Жюль Камбон
Жюль-Мартин Камбон (Франц: Jules-Martin Cambon, 1845 оны 4 дүгээр сарын 5-нд Парис хотноо төрж 1935 оны 9 дүгээр сарын 19-нд Швейцарт нас барсан) - Францын улс төрийн зүтгэлтэн, дипломатч. Мөн Францын дипломатч, улс төрч Пьер Поль Камбоны дүү.
Тэрбээр хуульч мэргэжилтэй-өмгөөлөгч, 1870-1871 оны Франц-Пруссийн дайнд оролцож байсан. 1874 оноос Алжир дахь Францын Захирагчийн газар атташе-гаар ажилласан. 1878 онд Константин мужийн захирагч (Алжир). Норд (1882), Рона (1887) мужийн дарга.
1891-1897 онуудад Алжирын иргэний генерал-амбан захирагч байсан.
АНУ-д суугаа Элчин сайд (1897-1902), Испани-Америкийн 1898 оны дайныг зогсоох энхийн Гэрээ байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн. Мадрид (1902-1907), Берлин (1907-1914) дэх Францын Элчин сайдаар ажилласан.
Дэлхийн 1 дүгээр дайн эхэлсний дараа 1914 оноос 1918 онуудад Францын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.
Парисын энхийн Гэрээний хуралдаанд -Грек, Чех, Польшийн асуудал эрхэлсэн комиссын даргаар ажилласан.
1818 оноос Францын "Үхэшгүй мөнхийн Академийн" гишүүн.
1919 оны Парисын Бага хурлын бэлтгэл хангахад Францыг төлөөлж ихээхэн үүрэгтэй оролцсон.
1920 онд Ерөнхий сайд Ж.Клемансо ажлаа өгөхөд Ж.Камбон улс төрийг орхисон.
Камбон дайны дараах Францын санхүүгийн томоохон бизнес эрхлэгчдийн нэг болжээ. Тэрбээр Парис-Нидерланд банкны захирал, Төв Европын орнуудын банк, Суэцийн сувгийн компанийн дарга гэх мэт албан тушаал хашиж байжээ.
Тэрбээр 1929 онд алдарт "Дипломатч" (Le Diplomate ) номоо хэвлүүлсэн ажээ. Энэ ном англи, герман, испани, орос хэл рүү орчуулагдсан.
"Аливаа улс орныг танина гэдэг нь тэдний оюун санаанд уусаж, үзэл бодлынх нь уур амьсгалаар амьдарч, гадаад бодлого, дотоод нөхцөл байдлынхаа уялдаа холбоог ойлгож сурахыг хэлнэ ... Протоколын дүрэм журмууд өнөө үед жаахан хуучирсан юм шиг санагдаж байна. Гэхдээ тэдгээрийг ажиглаж хэрэглэхгүй байх нь сүмд орохдоо малгайгаа эсвэл сүмд орохдоо гутлаа тайлахгүй байхтай адил тэнэг хэрэг юм. Чухамдаа эдгээр ноцтой зүйлүүдэд бүх зүйл тийм утгагүй биш юм .." гэж Ж.Камбон хэлж байжээ.
Ж.Камбон 1935 оны 9 дүгээр сарын 19-нд Швейцарын Лозанн хотоос холгүй орших Вевий хэмээх жижиг хотод нас баржээ.