Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох Гэрээг дагалдах нууц Протокол

Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох Гэрээг дагалдах нууц Протокол (орос. Секретный дополнительный протокол к Договору о ненападении между Германией и СССР) -ЗСБНХУ, Германы хооронд 1939 оны 8-р сарын 23-нд Москва хотод байгуулсан Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох Гэрээний нууц нэмэлт Протокол нь Балтын орнуудад (Финлянд, Эстони, Латви, Литва) болон Польш улс, Бессараби (тухайн үед Румыны хаант улсын нэг хэсэг) нутаг дэвсгэр, улс төрийн өөрчлөлт гарсан тохиолдолд Зөвлөлт Холбоот Улс ба Германы Рейхийн ашиг сонирхлын хүрээний хил хязгаарыг" тодорхойлсон юм.

Нууц Протоколын орос хэлээрх хувилбарын нүүр хуудас

Үндсэн Гэрээ болон түүний хавсралт нууц Протоколд Зөвлөлтийн Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Вячеслав Молотов, Германы Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроп нар гарын үсэг зуржээ.

Өмнөх түүх

засварлах

ЗХУ-ын дипломат баримт бичгүүдийг судлахад нууц Протоколыг ЗХУ-ын санаачилж, Герман буулт хийж нууц Протокол байгуулсан гэж үздэг.

 
Нууц Протоколын орос эхийн 2-р хуудас

Зүүн Европ дахь газар нутгийн ашиг сонирхлын хүрээг хуваах тухай нууц Протоколд гарын үсэг зурах санааг Иосиф Сталин 1939 оны 8-р сарын 23-нд Иоахим фон Риббентроптой хийсэн хэлэлцээний эхэнд илэрхийлжээ. Тэр уулзалтад Сталины хувийн орчуулагч байсан Владимир Павловын дурсамжийн дагуу Риббентроп зөвхөн үндсэн гэрээний төслийг авчирсан боловч Сталин тухайн үеийн нөхцөл байдалд Хитлер ямар ч буулт хийхийг зөвшөөрч байгааг мэдээд гэнэт: "Энэ гэрээ нь нэмэлт Протокол байгуулах шаардлагатай бөгөөд энэ талаар бид юу ч, хаана ч нийтлэхгүй...” гэж мэдэгдсэн байна. Тэр даруй Сталины ажлын өрөөнд нууц Протоколын агуулгыг боловсруулж, үг үсгийг засварлаад хэвлэж гарын үсэг зурсан байна. Энэхүү нууц Протоколыг хэнд ч ил болгож болохгүй гэж Сталин хэд хэдэн удаа онцолж байсан аж.

Орчуулагч Владимир Павловын эдгээр үгийг Риббентроп сүүлд Нюрнбергийн шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө "Сталин Герман-Польшийн мөргөлдөөнийг Брианд-Келлогийн гэрээний үзэл санааны дагуу энхийн замаар шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдээд Литвын Либау боомтгүйгээр, Польш, Балтын орнуудын талыг авахгүй бол тэр даруй буцаад нисэж болно" гэж тулгасан тухай хэлж байжээ.

Нууц Протоколын агуулга

засварлах

Нууц Протоколын дагуу Литвын хойд хил нь Балтын орнууд дахь Герман, ЗСБНХУ-ын хоорондын ашиг сонирхлын хүрээний хил болсон. Үүний зэрэгцээ Литва Вильнюсийг (тухайн үеийн Польш) авч, Польш дахь ашиг сонирхлын хил нь Нарев, Висла, Сану голын дагуу хил болж байв.

Протоколд зааснаар Польшийн тусгаар тогтнолын асуудлыг талуудын тохиролцоогоор "эцэст нь тодруулах" болно гэжээ.

ЗСБНХУ мөн Бессарабид сонирхолтой байгаа, харин Герман энэ газар нутгийг сонирхохгүй байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Ил болгосон

засварлах

2019 оны 6-р сард "Түүхийн ой санамжийн сан" нь Молотов-Риббентропын пакт гэгддэг ЗХУ, Германы хооронд 1939 онд байгуулсан Харилцан үл довтлох тухай гэрээний Зөвлөлтийн талын орос хэл дээрх эх хувь болон Гэрээний Нууц нэмэлт Протоколыг анх удаа нийтлэсэн байна.