Жэньминь жибао (сонин)
Жэньминь жибао (хятад уламж. 人民日報, хялбар. 人民日报, пиньинь Rénmín Rìbào, палл. Жэньминь жибао, англи. People's Daily, орчуул: «Ардын өдөр тутмын сонин») — Хятадын өдөр тутмын сонин. Хятад, орос, англи, япон, франц, испани, араб, монгол, төвөд, уйгур, казах, солонгос, носу, жуан зэрэг хэл дээр гардаг байна. Хятадын Коммунист намын Төв хорооны албан ёсны хэвлэл юм.
"Жэньминь жибао" сонин бол дэлхийн тэргүүлэгч сонинуудын нэг бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий сонин юм. Мянга гаруй сэтгүүлч дэлхийн янз бүрийн улс орон, бүс нутагт 70 сонины салбаруудад ажилладаг байна. 2015 онд тус сонин өдөрт 3 сая 500 мянга хэвлэгдэж, жил бүр зуун мянга орчим хувиар нэмэгдэж байгаа юм.
1948 оны 6-р сарын 15-нд «Жэньминь жибао» сонин Умард Хятад дахь ХКН-ын товчооны хэвлэл болж Пиншань хотод хэвлэгдэж гарч байгаад 1949 оны 3-р сард Бээжин хот руу нүүсэн ажээ. Мао Зэдун өөрийн гараар нэрийг бичиж өгч байжээ. 1949 оны 8-р сарын 1-нд (БНХАУ байгуулагдахын өмнө) ХКН-ын Төв Хороо энэ сонинг төв хэвлэлээ болгох шийдвэр гаргасан байна.
«Жэньминь жибао» сонины онцлог бол редакцын нийтлэл, шүүмж бөгөөд «Жэньминь луньтань» («Ардын индэр»), «Сысян цунхэн» («Бодлын эрэгцүүлэл»), «Жэньшэн цзинцзе» («Хүний амьдралын ертөнц») зэрэг булангууд юм. 1985 оны 7-р сарын 1-нээс гадаад хэл дээрх хувилбар гарч эхэлсэн. 2009 оноос сонин төвөд хэл дээр хэвлэгдэн гарч эхэлсэн байна. 1997 оны 1-р сарын 1-ээс «Жэньминь жибао» сонины цахим хувилбар гарсан бөгөөд 2000 оны 8-р сарын 21-нээс сонины цахим хувилбарыг «Жэньминьван» («Ардын сүлжээ») гэж нэрээ өөрчилж тус улсын мэдээллийн чухал суваг болоод байна.
Энэ цахим сонин зогсолтгүй 24 цаг мэдээлэл гаргадаг байна. БНХАУ-ын газар нутагт «Жэньминь жибао» сонин 2 салбар, 36 сурвалжлах товчоотой , гадаадад 33 товчоотой.
Ерөнхий редакторууд: Жан Паньши, Ху Цяому, Фань Чанзян, Дэн То, У Лэнси, Ху Зивэй, Цинь Чуань, Ли Жуан, Цянь Лижэнь, Тань Вэньжуй, Гао Ди, Шао Хуазэ, Бай Кэмин, Фань Зинъи, Сюй Жунтянь, Ван Чэнь, Жан Яньнун, У Хэнцюань, Цай Минжао, Ян Жэньу, Ли Баошань нар.
"Жэньминь жибао" сонин цахимаар Хятадын ард түмнүүдийн хэл болон гол гадаад хэл дээр гардаг байна.