Зян Зинго
Зян Зинго (Хятад: 蔣經國, англи: Chiang Ching-kuo, 1910 оны 4-р сарын 27-нд төрсөн- 1988 оны 1-р сарын 13-нд нас барсан) Хятадын, Тайванийн нийгэм, улс төрийн зүтгэлтэн, 1972-1978 онд Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхий сайд, 1978-1988 онд Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч (Тайвань).
Намтар
засварлахБага нас
засварлахЗян (Чан) Зинго 1910 оны 4-р сарын 27-нд Хятадын зүүн өмнөд хэсгийн Жэзян (англи. Zhejiang) мужийн Сикоу хэмээх үзэсгэлэнт газар хятадын улс төр, цэргийн зүтгэлтэн Чан Кайши болон түүний гэргий Мао Фумэй нарын ууган хүү болж төрсөн. Зян Зингогийн удмынхан Шар далайн эрэг дахь Зяньсу мужийн Исин хотоос гаралтай байсан гэж үздэг. Түүнийг 5 настай байхад эцэг эх нь салж, Чан Кайши хүүгээ уламжлалт аргаар буюу гэрийн багшаар хичээл заалгаж байгаад 1922 онд Шанхай хот руу шинэ загварын сургуульд үргэлжлүүлэн суралцуулахаар илгээжээ. Тэрээр 1925 оны оюутан, сурагчдын бослогод оролцсон тул дунд сургуулиасаа хөөгдөж Бээжин дахь Гадаад хэлний сургуульд үргэлжлүүлэн суралцсан боловч Засгийн газрын эсрэг цуглаанд мөн оролцож баривчлагдаад хоригдсон байна. Удалгүй суллагдаад Гуанжоу хотод байсан эцэг рүүгээ явжээ.
Идэр нас
засварлах1925 оны 10-р сард Гуанжоугаас усан онгоцоор 22 хүний бүрэлдэхүүнтэй хэсэгт багтаж залуу ЗХУ-ын Алс Дорнодын Владивосток боомт хот ороод цааш нь галт тэргээр Москва хотыг зорьсон байна. Энэ үеэр тэрээр эцгийнхээ “Гоминдан”-ы намд элссэн гэж хожим дурсамждаа бичиж үлдээжээ. Москвад дөнгөж байгуулагдаад байсан Сунь Ятсений нэрэмжит Хятадын хөдөлмөрчдийн Их сургуулийн хятад оюутнууд заавал орос нэр авдаг байсан тул тэрээр Николай Владимирович Елизаров гэж нэр авсан байдаг. Энэ үеэс тэрээр Троцкийн үзэл санааг илүүд үзэж Карел Радек багштай илүү дотноссон гэдэг. Их сургуулиа төгсөөд 1927 онд залгуулаад түүнийг Ленинградын Цэрэг, улс төрийн Академид суралцуулсан байна. Академиа 1930 оны 6-р сард онц төгсөөд эх орон руугаа буцах эсвэл Улаан Армид алба хаах хүсэлт гаргасан болов ч эхлээд үйлдвэрт ажилчин жилийн дараа тосгоны хамтралд томилжээ. 1933 онд Зөвлөлтийн Алтай мужийн алтны уурхайд 9 сар ажилсан байна. Николай Елизаров 1932 оны намар Свердловск хотын Уралын хүнд машины “Уралмаш” үйлдвэрийн механикийн цехэд дараа нь 1934 оноос үйлдвэрийн сонины редактораар ажилласан. 1935 оны 3-р сарын 15-нд тус үйлдвэрийн токарчин өнчин бүсгүй Фаина Ипатьевна Вахрева-тай (хятад нэр нь -Faina Chiang Fang-liang, 1916-2004) гэрлэж мөн онд тэдний хүү Эрик төржээ. 1936 оны 11-р сард Николай Елизаров ЗХУ-ын Бүх Холбоотын Коммунист /большевик/ намд элсэх өргөдлөө өгч сарын дараа элсэж үнэмлэхээ гардан авчээ.
1937 оны 3 дугаар сарын 3-нд БХКН-ын Улс төрийн Товчооны “Чан Кайшигийн хүү өөрөө хүсвэл Хятад явахад татгалзахгүй” гэсэн тогтоол гарч байжээ. Хэд хоногийн дараа буюу 1937 оны 3 дугаар сарын 25-нд Николай Елизаров /Зян Зинго/ эхнэр Фаина хүү Эрик нарын хамт галт тэргээр хятад руугаа буцсан байна.
Улс төрд
засварлах1945 оны 7 дугаар сард ЗХУ, Хятад Улсын хооронд найрамдалын Гэрээ байгуулах талаарх хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Москвад ирж байсан. Энэ үеэр тэрээр И.Сталинтай албан бусаар уулзсан гэдэг боловч үүнийг нотлох баримт байдаггүй. Уг хэлэлцээгээр дайны дараах нөхцөл байдал түүний дотор БНМАУ /Гадаад Монгол/-ыг Хятадын бүрэлдэхүүнд буцааж авах асуудал хэлэлцсэн байдаг.
1949 оны 10-р сард БНХАУ-ыг зарлан тунхаглаж Зян Зинго эцэг Чан Кайши тэргүүтэй Гоминданыхан Тайваны арал руу зугтсан юм.
Тэрээр 1950-1965 онуудад БНХятад Улсын Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын дарга, Тагнуулын байгууллагуудын даргаар ажилласан.
1965-1969 онд Батлан хамгаалахын сайд, 1969-1972 онд Ерөнхий сайдын орлогч, 1972-1978 онд Ерөнхий сайд, 1978-1988 онд БНХятад Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.
Хувийн амьдрал
засварлахЭхнэр Фаина –буюу Зян Фанлянг 1935 оны 12 дугаар сард хүү Эрик буюу Зян Сяо Вэнь, 1938 онд охин Зян Сяо Жан, 1945 онд хүү Зян Сяоу, 1948 онд хүү Зян Сяоюн нарыг төрүүлж өгчээ.
Зян Зинго 1988 оны 1 дүгээр сарын 13-нд зүрхний шигдээсээр эмнэлэгт нас барсан.