Ванчинбалын Инжаннаш
Ванчинбалын Инжаннаш (1837 оны 5-р сарын 15-нд Өвөр Монголын Зостын чуулганд төрсөн-1892 онд нас барсан) XIX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч нэрт зохиолч бөгөөд эзэн Богд Чингисийн 28 дугаар үеийн үр, их бичгийн хүн байжухуй. Түүний амьд ахуйд зохиол бүтээл нь хэвлэгдээгүй, гар бичмэлээр үлдсэн бөгөөд ХХ зууны эхэн үеэс нийтийн хүртээл болж эхэлсэн. Тэргүүлэгч цэцэг ба хос болжмор, Цагаан үүл, Сайхан хар, Бөгтөр ноён, Гашуудал зэрэг олон зуун шүлэг бичсэн. Их Юань Улсын мандсан төрийн Хөх судар гурамсан түүхэн романаараа нэрд гарчээ. Энэхүү романы эхний найман бүлгийг эцэг Ванчинбал нь бичсэн юм. Монголчуудын дунд хятад романыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нэгэн болох Инжаннаш Мин улсын үеийн Улаан асрын зүүд хэмээх Хятадын алдарт романд гардаг зохиолын баатруудад цаашдаа тохиолдсон явдлуудыг үргэлжлүүлэн Нэгэн давхар асар, Улаанаар ухилах танхим романуудаа бичжээ. Ах Гуларанс нь мөн нэртэй яруу найрагч, орчуулагч байв.
Намтар
засварлахБагын нэр нь Хасчулуу. Тэр бээр Төр Гэрэлтийн 17 дугаар оны 4-р сарын арван зургаанаа (аргын тооллын 1837 оны 5-р сарын 15) Зостын чуулганы Түмэд баруун хошууны "Шударга бат хороо" хэмээгдэх монгол сурвалжтаны орд өргөөнд, одоогийн БНХАУ-ын Ляо Нинг мужийн Фушинь Монгол үндэстний өөртөө засах шань, тайж Ванчинбалын VII хүү болон төржээ. Инжаннаш бол Чингис хааны удмын хүн бөгөөд эцэг Ванчинбал нь хошууныхаа туслагч Тайж байж. В.Инжаннаш ид залуу үед уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн юм. Тэрээр Тэргүүлэгч цэцэг ба хос болжмор, Цагаан үүл, Сайхан хур, Аж амьдрал, Бөгтөр ноён, Гашуудал зэрэг утга уянгын олон сонирхолтой шүлэг зохиож байжээ.
Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч
Хөх үүл салхинаа хөврөх мэт
Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөр бийрийг хөшиж юу хийнэ– В. Инжаннаши
В. Инжаннаш дорно дахины бичгийн үлгэрийн хэв маягийг бүтээлчээр ашиглаж Нэгэн давхар асар, Улаанаа уйлах танхим гэдэг хоймсон зохиолыг (роман) гучаад насандаа бичиж байжээ.
1870 онд баруун түмэдийн хошуунд тариачны бослого гарч энэ үймээнд Инжаннашийн гэрийнхэн өртжээ. Инжаннаши энэ тухайд: "Зарцалсан боол наргэрийн хөрөнгийн зуун зүйлээр хулун хонжиж, бас худалдаа арилжаа эх үнийг алдаж, тариа төмс хомсдон, эм үр үхэж, нэн бодохуйд нэн цухалдаж, улам санахуйд улам бачимдан арай өвчин болохуйд хүрсэн билээ" хэмээн тэмдэглэсэн буй. 1891 онд "Сяо дуй хуй"-гийн үймээнээс дүрвэн Цзиньчжоу хотод сууж, дараа жил их хэмжээний ном бичиг, зохиолын эх нооргоо гээсэн зэрэг явдлаас болж, өвчинд нэрвэгдэн улмаар 2 дугаар сарын 25-ны өдөр, тус хотын отчийн сүмд тэнгэр халив.
В. Инжаннашийн зохиол бүтээлээс хамгийн алдартай нь Хөх судар гэдэг түүхэн роман юм. Хөх судар нийтдээ 200 шахам жилийн үйл явдлыг хамарсан 120 бүлэгтэй том зохиол гэх боловч одоогоор 69 бүлэг олдоод байгаа юм. Хөх судар романы эхний найман бүлгийг эцэг Ванчинбал нь 1830 оны үеэс үүсгэн бичиж эхлээд дуусгаж чадалгүй нас нөгцжээ. Үүнийг В. Инжаннаш 1871 онооос үргэлжлүүлж, 1891 оныг хүртэл хорин жил бичжээ. В. Инжаннаш уг зохиолоо түүхэн баримтад яг захируулан бичсэнгүй элдэв сонирхолтой дүр дүрслэлийг өргөнөөр ашиглан бичсэн өвөрмөц роман болсон байдаг.