ идэгсэд
...........................
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй байхад
Тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв” гэж эртний үгийг эш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвүүдээ ихэд буруушаан зэмлэв.
§ 54.
засварлахТодорхойлох цэг (:):
- Аливаа хүний хэлсэн үг, бодсон санаа зэргийг бичихдээ уг өгүүлэгч, бодогч эзний дараа тодорхойлох цэгийг тавиад хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл:
Багш:
“Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв. Тодорхойлох цэгийн дараа хашилтын оронд богино зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш: - Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв. - Тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал тодорхойлох цэг тавина. Жишээлбэл: Шууд тусагдахуун авч чадах бүх үйл үгийг тусах үйл үг гэнэ. Жишээлбэл: Би бичиг уншив. Бид таны морийг авчрав гэх мэт. Шууд тусагдахуун авч үл чадах үйл үгийг эс тусах үйл үг гэнэ. Жишээлбэл: Бид мориор ирэв. Ард түмэн жаргав гэх мэт.
- Онооны харьцаа болон цагийг илэрхийлэхэд тодорхойлох цэгийг хэрэглэнэ. Жишээлбэл: 0:3, 18:45:03 гэх мэт.
§ 55.
засварлахТаслал (,):
- Өгүүлбэр зэрэгцсэн гишүүн, холбоо үг, хоршоо үгээр бүтсэн байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу, хурдан морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.
Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно. - Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул хэрэглэх ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тул тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга━ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан━Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан━Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав гэх мэт.
- Өгүүлбэрийн зарим гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг юм уу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин - Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводод хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгааны тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.
- Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь цагт нэр (үйлт нэр) буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижаргааш хариулна гэх мэт.
- Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа гишүүн өгүүлбэр орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.
- Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст нь бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.
§ 56.
засварлахЦэгтэй таслал (;):
- Олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ялгахын тул цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэх ойлголтод: газар дээрх уул ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.
- Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатах юм сан.
§ 57.
засварлахХашилт (“ ”):
- Шууд хэлсэн хөндлөнгийн үг, өгүүлбэрийг хашилтад хийнэ. Жишээлбэл: Хасар харван байлдаж Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: “Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй” гэхийг сонсоод Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав.
- Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ.
- Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлдвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ. Жишээлбэл: “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт.
Тэмдэглэх нь:
- Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.
- Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.
- Олонд алдаршсан зарим ном сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.
§ 58.
засварлахНуман хаалт ( ):, дөрвөлжин хаалт [ ]:, ташуу зураас /:
- Өгүүлбэрийн дотор тайлбар, тодорхойлолт, нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг нуман хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Нийгмийн шинжлэх ухаан нь (түүх, соёл судлал, уран зохиол судлал, хэл шинжлэл зэрэг) бие хүнийг зөв төлөвшихөд тусална. Тэр ч атугай “Монголын нууц товчоо”-ы зохиогч(ид)ийн хийсэн тайлбараас урагш алхсангүй гэх мэт.
- Тоо болон үсэг зэргээр дэс дугаар илэрхийлэхдээ нуман хаалтыг дараах байдлаар хэрэглэнэ. Жишээлбэл: 1)..., 2)..., 3)..., а)..., б)..., в)...., (1)..., (2)..., (3)..., (а)..., (б)..., (в)... гэх мэт.
- Нуман хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.
- Ташуу зураасыг юмыг эсрэгцүүлэх болон аль нэг нь байж болно гэсэн санааг илэрхийлэхэд ба, юм уу гэсэн утгаар хэрэглэнэ. Жишээлбэл: ахуй/ ухамсар; 1224/ 25 оны үед гэх мэт.
- Юмны хэмжээ болон тооны харьцааг илэрхийлэхэд ташуу зураас хэрэглэнэ. Жишээлбэл: Хэлний авиа нь болд төмрөөр 5000 м/сек хурдтай дамждаг.
§ 59.
засварлахБогино зураас (-):
- Үгийг үеэр тасалж нөгөө мөрт шилжүүлэхэд дунд нь богино зураасыг хэрэглэнэ. Жишээлбэл: на-мар, хө-дөл-мөр гэх мэт.
- Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр нь хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор (д-р), нөхөр (н-р), аравдугаар (10-р) гэх мэт.
- Товчилсон үгэнд нөхцөл залгахдаа богино зураас тавьж ард нь нөхцөлийн үндсэн хэлбэрийг бичнэ. Жишээлбэл: МУИС-ийн багш, оюутнууд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд зочлов.
§ 60.
засварлахУрт зураас (−):
- Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж - Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа - сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.
- Өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг - долдугаар сар гарлаа гэх мэт.
- Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай - давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай - гаталъя гэвэл гатална гэх мэт.
- Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XV-XX зууны үе (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар - Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам) 10 - 20 төгрөг (арав хорин төгрөг) гэх мэт.
§ 61.
засварлахТаслалтай зураас (, −):
Өгүүлэгдэхүүний илтгэгчийг ялгах үүрэгтэй байна. Жишээлбэл: Зараа сохор номин зэрэг шавж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан, - цөм сүүн тэжээлт амьтан болно.
§ 62.
засварлахЗүйлийн тэмдэг (§):
Тухайн тэмдгийг хууль, дүрэм, заавар, ном зохиолд “зүйл” гэсэн утгаар хэрэглэнэ. Жишээлбэл: “Монголын нууц товчоо”-ы 282-т уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухайг өгүүлжээ.
§ 63.
засварлахДэс дугаар (№):
Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор юм уу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл: ХХ зуун, МНТ-ны V бүлэг гэх мэт. Дугаар гэсэн үгийн оронд номерын тэмдэг №-ийг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний паспорт болбол 1983 онд олгосон № 272505 гэсэн номертой гэх мэт.
Багц үгс | ||||
---|---|---|---|---|
салбарын, үндэслэлийг, татварын, амьдралын, малтмалын, гүдгэрийг шингэнээс, үйлдвэрлэлийн, шахмалаар, эшлэлийг, даяарчлалыг, цомхотголын, олонлогийг, уртрагийг, цоморлогийг | мөнхөждөгийг, нөхцөлийн, бусдадаа, төгсөгчдөдөө, сонгогчдодоо, мэддэгээ, сонирхсоноо, чавхдасыг, гайхширал, эрсдэлээр | гарал, үүсэл, төрөл, бохирдол, хомсдол, бахархал, гомдол хувирал, хувьсал, урсгал | эрэг-эргийг, төөрөг-төөргийг тойрог-тойргийг, дүгрэг-дүгрэгийг бөмбөг-бөмбөгийг, бөмбөлөг-бөмбөлгийг, бөмбөрцөг-бөмбөрцгийг, бөжинг | дугариг-дугаригийг, цагариг-цагаригийг |
баялгийг, урамшууллын, гаргийг | төрөлхтний, эрхтний,цаст, хөрстийн, | савла, зөвлө, номло,салбарла, галла, малла, үзэглэ, ажигла, гэрлэ, цэцэглэ | цай, байцай, хуйцай, шанцай | амжилтад, ололтод, сургалтад |
тотго, хурга, ботго, нударга, шударга, азарга, аварга, гадарга, ундарга, адасга, шамарга, сагалдарга | хуурцгийг, гарчгийг, бухимдлыг, ажлыг,бичлийг, эрмэлзлийг, эрдмийг, шарагчны | буудалла, ялгалла, ажилла, эмээллэ, гуравласан, дөрөвлөсөн | адьяа, сумьяа, биндэрьяа, харьяа, томьёо, товьёг, гавьяа | бүтээгдэхүүн нэмэгдэхүүн хасагдахуун, эзлэхүүн, бүрэлдэхүүн |
батажна, бэхэжнэ, баяжна, хотожно, будилна, салхилна, ажиллана, амьдарна, мөнхөжнө | нисэж, хүсэж, хусаж, засаж, нисжээ, хүсжээ, засжээ, хасаж | ажиллавар, төлбөр, татвар, салбар, хөтөлбөр, угтвар, үржвэр, эдэлбэр | бодъё, явъя, уншъя, тоглуулъя, тогтъё, бархиръя | нэгэнтээ, хоёронтоо, гурвантаа, дөрвөнтөө, олонтоо |
оньсого, аньсага, ганзага, янзага, бодлого, уншина, хөгжинө, чадваржина, үзэгдэнэ, тогтворжино | авч, өгч, хүрч, гарч, хугарч, тойрч, хөөрч, бутарч, саарч | цоожил, давсал, нууцал, ахал, товчил, бөгжил, жаазал , цүнхэл, бутал | үзье, хөгжье, бүрэлдье нисье | дуурайл, эрмэлзэл |
хүрээлэнг, буланг, үзэсгэлэнг, Балданг, соёолонг, хадланг , шарагчинг | оюутныг, ажилтныг, шашныг, мэргэнийг, мэргэжилтнийг , | үндэслэ, холтосло, хэлтэслэ, хавтасла, хувцасла | бүтээе,саная, хэрэглэе, тогтооё | зовуурь, илаарь |
наалданги, зогсонги, тогтонги, саланги | урай, уухай, дуурай, цуурай | цоол, хагал, хөөл хугал, тоол, | барья, захья, тарья | тэнгис, эрих, эрин , тэнхим |
хөдлөнгө, хөрөнгө. эдлэнгэ, хөшингө, бэртэнгэ | санаачилга, сурвалжилга, даяарчлал, даяаршил | оношилгоо, зөвлөгөөн, лавлагаа, давлагаа, эмчилгээ, үйлчилгээ, сурталчилгаа | туршлага, хашлага, бодлого, дамжлага | арвагар, сарвагар, бөндгөр-бөндгөнөх, гүвгэнэх, жирвэгэр, тожгонох |
ирчихийг, саначихаар, хэлчихээс, мэдчихэд | ирчхээд, саначхав, хэлчхээд, мэдчихэв, өтчхөв | доторх, урдуурх, хойгуурх - хойгуурхыг, олонх- олонхын | цаадах-цаадхыг, хойдох-хойдхоор урдах - урдхыг нь хойших-хойшхыг | дараах, удаах, гаднах-гаднахыг, цаанах-цаанахыг |
онолыг, өнөрийг, багажийг, тогосыг, Гэрэлийг, тогтохыг, тоглож наадахыг | багыг, Гомбын, шударгыг, асгыг | курсийн, группийн, клубийн, борщийг, тактикийг, аптекийн | диаграммын, программын километрийн семинарын, лекцийн | дөрөв дэх, долоо дахь, арав дахь, ёс дэх, |
шаагьж, шуугьж, урьж, саальчин, хольц, сарьдаг | урилга, таримал, ахимаг, тохилог | захидал, цохио, дохисон, бодит | цохьчих, дохьчих | сонгуульгүй Дарьсүрэн горьгүй |
Мөн үзэх
засварлах- Кирилл цагаан толгой
- Кирилл монгол бичгийн дүрэм (2018 он хүртэл)
Эшлэл
засварлах- ↑ Журамласан толийн талаарх Ц.Базаррагчаа багшийн ярилцлагаArchive copy (Memento 9. Арванхоёрдугаар сар 2021 цахим архивт)
- ↑ "Монгол үгийн алдаа шалгах толь". zuv.bichig.dev.
- ↑ Ц.Дамдинсүрэн, Б.Осор, "Монгол үсгийн дүрмийн толь", Редактор С.Мөөмөө, Улаанбаатар, 1983 он, 404-429 тал
- ↑ [1]
- ↑ Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, Улаанбаатар, 2018, 271-291 тал
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 6.4 6.5 6.6 6.7 Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь [2]
- ↑ Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, Улаанбаатар, 2018, 538-539 тал [3]