Жованни Баттиста Перголези

Жованни Баттиста Перголези (Итали: Giovanni Battista Pergolesi, 1710-1736) - Италийн хөгжмийн зохиолч, хийлч, орган хөгжимчин. Неаполитаны дуурийн дэгийн алдартай төлөөлөгчдийн нэг бөгөөд опера буффагийн анхдагчдын нэг болно. Хэдийгээр тэр богино насалсан боловч энэ хугацаандаа багагүй тооны алдартай бүтээлүүдийг туурвин үлдээсэн байдаг. Ромд “Олимпиада” дууриа тавихаар очсоныг эс тооцвол түүний амьдрал Неаполиос холдоогүй юм. Тэрбээр 20 настай байхдаа 2 оратори бичиж, 21 настайдаа “Саллюстиа” гэдэг анхныхаа дуурийг бичжээ. Перголезийн уран бүтээлийн гараа эхнээсээ л шинийг эрэлхийлсэн, зоримог шийдлүүдийг уран бүтээлээрээ илэрхийлсэн туурвилууд байдаг. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь 1733 онд бичсэн “Зарц - хатагтай” дуурь юм. Неаполийн театрын захиалгаар хөгжмийн зохиолч Перголези опера-сериа бичиж байсан ба дуурийн энэхүү томоохон төрөл зүйлийн завсарлагаар хошин жүжгийн хэсгээс тоглодог байсан юм. Түүний нэг нь дээрх “Зарц-хатагтай” хошин дуурь болно. 1733 онд зохиосон “Ихэмсэг оргодол” дуурийн завсарт зориулсан (интермеди) хошин жүжиг нь энэхүү “Зарц - хатагтай” байжээ.    

1752 онд Парис хотноо тавигдсан энэхүү дууриас үүдэн Францын дуурийн урлаг, цаашилбал түүнийг үзэгчдийн дунд удаан хугацааны туршид үзэл санааны талцал бий болжээ. Нэг талдаа Францын дуурийн урлагийн оргил болсон Жан Филип Рамо нар байсан бол нөгөө талдаа Италийн хошин дуурийг дэмжигчид байв. Өөрөөр хэлбэл Францын хуучинсаг үзэлтнүүд болох Рамо нарын дуурийг дэмжигчид, нөгөө талдаа шинэ дэвшилт үзэлтнүүдийн хоорондын зөрчилдөөн байсан юм.     

1735 онд 25 настай Перголези бага зэрэг ханиад хүрсний улмаас нэгэн жижигхэн хотхонд эмчлүүлэхээр ирээд байхдаа шашны хөгжмийг сонирхож үзсэн ба энэ хугацаандаа хэд хэдэн сүмийн зориулалттай хөгжим бичсэний нэг нь “Stabat mater” байсан юм. “Stabat Mater dolorosa” буюу “гашуудан зогсох эх” хэмээн нэрлэж болох дундад зууны мөргөлийн уншлагаас сэдэвлэсэн энэхүү дууллыг католик мессагийн Аллилуйгийн дараа дуулдаг байжээ.

Хэдийгээр Жованни Баттиста Перголези 26 насандаа сүрьеэ өвчний улмаас нас барсан хэдий боловч түүний бүтээлүүд нь залуу уран бүтээлчийн гал халуун сэтгэлийг тэр чигээр нь үлдээсэн юм. Зөвхөн үлдээх төдий бус бусад уран бүтээлчдэд тодорхой хэмжээний нөлөөгөө үлдээж чаджээ. Түүний уран бүтээлээс үүдэн Жан Жак Руссо “Тосгоны үзмэрч” дууриа бичиж байсан бол Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинский 1735 онд Перголезийн бүтээсэн “Фламиний” дуурийн сэдвээр хожим “Пульчинелла” балетаа туурвижээ.

“Зарц-хатагтай” дуурь нь эрч хөгжих үйлдэл, итали ардын дуу хөгжимтэй нэлээд ойрхон байж болох хамгийн энгийндүү хөгжим, дүрүүдээ хөгжмөөр гайхалтай илэрхийлэн дүрсэлсэн зэргээрээ онцгой бүтээл юм. Энэхүү дуурьт дуулдаг хоёр л дүр байдаг учраас хөгжим нь ари, дуэт зэргээс хол хэтрэх зүйл үгүй. Цаашдаа дараа дараачийн буффа дуурийн урлагт хэрэг болохуйц гэхээр басс хоолойн үсрэлттэй интервал бүхий хошин яриа байх бол сопрано хоолойд хөнгөн, хөгжилтэй, магадгүй бүжгийн гэж болохоор аялгуу өгөгдсөн байдаг. Гол дүрүүдийн аринууд нь аажмаар клавесинтай речитатив secco-той нийлнэ. Хэдийгээр энэ жүжиг нь бие даасан дуурь байгаагүй учраас “Зарц-хатагтай”-д удиртгал хөгжим байдаггүй. Харин хожим түүний өөр нэгэн дуурийн хөгжмийг авч удиртгал болгож хэрэглэсэн байдаг.  

“Зарц-хатагтай” дуурийн дүрүүд:

  • Доктор Уберто – ганц бие эр (басс хоолой)
  • Серпина – түүний зарц (сопрано)
  • Веспоне – Убертогийн зарц(хэлгүй дүр)

Үйл явдал нь XVIII зууны Италийн Неаполь хотод болно.