Жорж Помпиду
Жорж Жан Раймоон Помпиду (франц. Georges Jean Raymond Pompidou; 1911 оны 7-р сарын 5-нд Францын Канталь департаментын Монбудифт төрсөн- 1974 оны 4-р сарын 2-нд Парист нас барсан) - францын төрийн зүтгэлтэн, 1962-1968 онд Ерөнхий сайд, 1969-1974 онд Францын 19 дахь Ерөнхийлөгч (5 дахь Бүгд Найрамдах улсын) байсан.
Түүний Ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеэр Францын эдийн засгийн сэргэлт, техникийн шинэчлэл, түүнчлэн Европын бүтцийн цаашдын хөгжил дэвшил гарсан байна.
Намтар
засварлахТүүний эцэг Леон Помпиду (1887-1969), эх Мари Луиза Шаваньяк (1886-1945) нар тариачин гаралтай багш нар байсан. Тэрээр Альби хотод бакалаврын зэрэг авсан.
1931 онд тэрээр Парисын Энгийн дээд /багшийн/ сургуульд (франц. École normale supérieure) элсэн орохоос өмнө Их Луис лицейд ахлах сургуулийн бэлтгэл ангид суралцжээ. Тэнд түүнтэй хамт Сенегалын ирээдүйн ерөнхийлөгч Леопольд Сенгор сурч байв. 1934 онд тэрээр филологийн чиглэлээр уралдаанд 1-р байр эзэлж, эхлээд Марсельд, дараа нь Парис хотод IV Хенри хааны лицейд багшаар ажиллаж эхэлсэн байна.
1935 оны 10-р сарын 29-нд тэрээр Клод Кауртай (1912-2007) гэрлэжээ. Тэд хүүхэдгүй байсан бөгөөд 1942 онд Ален хэмээх хүүг өргөж авчээ. Ален Помпиду одоо Европын патентын хорооны даргаар ажиллаж байна. Дайны өмнө ч Помпидугийн гэр бүл урлагийн бүтээлийн асар их цуглуулгатай байжээ. Жоржийн гэр бүл насан туршдаа бие биедээ маш их холбоотой байсан бөгөөд дараа нь ерөнхийлөгчийн алба хаших үед тэд удаан хугацаанд салдаггүй байжээ.
Дэлхийн 2-р дайн эхэлснээр Помпиду багшийнхаа үйл ажиллагааг орхиж армид (141-р Альпийн явган цэргийн анги) явсан. 1940 онд Францыг ялагдах хүртэл тэрээр дэслэгч цолтой алба хааж, дараа нь Францын Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон байна.
Францыг чөлөөлсний дараа Помпиду анх генерал Шарль де Голльтой хамтран ажиллаж, 1945 онд Түр засгийн газарт (боловсролын зөвлөх), дараа нь Төрийн зөвлөл, аялал жуулчлалын хороонд ажиллаж байв. Помпиду Энгийн дээд сургуульд хамт сурч байсан эдийн засагч Гастон Палевскитэй холбоо тогтоосныхоо ачаар Засгийн газарт оржээ.