Зон Олны Нам
Зон Олны Нам ᠵᠣᠨ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠨᠠᠮ (товчоор ЗОН; Англи: DĒMOS party) 2016.12.06 өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үүсэн байгуулагджээ. Неоконсерватив /Нэн шинэ уламжлалт/ үзэл баримтлалтай, Монгол улсын нийслэл, 21 аймгийг хамарсан анхны "ЦАХИМ НАМ" бий болов.
Зон Олны Нам ᠵᠣᠨ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠨᠠᠮ | |
---|---|
Товчлол | ЗОН |
Президиум | Их хурал Бага хурал |
Дарга | Эрдэнийн Одбаяр |
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | Эрдэнэцогтын Батчимэг |
Байгуулагдсан | 2016 оны 12-р сарын 06 |
Бүртгүүлсэн | 2017.06.30 /10 дугаар тогтоол/ |
Төв байр | Улаанбаатар |
Гишүүдийн тоо (2022) | 21,600 |
Үзэл баримтлал | Неоконсерватизм |
Улс төрийн жигүүр | Төв-баруун |
Өнгө(нүүд) | Шар Хөх |
Уриа | "Мэдлэг Ялна" |
Улсын Их Хурал | 0 / 76
|
Намын туг | |
Цахим холбоос | |
www | |
Намын үйл ажиллагаа
засварлахМонгол Улсын нийслэл, 21 аймгийг хамарсан байнгын үйл ажиллагаатай улс төрийн нам. ЗОН-ын гишүүд гол төлөв салбаруудын мэргэжилтэн, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдсэн. Улс төрийн үйл ажиллагаа нь гишүүд дэмжигчдийн хандив, татвараар санхүүждэг, улс төрийн намуудад тулгамддаг орон зай, цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлийг бага зардлаар даван туулах зорилгоор цахим орчинд технологийн шийдэлд суурилсан “ЦАХИМ НАМ” нэгдсэн системийг бий болгон ашиглажээ. Ингэснээр Монгол Улсыг хамарсан улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагаа нь эрх баригч намуудтай харьцуулахад цомхон, хэмнэлттэй, хурдтай явагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд цахимаар гишүүдээ бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаас гадна намын сонгуульт гишүүд, удирдах албан тушаалтан зэрэг бүх түвшний ажилтан алба хаагчдын үйл ажиллагааг хөтлөн явуулах, намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ээс зохион байгуулж байгаа сургалт, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, сонгуульт гишүүдийн шалгуур үзүүлэлтийн бүртгэл шалгалтыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаа болон гишүүдийн мэдээлэл солилцох зэрэг олон асуудлыг “ЦАХИМ НАМ”-ын тусламжтай хэмнэлттэй зардлаар үр дүнтэй шийдсэн байна. Тус нам нь дэргэдээ эрдэм шинжилгээний байгууллага болох Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/, дотоод маргааныг хэлэлцэн шийдвэрлэх Дотоод Арбитрын Хороо /ДАХ/, намын дотоод хяналт шалгалтын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/ зэрэг чиг үүрэг бүхий байгуулалтай, Монголын анхны “ЦАХИМ НАМ” юм.
Үзэл баримтлал
засварлах20-р зууны 70-аад оны сүүлчээс хөгжингүй орнуудад неоконсерватизм нэлээд хүчтэй дэлгэрэх болсон нь нэг талаас консерватор үзэл санаа нийгмийн хөгжлийн явцад хүмүүсийн сэтгэл зүйн онцлог байдлын хувьд хадгалагдан хоцрох шинжтэй, онолын баримтлалын хувьд шинэ түвшинд гарч ирсэн. Түүнээс гадна эдгээр орнууд дахь неолиберал, социаль демократ чиглэлтэй эрх баригч хүчнүүдийн үзэл санаанаас хамаарч, нийгмийн сөрөг үзүүлэлт өсөх хандлага бий болсонтой холбоотой юм. Неоконсерватизм үзлийн үндсийг бүрдүүлэгч түлхүүр үзэл санаануудыг гурван бүлэгт хувааж үзэж болдог.
1. Хүний оюун ухаан нийгмийг ойлгох боломжын хувьд хязгаарлагдмал байдаг. Иймд улс төр, нийгмийн институтүүд ямар нэг төлөвлөгөө, төслийн үр дагавар бус харин хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн гэж үзнэ. Хүний оюуны энэ хязгаарлагдмал шинжийн тухай санаа консерваторуудыг түүхэн туршлага, уламжлалт үнэт зүйлс, хэм хэмжээ, залгамж чанарт үнэнч байх үзэлд хөтөлдөг байна. Эдийн засагт энэ нь чөлөөт зах зээл, өрсөлдөөн, хувийн үйлдвэрлэл, худалдаа, нийгэм оюун санааны салбарт юуны өмнө ёс суртахуун, шашныг хамгаалахад оршдог. Тэд Францын хувьсгалыг эрс шүүмжилж хамгийн сайхан сэтгэлийн угаас зохиогдсон хамгийн сайн бүдүүвч загварууд ч дандаа ичгүүртэй, гунигт үр дагавартай байдаг хэмээн үзэж консерватизмыг үндэслэгч Беркийн үзэл бодлыг баримталсаар байна.
2. Энэ бүлэгт хувь хүн, нийгэм төрийн харилцааны тухай асуудал ордог. Либералууд хийгээд социалистуудад байр сууриа сөргүүлэн тавихдаа неоконсерваторууд хувь хүнийг ивээн тэтгэгч төрийн тухай үзэл баримтлал, мөн нийгмийн шударга ёсны зарчмыг няцаахын хамт иргэд зөвхөн хуулийн өмнө тэгш байх ёстойг хүлээн зөвшөөрдөг байна. Тэгш байдлыг тогтоохыг оролдох нь ёс зүйд ч, эдийн засагт ч харш гэж тэд үздэг. Төрийн тухайд түүнийг нийтийн дэг журам, тогтвортой байдлыг хангах гол зэвсэг гэж батлахын зэрэгцээ эдийн засгийн амьдралд төр оролцохын эсрэг байдаг. Неоконсерватор үзлээр бол иймэрхүү оролцоо хувь хүний эрх чөлөөнд ноцтой хохирол учруулна гэдэг. Гэсэн хэдий ч засаглалын нэр хүнд, хууль ёс, дэг журмыг чухалчилан үздэг. Тэд өргөн ардчиллыг эрхэмлэхийн хамт түүнд анархи байдалтай адилтгах юу ч үгүй хэмээн хүлээн зөвшөөрдөг. Хүн эрх чөлөөтэй хэдий ч нийгмээс ангид байж болохгүй. Иймд энэ үзлийн үндсэн баримтлалыг “эхлээд нийгмийн үүрэг, дараа нь бие хүний эрх чөлөө” гэж тодорхойлох нь бий.
3. Нийгмийг хувьсгалт аргаар өөрчлөхийг эсэргүүцдэг.
Уламжлал шинэчлэлийн үзэл баримтлал хувьсгалын үзэл санаанд шууд харшилдаг гэж үзнэ. Хувьсгал бол ухамсартайгаар зохион байгуулагдаж, урьдчилан төлөвлөгдсөн байдаггүй бөгөөд тэр нийгмийг өнгөрсөн, ирээдүйгүй болгодог гэж үздэг. Энэ санааг шинэ либералууд ч дэмждэг. Тухайлбал К.Поппер нийгмийг өнгөрсөн үе, хуримтлуулсан туршлага, уламжлалаас нь таслалгүй аажим өөрчлөхийн чухлыг тэмдэглэсэн байдаг. Консерватив үзэл санаа 70-80 онуудад Өрнөдийн олон намын бодлогод ихээхэн үүрэг гүйцэтгэж АНУ, Англи, Герман, түүнчлэн Япон консерватор үзэл баримтлалыг ямар нэгэн хэмжээнд үзэл санаандаа тусгасан, түүнийг баримталдаг намууд засгийн эрх барих болжээ. 80-аад онуудад консерваторууд Барууны тэргүүлэх орнуудад эдийн засгийн өндөр өсөлт, нийгмийн тогтвортой байдлыг хангаж чаджээ.
АНУ-н эрдэмтэн П.Штейнфейльц “Неоконсерватизм бол дэвшилтэт зүйлсийг боловсруулж бий болгохоосоо илүү аливаа буруу ташаа гэгдэх юмсыг арилгахад л чиглэгдсэн шүүмжлэлт сөрөг үзэл юм” гэж тодорхойлсон байдаг. Үүнийг тодруулбал улс төрийн хүрээнд неолиберализмын уламжлал болсон “нийгмийн төрийн” тухай онолын эсрэг нийгмийн хязгаарлагдмал төрийн үзэл баримтлалыг сэргээн тавьсан, эдийн засгийн хүрээнд А.Смит, И.Бентам, Дж.С.Милль нарын үзэл санаанд тулгуурласан Кейнсийн онолын эсрэг Фридманы монетаризмын онолыг дэвшүүлсэн байна. Неоконсерватизм үзэл санааны хувьд уламжлалт консерватизмаас салаалсан боловч түүний өнөөгийн гол үзэл санааг дурдвал төр нь иргэний нийгмийн дээр байж болохгүй бөгөөд түүний эдийн засгийн амьдралд оролцох оролцоо нь мөнгөний эргэлтийн хэмжээг зохицуулах, инфляцийн эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах бүтцийн бодлого баримтлах явдлаар л хязгаарлагдах ёстой. Неоконсерватив үзлийг номлогчид нэг талаас чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн зарчмыг бүх талаар дэмжихийг, нөгөө талаас уламжлалт үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг чухалчилдаг.
Түүх
засварлах2006-2016
Монгол Туургатан Төв Холбоо анх зохион байгуулалтанд орж хүний эрхийн асуудлаар (Монгол үндэстэн, Монгол туургатнууд мөн хамаарна) болон нийгмийн зорилтот бүлэгрүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх, оюун санааны дэвшилд хөтлөх ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна. Монгол үндэстний соёлын өвийг орчин үеийн хэлбэр агуулгад шилжүүлэн хойч үедээ өвлүүлэх, олон улсад Монгол соёлыг сурталчилан таниулах, боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Зарим төслүүдээс товч дурдвал:
- Хүүхдийн асрамж "Янзага" бүлэг
- "Олон мод"
- "Хогондоо" эрүүл орчин
- “ЭРДЭМ” тэтгэлэгт хөтөлбөр
- "Монгол номын сан"
- "Монгол инженер"
- Тусгаар тогтнол 12.29 /Бахархал, танин мэдэхүй/
- Төрийн далбаа 07.10 /Бахархал, танин мэдэхүй/
- "Ethnosphere" - Монгол Үндэстний соёл урлагийн нэгдэл
- "Jangar project" - Жангар төсөл /Монголын соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн түгээх/
- "Fashion project" - Монголын хувцас загвар, зохион бүтээх салбарыг дэмжих хөтөлбөр /Тус төслийн хүрээнд хийгдсэн эхний ажил Монголын анхны загварын суваг "Fashion Channel"/
- Удамшлын өвчний судалгаа зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Монгол Туургатан Төв Холбоо нь өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд 2016 онд тус холбооны гишүүд дэмжигчдийн санаачлагаар Зон Олны намыг үүсгэн байгуулах ажлыг үзэл санаа нэгт нэгдэл, холбоо, нийгэмлэгүүдтэй /мөн Монгол Туургатан Төв Холбооны үйл ажиллагааг олон жилийн турш дэмжиж ирсэн гадаад улсад сурч ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дэмжлэг/ хамтран зохион байгуулжээ.
2016.12.06
ЗОН-ыг үүсгэн байгуулахад холбооны зарим гишүүд дэмжигчдээс нам бус 2000 гаруй хүн, мөн бусад үзэл санаа нэгт нэгдлүүдийн төлөөллөөс ЗОН-ын гишүүнээр элссэн байна. Энэ нь тус холбооны нийт гишүүд дэмжигчид ЗОН-ыг дэмждэг гэсэн үг биш боловч зохион байгуултанд голлох үүрэгтэй оролцсон байна. Зон Олны нам Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх эхний оролдлого нь бүтэлгүйтэж, хоёр дах оролдлогоороо Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхтэй улс төрийн нам болон мэндэлжээ.
Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдэж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нийслэл, 21 аймгийн төлөөлөгчдөө оролцуулан намын анхдугаар Их Хурлаар /2016.12.06/ Зон Олны намыг үүсгэн байгуулсан байна.
ЗОН-ын анхдугаар Их Хурлаас Бага хурал, Удирдах зөвлөл, Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Намын дарга гэсэн албан тушаалтнуудыг сонгож, намын байнгын үйл ажиллагаатай бүтцийг бий болгов.
2017.12.06
Зон Олны намаас улс төрийн анхны мэдэгдлээ гаргажээ. Энэхүү мэдэгдлээр дамжуулан Монголд хувьсгал биш хувьсал хийх хэрэгтэй, энэ нь оюун санааны хувьсал байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, Монгол Улсад байгаа боломж ба түүнийг хэрхэн ашиглах арга замыг дэвшүүлэн тавьсан байна.
2017-2021
Зон Олны нам идэвхитэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавин ажилласаар иржээ. Сөрөг хүчний хувьд нийгэм, эдийн засаг, улс төр, жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаар иргэдийн оролцоотой үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулж, оролцсоор байна. Зон Олны нам Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуульд бүх тойрогт нэр дэвшигчдээ илгээсэн нь тус намын хувьд анхны ээлжит сонгууль болсон. (ЗОН 2016.12.06-нд байгуулагдсанаас хойш анхны ээлжит УИХ-ын сонгууль) Зон Олны нам Монгол Улсын түүхэнд улс төрийн намуудаас хамгийн олон эмэгтэй кандидат УИХ-ын сонгуульд илгээснийг олон улсын ажиглагчид онцолсон.
Баримтлах зарчим
засварлах- Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, халдашгүй байдлын төлөө бат зогсож, Монгол улсын төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчимд тууштай байна.
- Эдийн засгийн эрх чөлөөг хүний эрхийн үндсэн баталгааны чухал хэсэг гэж үзнэ.
- Шинжлэх ухаан, боловсрол, мэдлэг туршлагыг хүн ард, улс орны хөгжлийн түлхүүр гэж үзнэ.
- Монгол үндэстний уламжлал, соёл ахуйг хүн ард, улс орны үнэлэшгүй баялаг мөн гэж үзнэ.
- Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байхыг тэгш эрхийн зарчим гэж үзнэ.
- Чөлөөт өрсөлдөөнийг улс төрийн эрх чөлөөний чухал хэсэг гэж үзнэ.
- Өнгөрсөн үеийн ололтыг хүндэтгэж, үргэлжлүүлэн залгамжилах нь өнөө цагийн бидний үүрэг гэж үзнэ.
Тангараг
засварлах“Би агуу их Монгол үндэстний өмнө Монгол улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө үнэнч үлдэж, Монгол улсын Үндсэн Хууль, намын дүрмийг чанд сахин биелүүлэхээ тангараглая. Намын гишүүн би өргөсөн тангарагаасаа няцвал Монгол улсын хууль, намын дүрмэнд заасан улс төрийн болон ёс суртахууны хариуцлагыг биечлэн хүлээнэ.”
ЗОН-ын бэлгэдэл, далбаа
засварлахЗОН-ын бэлгэдэл нь хөх өнгийн дэвсгэр дээр алтан шар өнгийн гал, нар, сар түүний доор нар зөв дотогш эргэсэн зөв дүрсийн хамт төв хэсэгт голлон байрлана. Түүний доор “ЗОН ОЛНЫ НАМ” гэсэн цагаан өнгийн крилл үсэг эсвэл Монгол бичиг байна.
-
ЗОН-ын бэлгэдэл
-
ЗОН-ын бэлгэдэл /Монгол бичгээр/
-
ЗОН-ын далбаа
-
ЗОН-ын далбаа /Монгол бичгээр/
Намын бүтэц
засварлах1. Зон Олны нам дараах бүтэцтэй байна:
1.1. Намын анхан шатны байгууллага аймаг, дүүргийн намын хороо.
1.1.1. Аймаг, дүүргийн намын хорооны хурал.
1.1.2. Аймаг, дүүргийн намын хорооны дарга.
1.2. Тойрог, Нийслэлийн намын хороо. Тойргийн намын хороо нь:
- Төв тойргийн намын хороо;
/Өвөрхангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь аймгууд хамаарна/
- Зүүн тойргийн намын хороо;
/Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд хамаарна/
- Баруун тойргийн намын хороо;
/Архангай, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгууд хамаарна/ зэрэг болно.
1.2.1. Тойрог, Нийслэлийн намын хорооны хурал.
1.2.2. Тойрог, Нийслэлийн намын хорооны дарга.
1.3. Зон Олны намын удирдах дээд байгууллага нь намын Их хурал мөн.
1.4. Зон Олны намын Их хурлын чөлөөт цагт намын төлөөллийн төв байгууллага Бага хурал /БХ/.
1.4.1. Зон Олны нам даргатай байнa. Зон Олны намын дарга нь намын тэргүүн мөн.
1.4.2. Зон Олны нам Ерөнхий нарийн бичгийн даргатай байна.
1.5. Намын хяналтын төв байгууллага нь Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/.
1.5.1. Хяналтын Ерөнхий Хорооны хурал.
1.5.2. Хяналтын Ерөнхий Хорооны дарга.
1.6. Бага хурлын өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллага Удирдах Зөвлөл /УЗ/.
1.6.1. Удирдах Зөвлөлийн хурал.
1.6.2. Зон Олны нам гурав хүртэл нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг Удирдах Зөвлөлийн хурлаас томилно.
1.7. Намын дотоод асуудал хянан хэлэлцэх Дотоод арбитрын хороо /ДАХ/.
1.8. Намын Эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг онолын нэгдэл /МОН/.
1.8.1. Мэдлэг онолын нэгдэл /МОН/-ийн зөвлөл
1.8.2. Мэдлэг онолын нэгдэл /МОН/-ийн дарга.
1.9. Намын дэргэдэх байгууллага болох холбоо, клуб байж болно. Дэргэдэх холбоо, клуб нь үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтаа Зон Олны намын дүрэм, үзэл баримтлалын хүрээнд зохицуулна. Үүнд:
- Шинээр зохион байгуулалтанд орж намын дэргэд холбоо, клуб үүсгэж болно.
- Шалгуурт нийцэх төрийн бус байгууллагууд Зон Олны намын дэргэдэх байгууллагаар нэгдэж болно.
- Хилийн чанад дахь Монголчуудын цахим нэгдэл, холбоо, клубууд.
Намын гадаад харилцаа
засварлахҮзэл баримтлал нэгтэй бусад улс орны нам, олон улсын холбоо, байгууллага, улс төрийн боловсролын сангуудтай харилцаа холбоо тогтоон ажиллаж байна.
Мэдлэг Онолын Нэгдэл
засварлахЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага МОН-ийн үйл ажиллагаа нь намын боловсон хүчнийг бүрдүүлэх, судалгаа, сургалтын ажлыг зохион байгуулдаг. Эрдэмтэд, багш, эмч, хуульч, сэтгүүлч, захиргааны дунд шатны ажилтан, сэтгэл зүйч, төлөвлөгч, инженер зэрэг ажилтнуудыг шинэ ангид оруулж, тэдний туршлага, мэдлэг боловсрол, хүчин чармайлтыг ашиглан улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх удирдах түвшинд гаргаж ирэх бодлогыг ЗОН баримталж байна.
Мөрийн хөтөлбөр
засварлахМонгол улсын онцлогт тохирсон тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, оюунлаг, эрүүл чийрэг, чинээлэг ард олонтой Монгол улсыг бий болгоход Зон Олны намын үүрэг оршино. Монгол үндэстэн түүхийн олон боломжгүй нөхцөл байдлыг амжилттай даван туулж ирсэн. Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг бидэнд байгаа боломж харуулж байна.
МОНГОЛД БАЙГАА БОЛОМЖ
- Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс
- Оюуны потенциал - Залуу хүн ам
- Гадаад харилцааны туршлага - Олон улсын харилцаа
- Геополитик, геостратегийн хувьд газар зүйн ашигтай байрлал
- Хоёр хөршийн эдийн засаг, зах зээл - Боломж
- Үзэсгэлэнт байгаль аялал жуулчлал - Шавхагдашгүй баялаг
- Нүүдлийн мал аж ахуй – Нөхөн үржигдэх баялаг
- Байгалийн баялаг – Хөшүүрэг
- Төрт ёс, түүх соёлын гүн гүнзгий баялаг уламжлал - Нэгдмэл
- Гадаад дотоодын болон шашин хоорондын тэмцэл мөргөлдөөнгүй – Тайван
Дээр дурдсан боломж дэлхийн олон улс үндэстний хувьд хүсэл мөрөөдөл нь билээ. Монгол улсын хувьд эдгээр боломжоо ашиглан хүрэх цэгээ тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх боломжтой.
ХҮРЭХ ЦЭГ
- Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх
- Эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах
- Хүний эрхийн үндсэн баталгааг хангах /Эдийн засгийн эрх чөлөөг хангах/
- Чөлөөт өрсөлдөөнт улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх
- Хууль дээдлэх зарчмыг хангах, чангатгах
- Төрийн цэгцтэй бүтэц, залгамж чанар, тогтвортой байдлыг бий болгох
- Улс үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх
ХУВЬСГАЛ БИШ ХУВЬСАЛ
Дэлхий хавтгайрсан энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол туйлын ихээр үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюун санааны гүн хямралыг гэтлэх нийгмийн захиалгаар Зон Олны нам эвлэлдэн нэгдэж байна. Зон олноороо ОЮУН САНААНЫ ХУВЬСАЛД нэгдэгтүн!
1. Монгол үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх
- Монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнийг Монгол улсад хэвийн түвшинд үнэлж, бусад улс орны хөдөлмөрчид, ард олны адилаар үр шимээ хүртэх эрх зүйн боломжийг бий болгоно.
- Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой Монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
- Монгол хүн бусад улсын иргэдийн адил бий болгосон баялаг, бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтаа олон улсын зах зээлд гаргаж, түүнээс үр шим хүртэх эрх зүйн орчинг сайжруулна.
- Монгол улсын хүн амын өсөлтийг тусгайлан дэмжих хууль эрх зүйн болон эдийн засгийн орчинг бий болгох бодлого хэрэгжүүлнэ.
- Нүүдлийн соёл ахуйг үнэлэх үнэлэмжийг сэргээж, хууль эрх зүй, эдийн засгийн оновчтой бодлогоор түүнээс хүртэх үр шимийг нэмэгдүүлнэ.
- Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулна.
- Монгол хүн, Монгол үндэстэн өөрийн онцлог бүхий түүх соёлыг бий болгож, хүн төрөлхтний хөгжлийн явцад өөрийн хувь нэмрээ оруулж, түүхэнд ул мөрөө тод үлдээж ирсэн нь Монгол хүнийг үнэлэх үнэлэмжийн нэгээхэн хэмжүүр юм. Монгол хүний түүхийн туршид бий болгосон ололт амжилтыг өнөө цагт үргэлжлүүлэн залгамжилахын төлөө ажиллана.
2. Төрийн цэгцтэй бүтэц, бодлого, залгамж чанарыг бий болгох
- Түүхэн туршлага, уламжлалт үнэт зүйлс, хэм хэмжээ, залгамж чанарт тууштай байх үзэлд суурилсан төрийн цэгцтэй, тогтвортой бүтцийг бий болгоно.
- Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг тогтвортой, тасралтгүй залгамжлах, “тогтвортой байр суурь” төлөвшлийг бий болгоно.
- Төрийн албаны ажилтан, албан хаагчдын ажлын байр, бүтцийг сонгууль дамжин өөрчилдөг асуудлыг улс төрийн шийдвэрээс бүрэн тусгаарлаж, хууль эрх зүйн хувьд нэг мөр шийдвэрлэнэ.
- Монгол Улсын “хүрэх цэг”-ийн бодлого, зарчмыг тодорхойлж, Төрийг зөв тийш цэгцрэх урсгалд хөтөлнө.
3. Эдийн засгийн эрх чөлөөг хангах /Хүний эрхийн үндсэн баталгааг хангах/
- Бусдаас эдийн засгийн хараат бус байхыг хүний эрхийн үндсэн баталгааны чухал үзүүлэлт гэж Зон Олны нам үздэг. Эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, эрх чөлөөт нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Хувийн өмчийг хамгаалах нь Зон Олны намын үүрэг, шударга зарчимд нийцнэ гэж үзнэ. Хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгохын төлөө өнгөрсөн үеийн хийсэн тэмцэл, эрмэлзлэл, ололтыг баталгаажуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулна.
4. Чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх
- Хүний эрхийн үндсэн баталгааны чухал үзүүлэлт болох эдийн засгийн эрх чөлөөг хангах замаар чөлөөт өрсөлдөөнд хөтөлнө.
- Чөлөөт өрсөлдөөний орчинд улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.
5. Эдийн засаг дах төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах
- Эдийн засагт нөлөөлөх төрийн бодлого, оролцоо шийдвэр байх ёстой. Харин энэ нөлөөллийн хэмжээг оновчтой, бодит байдалд тулгуурласан, оролцооны хувьд бүх шатанд биш тодорхой зохистой хэмжээнд байх ёстойг бодлогоор зохицуулна.
- Татварын цэгцтэй, тогтвортой, ойлгомжтой хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Бизнесийн гараанд нөлөөлөх төрийн нөлөө, дарамтыг зохих түвшинд бууруулна. Хүн бүрийн хөдөлмөрлөх хүсэл, боломжинд нөлөөлж байгаа хууль эрх зүйн орчны сул талыг засаж сайжруулна.
- Төрөөс эдийн засгийн амьдралд эдийн засгийн макро түвшний асуудлыг /инфляци, хямрал/ зохицуулах бодлогыг баримтлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Халамж, ажилгүйдэл, мөнгөний эргэлтийн хэмжээ зэрэг асуудалд төр анхаарал хандуулах, ард олны хэвийн амьдрах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг бий болгохоор зорино.
- Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн зарчмыг бүх талаар баримтлана.
- Эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох улс төр, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Зах зээлд өрсөлдөөнийг дэмжиж, эдийн засагт төрийн зохисгүй оролцох явдлыг хязгаарлана.
6. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ
- Шинхлэх ухаан, технологийн хөгжлийг Монгол улсын хөгжлийн гол тулгуур гэж үзнэ. Төрийн аливаа бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаан, технологи, мэдлэг туршлагад түших ёстой гэж үзнэ. Шинжлэх ухаан, боловсролын салбарыг өрсөлдөөнт зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгоно.
- Шинхлэх ухаан, технологийн бизнесийн орчинг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бизнест Монгол хүн, Монгол аж ахуйн нэгж байгууллага өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Намын дарга нар
засварлахд.д. | Нэр | Сонгогдсон огноо | Огцорсон огноо | Тайлбар |
---|---|---|---|---|
1 | Эрдэнийн Одбаяр | 2016 оны 12 сарын 06 | 2017 оны 9 сарын 23 | |
2 | Пүрэвсүрэнгийн Очирпүрэв | 2017 оны 9 сарын 23 | 2018 оны 4 сарын 22 | |
3 | Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс | 2018 оны 4 сарын 22 | 2020 оны 12 сарын 06 | |
4 | Эрдэнийн Одбаяр | 2020 оны 12 сарын 06 | Одоо байгаа |
Намын ерөнхий нарийн бичгийн дарга нар
засварлахд.д. | Нэр | Сонгогдсон огноо | Огцорсон огноо | Тайлбар |
---|---|---|---|---|
1 | Энхбаярын Идэр | 2017 оны 06 сарын 12 | 2018 оны 04 сарын 22 | |
2 | Эрдэнийн Одбаяр | 2018 оны 04 сарын 22 | 2020 оны 12 сарын 06 | |
3 | Эрдэнэцогтын Батчимэг | 2020 оны 12 сарын 06 | Одоо байгаа |