Зураглал
Зураглал (Зарисовка. Paysade. Sketches) нь орон зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал хүрээнд сонгож авсан үйл явдалд зохиогч “би” баатар болон оролцох замаар тухайн мөчид төрсөн мэдрэмж, сэтгэгдэлд тулгуурлан уран сайхны аргаар дүрслэн харуулах зорилго бүхий нийтлэл-уран сайхны бичлэгийн төрлийн бие даасан зүйл юм.
Түүх
засварлахМанай тогтмол хэвлэлд зураглал 1930-аад оны үеэс гарч эхэлсэн бөгөөд энэ бичлэгийн төрлийн сонгодог жишээ бол их зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” (1935) юм. Орчин үед зураглал зөвхөн тогтмол хэвлэл төдийгүй, радио, телевизэд тодорхой байр эзэлдэг болж, сэдэв дотоод хэлбэрийн хувьд баяжин хөгжиж буй зүйлийн нэг юм. Нийтлэл–уран сайхны элементийг оновчтой хослуулсан, уран дүрслэлээр баян, уянгын өнгө аяс нэвт шингэсэн, цаг үеийн шинэлэг асуудлыг тусгасан зураглал сонины дугаар, радио, телевизийн нэвтрүүлэгт чимэг болж, хүлээн авагчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг.
Зураглалыг Оросын нэрт яруу найрагч Н.С.Тургенев “үргэлжилсэн үгээр бичигдсэн яруу найраг” гэсэн бол судлаач М.С.Черепахов “Энгийн үгээр хэлбэл зураглал нь бодит байдлаас хуулсан зураг юм” (207. 135) гэж тодорхойлсон байдаг. Зураглал уран зохиолын үгээр урлах, дүрслэн харуулах, дүр бүтээх, уран зургийн гадна талаас нь тод томруун харуулах, тухайн мөчийн мэдрэмжийг илэрхийлэх, нийтлэлийн бодит баримтын талаар мэдээлэх шинжийг хосолсон байдаг. Мөн бичлэгийн төрөл зүйлийн уг чанарын хувьд хоёр талын холимог төрөл юм. Нэг талаар, уран дүрслэл, уран сайхны сэтгэлгээ, нөгөө талаар, бодит баримт, нийтлэлийн өнгө аяс нэгэн зэрэг орших болно.
Зураглалын онцлог шинж нь хязгаарлагдмал хүрээнд сонгож авсан үйл явдал, үзэгдэл, баримт, задгай зохиомж, оновчтой өвөрмөц эхлэл, төгсгөл, тухайн цаг мөчийн мэдрэмж, төрсөн сэтгэгдэл, санаанд үлдэхүйц өвөрмөц зүйл (деталь), түүний оновчтой байрлал, уран бүтээлчийн өндөр мэдрэмжээр сонгогдсон үг, хэллэг, нүдэнд харагдахуйц амьд сонирхолтой дүр, дүрслэл, сэтгэл хөдөлгөм, хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц уран яруу найруулгын өнгө аяс, амьдралын “амт”, дуу чимээ, өнгө төрхийг тэр чигээр нь буулгасан байдал зэрэг болно. Жишээлбэл, Л.Түдэвийн аян замын тэмдэглэлд “… Гэтэл онгоц маань хөөрөх талбай руу дөхөж явснаа зогсчихов. Тэгснээ удалгүй эргэж хөндлөн байрлалд оров. Ямар нэгэн саатал гарсан бололтой. Түр зуур саатаад мөдхөн нисэх биз гэж бид бодлоо. Учир нь барын зиндаанд хүрсэн орны олон улсын нислэгийн шугамд явж буй дээд зэргийн онгоц саатах ёсгүй юм шиг бат ойлгож явсан билээ. Гэвч саатдаг ажээ. Нэг цаг хүлээлээ. Гонконгийн чийглэг халуун агаар онгоцонд нэвтрэн орж давчуудаж эхлэв. Үйлчлэгч бүсгүйчүүдийн инээмсэглэл л харин зогссонгүй. Жимсний шүүс, хийжүүлсэн ус тэргүүтнээр биднийгээ аргалж дээр нь ялдамхан инээмсэглэлээ хачирласаар л байв" гэжээ.
Төрөл ангилал
засварлахЗураглалыг хэлбэрийн хувьд үйл явдлын зураглал, хөрөг зураглал, байгалийн тухай зураглал, асуудал хөндсөн зураглал гэж ангилж болно. Сэтгүүлч Ш.Цэрэнпилийн зарим бүтээл нь хөрөг зураглал бол О.Дашбалбарын “Хаврын сүлжээ буюу уянгын халил хэмээх зураглал”, Т.Баасансүрэнгийн “Уул усны нутгаар”, С.Батмөнхийн “Голын урсгал” байгалийн тухай зураглал. Ж.Мягмарсүрэнгийн “Чив чимээгүй Туул” асуудал хөндсөн зураглал юм.
Сэтгүүл зүйн зураглал хоёр үндсэн төрөлтэй. Зураглалд юуг үзүүлж байгаагаар нь:
- үйл /үйл явдал/-ийн зураглал,
- юмс, үзэгдэл /орчин, ахуй, байгаль/–ийн зураглал хэмээн хоёр үндсэн төрөлд хуваан үзэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйд тодорхой мэдээллийг үйлийн эсвэл юмсын зураглалаар илэрхийлэн дамжуулдаг байна. Тодорхой нэг үйл, үйл явдлыг зураглал ашиглаж уншигчийн нүднээ харагдаж, чихнээ сонстох мэт тодоор хүргэх нь түүний тухай ярих, энгийн мэдээлэхээс илүү нарийн мэдээлэл болдог.
Мөн үзэх
засварлахЭрдэм шинжилгээний өгүүлэл
засварлахЖ.Батбаатар, Зураглал сэтгүүл зүйн бичлэгийн нэгэн арга, хэрэглүүр болох нь