Жозеф Листер (Англи: Joseph Lister, 1827 оны 4 сарын 5 – 1912 оны 2 сарын 10) нь орчин үеийн мэс заслын салбарт халдваргүйжүүлэлтийн дэглэмийг нэвтрүүлж эхэлсэн английн мэс засалч.

1902 онд

Жозеф Листер 1827 онд Аптон хотод төрж 1952 онд Лондон хотод их сургуулийн дэргэдэх коллежид анагаах ухааны эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1861 онд Глазго хотод хааны цэргийн хээрийн эмнэлэгт мэс засалчаар томилогдон найман жил ажиллах хугацаандаа хагалгааны дараах халдваргүйтэлийн аргыг хэрэглэж байжээ. Хааны цэргийн хээрийн эмнэлэгт ажиллаж байхдаа хагалгааны дараа үхэл дэндүү их гарч байгааг ажиглаж сэтгэл нь үлэмж их зовдог байв. Хагалгаа хийсний дараа хүний биеийн эд эс үхэх зэргээр олон айхтар халдвар бий болох нь ердийн үзэгдэл байлаа. Ингээд халдварыг багасгахын тулд хариуцсан тасагтаа ариун цэврийг дээд зэргээр сахисан ч халдвар авах явдал буурсангүй. Эмнэлэгт халдвар бий болж байгаа нь "миазм" буюу хорт ууртай холбоотой гэж олонхи эмч нар үздэгийг хүлээн зөвшөөрсөнгүй.

Элдэв нян өвчин үүсгэдэг гэсэн Луй Пастерийн онолтой Ж.Листер 1865 онд танилцаж хэрэвзээ халдвар нянгаас үүсэж байгаа юм бол хагалгааны дараа үүсэж байгаа халдварыг бүрэн арилгахын тулд элдэв нянг ил шарханд орохоос нь өмнө устгах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Тэгээд карболын хүчлийг нян устгах хэрэгсэл болгон хэрэглэж эхэлснээр халдварыг эсэргүүцэх эмчилгээний цогц аргыг үүсгэн бий болгосон юм. Хагалгаа болгоны өмнө гараа савандан удтал угаадаг байсан төдийгүй хагалгааны бүх хэрэгсэл, хувцсыг сайтар ариутгадаг болов. Заримдаа хагалгааны өрөөнд карболын хүчил агаарт цацна. Ийм арга хэмжээний дараа хагалгааны дараах үхлийн тоо эрс цөөрч эхлэв. Эрэгтэй өвчтөнүүдийн тасагт хагалгааны дараах үхлийн хэмжээ 1861-1865 онуудад 45 хувь, 1869 онд 15 хувь болтлоо буурчээ. Хагалгааны дараах халдваргүйтэлийн аргын тухай анхны бүтээлээ Ж.Листер 1867 онд хэвлүүлсэн ч эмч нар хүлээн авсангүй. Гэвч түүнийг 1869 онд Эдинбург хотын их сургууль клиникийн хагалгааны тэнхимийн эрхлэгчээр урьжээ.

Энд долоон жил ажиллах хугацаанд түүний алдар нэр нь дэлхий даяар түгжээ. 1875 онд Германд уригдаж нээсэн аргынхаа тухай лекц уншсан бол дараа жил нь АНУ-д уригджээ. 1877 онд Лондон хотын хааны Анагаах ухааны коллежийн клиникийн хагалгааны тэнхимийн эрхлэгчээр томилогдож 15 жил ажиллав. Нас барах үед нь түүний нээсэн аргыг бүх дэлхий даяар хэрэглэж хэвшсэн байлаа. Ж.Листер таван жил хааны Анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч байж Виктория хатан хааны хувийн мэс засалчаар ажиллаж байв. Эхнэртэй ч хүүхэдгүй байсан ба 85 настайдаа 1912 онд Уолмер хотод нас баржээ. Түүний нээсэн арга нь мэс засалд хувьсгал болж олон сая хүний амь насыг аварсан юм. Єнөө үед хагалгааны дараах халдвараас шалтгаалж маш цөөхөн хүн үхэж байна гэж нотлож болохгүй. Гэхдээ хагалгааны дараах халдвар зуун жилийн өмнөх шиг аюултай байсан бол өнөөдөр хагалгааг зориглон зөвшөөрөх хүн тийм ч олон байхгүй байсан биз ээ. Тэрчилэн хагалгааны дараах халдварын аюул их байсан бол мэс засалч нар ч нарийн төвөгтэй хагалгаа хийхээс зүрхшээх байсан биз.

Хагалгааны дараах халдваргүйтэлтийн орчин үеийн техник нь Ж.Листерийн аргаас ялгаатай ч гол үндэслэл нь адилхан, арга нь илүү боловсронгуй болсон юм. Ж.Листерээс бараг хориод жилийн өмнө Унгарын эмч Игнац Земмельвейс (1818-1865) Вена хотын төв эмнэлэгт ажиллаж байхдаа хагалгааны дараах халдваргүйтэлийн аргыг эх барих зүй, мэс засалд хэрэглэж профессор цол хүртэж ном бичсэн ч олон нийтэд өргөн тархаагүй өнгөрчээ. Гэтэл Ж.Листер хагалгаа хийхдээ халдваргүйтэлийн аргыг байнга хэрэглэх лекц унших, ном бичих зэргээр эмнэлгийн практикт халдваргүйтэлийн аргыг хэрэглэхийн ач холбогдлыг дэлхий даяар бүх эмч нар итгүүлж чадсан гавьяатай билээ.

  1. "Жозеф Листер (Baabarpedia)". Internet Archive. 2008-08-09. Эх сурвалжаас архивласан огноо 2008-08-09. Татаж авсан: 2022-10-27.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)