Игорь Иванович Сечин (1960 оны 9 дүгээр сарын 7-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) - Оросын улс төрийн зүтгэлтэн, топ менежер.

И.Сечин, В.Путин нар. 2020 он.

Игорь болон түүний ихэр эмэгтэй дүү Ирина нар Ленинград хотод төрсөн. Эцэг эх нь төмрийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд сургуульд байхад нь салжээ.

1977 онд ЗХУ-ын Ленинград хотын франц хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 133 дугаар дунд сургууль төгссөн.

1984 онд Ленинградын Улсын Их сургуулийг португал, франц хэлний багшийн мэргэжлээр төгссөн. 1982 онд төгсөх байсан боловч түүнийг Мозамбик руу португал хэлний цэргийн орчуулагчаар 2 жил томилсон байна.

Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн цол хамгаалсан.

1986-1988 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Гадаад эдийн засгийн хорооны «Техноэкспорт» байгууллагад ажилласан.

1988 оноос Ленинград хотын захиргаанд ажилласан.

1991-1996 онд Санкт-Петербург хотын Засгийн газарт ажилтан.

1996-1998 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газарт ажилласан.

1998-2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилласан.

2000-2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга.

2004-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгч В.В.Путиний туслах.

2004-2011 онд “Роснефть” НХН-ийн Захирлуудын Зөвлөлийн тэргүүн.

2008-2012 онд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга.

2012 оны 5 дугаар сараас өнөөг хүртэл “Роснефть” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

2012 оны 11 дүгээр сараас “Роснефть” НХН-ийн Захирлуудын зөвлөлд дахин сонгогдон бөгөөд 2013 оны 6 дугаар сараас тус компанийн Захирлуудын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байна.

Игорь Иванович Сечин “Роснефть” НХН-ийн 9 000 000 ширхэг хувьцаа буюу тус компанийн дүрмийн сангийн 0,0849%-ийг эзэмшдэг.

Эхнэр, охин, хүүтэй.

Нэмэлт мэдээлэл

засварлах

И.И.Сечинийг В.Путиний хамгийн ойр, дотнын хүн хэмээдэг. В.Путин “От первого лица” номондоо “Би хотын захирагчийн орлогч болчхоод олон хүнийг ажиглаж судалдаг байлаа. И.Сечин үнэхээр надад таалагдсан учир хамт ажиллахыг санал болгосон. Энэ бол 1992-1993 онд болсон явдал. Дараа нь Москвад ажиллахаар явах болоход тэрбээр намайг гуйсан. Би түүнийг дагуулаад явсан” хэмээн бичсэн байна. В.Путин 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож И.Сечинийг Тамгын газрынхаа орлогчоор томилжээ. И.Сечин 2004-2011онд “Роснефть” НХН-ийн захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан. 2008-2012 онд В.Путинийг ОХУ-ын Засгийн газрын даргаар ажиллах хугацаанд И.Сечин Засгийн газрын даргын орлогчоор ажиллаж түлш – эрчим хүчний цогцолборын асуудлыг хариуцаж байв. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин ажилдаа орсны дараа И.Сечинийг “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгчөөр томилуулах саналаа тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд уламжилж шийдвэрлүүлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2012 оны 6 дугаар сард Ерөнхийлөгчийн дэргэд Түлш-эрчим хүчний цогцолборын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдал хариуцсан Комисс байгуулах тухай зарлигт гарын үсэг зурж комиссын хариуцлагатай нарийн бичгийн даргаар И.Сечинийг томилсон байна.

ОХУ-аас, түүний дотор “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс Монгол Улс нийт нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг импортлож байгаа.