Очирбатын Дашбалбар

Очирбатын Дашбалбар (* 1957 оны 2 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд; † 1999 оны 10 сарын 16-нд Улаанбаатарт) Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч.

О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төрж, нутагтаа бага дунд сургуулийг төгсөөд, ЗХУ-ын Омскийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль /ТМС/, Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль 1985 онд төгсчээ.

О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлжээ.

Тэрбээр Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа.

О.Дашбалбар 1992 онд Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.

Бүтээлүүд

засварлах
  • Амьддаа бие биеэ хайрла
  • Тэнгэр шиг бай
  • Залуус дүү нартаа хүргэх шүлэг
  • Эх орон
  • Эх хэл минь
  • Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө
  • Оддын аялгуу
  • Гол ус намуухан урсана
  • Зүүдний мөнгөн шувуу