Ито Хиробүми (япон. 伊藤博文 , Itō Hirobumi, 1841 оны 10-р сарын 16-нд төрж, 1909 оны 10-р сарын 26-нд нас барсан) — Японы төрийн зүтгэлтэн, Японы анхны Ерөнхий сайд, Солонгос дахь анхны суурин генерал-төлөөлөгч, Японы "Нууц Зөвлөл"-ийн (япон. 樞密院 ) дарга, Японы Үндсэн хуулийг боловсруулагч. Мэйжийн шинэчлэлийг удирдагчдын нэг. Йелийн Их сургуулийн хүндэт доктор. Тэрээр төрөхдөө Хаяши Рисүкэ нэртэй байсан бөгөөд сүүлд Хирофүми, Хакүбүн гэгддэг байсан. Залуудаа мөн хэсэг хугацаанд Ито Шүнсүкэ нэртэй байжээ.

Ито Хиробүми

Тэрээр 1841 оны 10-р сарын 16-нд Японы Эдогийн үеийн Чёошү улсын эрхшээлд байсан Хаги (япон. 萩 Хаги, өнөө үед Ямагүчи мужийн хот) хотод тариачны гэрт төржээ.

Түүнийг Итогийн гэр бүлийнхэн үрчилж авснаар Ито овогтой бболжээ.

Шоока сонжүкү (япон. 松下村塾,) сургуульд Ёшида Шооин (яп. 吉田松陰, 1830—1859)-ы сурагч байжээ.

1863 онд Чёошү вангийн удирдлага таван залууг Англид дадлага хийлгэхээр явуулахаар шийджээ. Тэдний дунд Ито Хиробүми байсан. Албан ёсоор тус улсаас гадаад руу гарахыг хориглодог байсан тул тэднийг нууцаар явуулсан байна. Залуусыг Нагасаки руу аваачиж, англи далайчдын дүрэмт хувцсыг өмсөж, Шанхайд хүргэсэн байна. Тэнд тэднийг хоёр бүлэгт хувааж, Лондон руу аваачсан түүхтэй. Аялал зургаан сар үргэлжилсэн. Энэ хугацаанд Ито, Иноүэ Каорү нар Пегасус хөлөг онгоцонд далайчнаар ажиллаж аялалынхаа зардлыг төлөхөөр шийджээ. Лондонд таван залуу профессор Александр Уильям Уильямсоны оюутан болсон байна.

1867 онд Ито Хиробүми гоятои цол хүртэж, албан ёсоор самурай болжээ. 1868 онд тэрээр Засгийн газрын гадаад харилцааны зөвлөх болжээ. Хэлэлцээний үеэр Ито эзэн хааны орчуулагчаар ажиллаж байсан. Үүнээс гадна тэрээр Хёого мужийн захирагчийн албан тушаалыг хүлээн авсан. 1868 онд мужийн нийслэл Кообэ хот гадаадын иргэдэд нээлттэй болжээ. Хёого муж Японыг орчин үеийн болгох, нээлттэй болгоход тэргүүлэх байр суурийг эзэлж эхлэсэн байна.

1870 онд Ито барууны санхүү, мөнгөн гүйлгээний тогтолцоог судлахаар АНУ-д томилолтоор явжээ. Тэнд тэрээр Төрийн нарийн бичгийн дарга Хэмилтон Фиштэй уулзав. Фиш түүнд Америкийн Үндсэн хууль болон АНУ-ын хамгийн чухал хуулиудын багцыг өгчээ. Гэсэн хэдий ч Ито Хиробүми Америкийн хуулиуд Японд таарахгүй гэж үздэг байсан. Эх орондоо буцаж ирснийхээ дараа Ито Нийтийн ажил хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга болж, мөн Татвар, валютын газрыг удирдаж байжээ.

1871 онд Ито барууны улсын захиргааны бүтэцтэй илүү сайн танилцахын тулд Европ, АНУ-д дипломат төлөөлөгчдийг илгээх, магадгүй тэдэнтэй хийсэн тэгш бус гэрээг шинэчлэх саналыг тавьжээ. Уг саналыг хүлээж аваад 107 хүний ​​бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Ивакүра Томоми тэргүүлж, Ито түүний орлогч нарын нэг болжээ. Түүнээс бусад төлөөлөгчид амьдралдаа анх удаа Японоос гарч үзсэн байна. Энэ аялал сүүлд Ито Хиробүмид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Тэрээр “Өрнөдийн улс төрийн тогтолцоо, ёс заншил, боловсрол, анагаах ухаан, батлан ​​хамгаалахын үйлдвэрлэл дорно дахиныхаас илүү байна. Тиймээс бидний үүрэг бол барууны соёл иргэншлийг Японд нутагшуулж, ард түмэн маань эдгээр газар нутагтай хурдан зэрэгцэхийн тулд хөгжил дэвшилд тэмүүлж, өдөр шөнөгүй хичээж, суралцах ёстой юм" гэж тэрээр тэмдэглэсэн байна.

1873 онд Ито Нийтийн аж ахуйн яамны сайдаар томилогдсон. Тэр жилдээ бүрэн эрхт зөвлөхөөр дэвшиж, 1878 онд Окүбо Тошимичи нас барсны дараа Ито Дотоод хэргийн сайд болж Япон Рюүкюү арлуудыг өөртөө нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.