Зүүнгарын монголчууд Төвөдийг байлдан эзэлсэн нь
5-р Далай лам Лувсанжамцын (1617-1782) үед Түвдийн шашны урсгалуудын хооронд засаглалын төлөө тэмцэл ид явагдаж түүнд нь Монгол, Ойрад монгол, Манжууд идэвхийлэн оролцож байв. Тэрээр Гэлэгпагийн урсгалыг Түвдийн төв хэсэгт ноёрхох үүдийг нээж Түвдийг Гэлэгпагийн урсгалын дор нэгтгэгжээ. Цахарын Лигдэн хаан улааны урсгалыг дэмжин шар малгайтны урсгалыг устгасан авч удалгүй өөд болж Халхын Цогт хунтайж түүний үйл хэргийг үргэлжлүүлэн Хөх нуурт очин Амдог эзлэн Үй, Цанруу цэрэг оруулав. 5-р Далай лам Лувсанжамц Хошуудын Төрбайх тайж буюу Гүүш хаанаас тусламж эрсний дагуу Гүүш хаан шарын урсгалыг хамгаалан 1637 онд Цогтын цэргийг Улаан хошуунд бут цохин улмаар 1642 онд Түвдийг эзлэн 5-р Далай ламыг Түвдийн шашны ба улс төрийн тэргүүн болоход нь тусалж өрсөлдөгч урсгалуудыг даржээ. 5-р Далай лам Лхаст Будаалин хийдийн суурийг тавьж засаглалаа тийш нь нүүлгэн 1652 онд Бээжинд очиж Манжийн хаанаас тамга олгосоныг хүлээн авчээ. Тэрээр 1682 онд өөд болсныг Түвдүүд улс төрийн зорилгоор 15 жил нууж 1697 онд Цанъянжамцыг 6-р Далай ламаар өргөмжлөн засгийн эрхийг Дэсрид Санжаажамц барьж байв. 6-р Далай лам сахил санваараа үл тоон архи хүүхэн хэрэглэн хайрын дуу зохион байх дор 1705 онд Хошуудын Лхавзан хаан Түвдийг эзлэн засаг баригч Дэсрид Санжаажамцыг хороон Далай лам Хөх нуур орчим нас барсан байна. (зарим түүхэнд түүнийг нас барсан хэмээн худал зарласан бөгөөд 1746 онд нас барав хэмээх нь бий)
Ингээд Лхавзан хаан шинэ Далай лам тодруулсан авч Далай лам Гэлүгпагийн урсгалыг дагаагүй юм. 1717 онд Зүүнгарын Их Цэрэндондов Түвдийг эзлэн түүнийг хороосон нь Түвдэд нэлээн дэмжлэг хүлээснийг үл тоон Манжийн Энхамгалан хаан түргэн арга хэмжээ авч 1718 онд Лхасд цэрэг оруулсан боловч бут цохигджээ. 1720 онд Энхамгалан хаан дахин үлэмжхэн хүчээр довтолж Зүүнгарыг Түвдээс гаргаж Галсанжамцыг Гүмбүмээс Лхаст авчран 1721 онд 7-р Далай ламаар суулгажээ.