Жа ламын толгой

Жа ламын толгой хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй түүхэн сэдэвтэй бүтээлүүдийн нэгэн боть болно. Монгол орон, монголчуудын тухай хэд хэдэн бүтээл туурвисан, авьяаслаг судлаач, чадварлаг нийтлэлч Инесса Ломакинагийн бичсэн энэхүү баримтат уран сайхны нэн сонирхолтой, сургамжтай ном манай мэргэн уншигчдад машид таалагдана гэдэгт огт эргэлзэхгүй байна. ОХУ-ын Улсыг аюулаас Хамгаалах Хорооны архив, Оросын Антропологи, угсаатны зүйн музейн болон ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын институтийн Ленинград дахь салбарын архивуудад хадгалагдаж буй ховор, нууц материалд түшиглэн бичсэн энэ ном Жа ламын амьдрал, үйл ажиллагааг ойлгож тодруулахад чухал баримт, хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. Энэхүү номыг эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлд зүй ёсоор тооцвол зохино. Архивын материалаас гадна И.Ломакина түүхийн сурвалж бичиг, төр засгийн тогтоол шийдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны олон ном зохиолыг ашигласны зэрэгцээ Монголд удаа дараа ирж, суурьшин амьдарч эрдэмтэд, түүхийн гэрч болох хүмүүстэй биечлэн уулзаж, тэдний яриа дурдатгалыг сонсож байсан нь нэн сайшаалтай юм. Шинжлэх ухааны зөв арга зүйг оновчтой баримталсан нь номын ач холбогдлыг бас өргөж байна. “Жа ламын толгой” гэдэг энэхүү ном бол зөвхөн Дамбийжанцангийн тухай биш, тэр үеийн Монгол орны нөхцөл байдал, гадаад дотоод хүчин зүйл, төр засгийн бодлого, зорилт, ард иргэдийн хүсэл зориг, санаа сэтгэл, Жа ламын анд нөхөд, атаат дайсны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл мөн. Энэ утгаараа тухайн сэдэв шинжлэх ухааны судлагдахуун болох бүрэн үндэстэй юм.

ЖА ЛАМЫН ТОЛГОЙ
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчИ.Ломакина
Эрхлэн гаргасан он2011
ХэлМонгол
ISBN код978-99962-0-352-7
АнгилалМонголын түүх
Форматхатуу хавтастай
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Гарчиг засварлах

I БҮЛЭГ. 3394 дугаарын үзмэр засварлах

Бараг хагас зууны турш Их тал нутгийг донсолгон, нүүдэлчдэд итгэл бишрэл, айдас хүйдэс төрүүлж явсаар амьд сэрүүндээ хутагт хувилгааны зиндаанд өргөмжлөгдсөн Жа лам хэмээгч бол академич И.М.Майскийн хэлснээр “гарцаагүй гарамгай хүн” байжээ. Монгол Улсын Дотоодыг хамгаалах газраас маш нарийн боловсруулж сайтар бэлтгэсэн ажиллагааны дүнд 1922 оны (усан нохой жилийн) эцсээр, уг ажиллагаанд оролцсон Харти Кануковын хожим бичсэнээр 1923 оны эхээр баривчлагдан алагдсан Жа ламын толгойг жадны үзүүрт өлгөн, түүний нэгэнт үгүй болсныг монголчуудад үнэмшүүлэн итгүүлэх зорилгоор газар сайгүй харуулан давхиж “Жа лам мөнхийн хутаг олсон хүн биш байжээ”, “Одоо тэр үгүй болов”, “Жа лам үхсэн!” хэмээн сүр бадруулан зарлаж явсан гэдэг. Өстнүүдийнхээ өвчүүг хадаж, улаан гараараа зүрхийг нь суга татан, нүдийг нь бүлт шахаж, чихийг нь огтолж явсан тэр хүн өөрөө аймшигт үхлээр өөд болсон байна. Хувьсгалт өөрчлөлтийн их шуурган дунд Жа ламыг цааш харуулсан нь Буддын шашны бурхдад өргөсөн тахил байсныг хэн ч тааж мэдээгүй байсанд л гол ялгаа оршиж байлаа. Шарын шашны, дайснуудын зүрхийг суга татан цусыг нь уухаар завдаж амаа ангайн, илдээ далайсан байдлаар ариусгагч хүчтэй галын дөлөн дээр ямагт дүрслэгдэх учир жанцантай догшин дүрт Махгалын хувилгаан Жа лам өөрөө муу муухайг зүгээр нэг ялан дийлээд зогсдоггүй, бас ямагт баясан хөөрдөг байсан аж. Санаандгүй учралаар 1925 оноос эхлэн аугаа Петрийн үндэслэсэн Кунсткамерийн алдарт музейн содон үзмэр болсон Жа ламын хатаасан толгой 65 гаруй жилийн турш тэндхийн үзмэрийн агуулахад химийн бодис формалинаар дүүргэсэн шилэн саванд аниргүй хадгалагдаж байна. Хүмүүс үхэж, орд харш, музейн үнэт үзмэрүүд үрэгдэж байсан Ленинградын бүслэлтийн аймшигт жилүүдэд ч уг толгой байсаар л байсан бөгөөд хэзээ ч үзмэр болж нийтийн өмнө ил тавигдаж байсангүй. Ер нь ч тэгээд тавигдахгүй биз ээ... “Тал дахь бослого” (Autstland in der Steppe) гэсэн өргөн цар хүрээтэй кино хийх гэж олон жилийн турш мөрөөдсөөр ирсэн кино зохиолч, найруулагч Петер Садецкийн даалгаврыг биелүүлэхээр ирсэн Баруун Берлиний эрдэмтэн, Зөвлөлт судлаач Карин Вольфод зургийг нь авахуулах гэж музейн сан хөмрөгт резинэн урт бээлий өмсөн 3394 дугаарын үзмэрийг нэгэн эмэгтэй гаргаж ирэхэд миний сэтгэл нэг л хачин оргиж, дотор эвгүйцээд явчхав.

II БҮЛЭГ. Амарсанаа болон түүний тухай домог ярианууд засварлах

Бидний хэн маань ч гэсэн нас барсныхаа дараа загас жараахай ч юм уу, араатан жигүүртэн ч юм уу, ямар нэгэн амьд амьтанд хувилж, өөр төрлийг олно гэж буддын шашин номлодог. Шашин шүтлэг, сүсэг бишрэлийг хамгаалагч догшин бурхан Махгалын хувилгаан гэж ламын шашны үздэг XYIII зууны үеийн Ойрадын ван Амарсанаагийн хойд дүр хэмээн Жа лам өөрийгөө зарласан ажээ. Энэ үг (зарласан л бол зарласан л биз!) өнөөдөр хэдхэн жилийн өмнөхийг бодвол ямар энгийн сонсогдож байгаа нь бараг гайхал төрүүлнэ. Хэрэв бид эдүгээ Жа ламын төрсөн он, cap, өдрийг нарийн сайн мэдэж байсан сан бол түүний энэхүү зарласныг орчин үеийн тооцоолох техникээр шалгачхаж болохсон. Би тоглоом шоглоомын байдлаар өөрийнхөө тухай компьютерээр үзтэл гайхал төрмөөр дүн гарч билээ. Анх би 1575 онд Монголд төрсөн бөгөөд анчин эр, бас шашны тайлга тахилгыг гүйцэтгэгч байжээ. Компьютерийн энэхүү тоглоом мэт зүйлийг нэг талаас шоолон инээгээд өнгөрч болох ч нөгөө талаас сайтар эргэцүүлэн бодсон ч болно. Ингэхэд би ер нь яагаад Монголын тухай асуудлыг дахин дахин авч үздэг билээ? Яагаад түүнийг орхиж чаддаггүй юм бэ? Монголын тал нутаг, түүний агь тааны хурц агаад анхилуун үнэрт яагаад тэгтэл дуртай байдаг юм бол? Яагаад ер нь эсгий гэрийн тооноор үүрийн цолмон харагдаж, өвсний шивнээ, салхины сэржигнээн сонстон байх хотын бидэнд огт байдаггүй, огт өөр маягийн уянгалаг яруу мэдрэмж бүхий л насан туршид минь баяр баясгалан төрүүлсээр байна вэ?... Яагаад би яг л анчин эр шиг улайран зүтгэсэн архивын зузаан хавтаснууд дундаас хэрэгтэй зүйлээ олон олтлоо эрж хайдаг юм бол? Хулгана, мэлхий мэтийн амьтдын аминд хүрэхийг жигшин зэвүүцдэг маань миний урьд дүр болсон монгол анчин эр цагтаа үй түм харваж буудаж, өдий төдий амьтныг хядаж алсантай холбоотой байж ч болох нь ээ...

III БҮЛЭГ. Амарсанаа анх эргэж ирсэн нь засварлах

Амарсанаа анх эргэж ирсэн тухай Төв Азийг шинжлэн судалсан Оросын нэр хүндтэй жуулчид XIX зууны эцсээр бичиж байжээ. 1892 онд Халхын анхны богд Өндөр гэгээн Занабазарын шарил хадгалагдаж байдаг Амарбаясгалантын хийдэд Петрбургийн профессор А.М.Позднеевийг ирэхэд өнгөрсөн жил энд ирээд явсан “30-40 орчим насны Дамбийжанцан гэдэг их алдартай ламтай уулзаж байсан эсэхийг” нь хийдийн бичээч лам асуусан байна. Тэр лам өөрийгөө Амарсанаагийн ач хүү, түүний Төмөрсанаа гэдэг хүүгээс төрсөн Дамбийжанцан хэмээдэг гэж ярьсан болохыг бичээч лам хэлсэн хэмээн А.М.Позднеев тэмдэглэжээ. Цаашилбал, тэрхүү лам монголчуудыг хятадын ноёрхлоос чөлөөлнө, тэгэхийн тулд асар удалгүй умард зүгээс цэргүүдтэйгээ ирнэ гэж өөрийгөө газар сайгүй танилцуулан зарлаж явжээ. Мөнөөх бичээч тийм цэрэг айсуй яваа юм уу, аян дайнд бэлтгэж байгаа сураг ажиг сонсогдож дуулдсан эсэхийг нууцаар ч атугай хэлж өгөхийг профессороос гуйсан аж. Тиймэрхүү юм огт сонсоогүй гэдгээ Позднеев бичээчид хариулсан бөгөөд цаг хугацааны байдлыг бодоход 1755 онд (яг үнэндээ 1758 онд) таалал төгссөн Амарсанаад эдүгээ 30-аад настай ач хүү байх аргагүй юм гэдгийг тайлбарлажээ. Ёндон бичээч анхааралтай сонссон хэдий ч эргэлзсэн, гуньсан төрхтэй байсан аж. Тэгэхдээ тэрхүү бичээч ч, бусад монголчууд ч тэр хүнийг Амарсанаагийн ач хүү мөн гэдэгт, бас түүний хэлж ярьсан болгон үнэн гэдэгт итгэж байгаа нь түүний цаашдын ярианаас илэрхий болжээ. Энэ бүхэн гарцаагүй үнэн гэдгийн баталгаа болгож тэрхүү ламыг сампингийн оронд алтан очир оройд нь хадсан малгайтай байсан тухай бичээч ярьсан аж.

IV БҮЛЭГ. Төвд оронд очсон нь засварлах

Бурхны шашинтан Оросын харьяат нарт бурхны орон Лхаст очно гэдэг асар хүнд байсан Буриад нутгийн арван найман настай Агваан Доржиев хөвүүн Монголоос гаралтай хэмээн худал мэдүүлж байж л Төвдөд очиж чаджээ. Тэндхийн хийдэд буддын философийг гүнд нь хүртэл судлан лхарамбын мяндаг хүртэж, XIII далай ламын номын багшаар томилогдсоныхоо дараа тэрбээр Оросоос тэнд очих гэсэн хүн болгонд чадлынхаа хэрээр тусалж байсан байна. Петербургийн их сургууль төгссөн буриадын эрдэмтэн Г.Цыбиков өөрийн багш профессор Л.М.Позднеевийн зөвлөсний дагуу эгэл жирийн мөргөлчний дүрээр явж тэнд очсон бөгөөд энэхүү гайхалтай аяллынхаа талаар “Шарын шашны мөргөлчин Төвдийн шүтээний дэргэд” номдоо өгүүлсэн байна. Цыбиков Төвдөөс маш олон салбарын мэдлэгт хамаарах өдий төдий ном зохиол, гэрэл зураг авчирсан ба Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэг түүний нэрэмжит алтан медаль бий болгон Н.М.Пржевальскийн нэрэмжит шагналыг өөрт нь олгожээ... Тэрхүү мөргөлийн ажил нь асар их эрсдэлтэй, амь нас дүйсэн, хэдэн жилийг эзэлсэн, удаан хугацааных байсан агаад хүнээс эрүүл мэнд, тэсвэр хатуужил, эр зориг, юм бүхнийг шаардсан байлаа. Жа лам Төвд рүү 1899-1901 оны хооронд П.К.Козловын экспедицитэй хамт явсан гэдэг мэдээ байдаг ба энэ санааг анх (Д.И.Кряжевийн ярианд үндэслэн) И.М.Майский “Орчин цагийн Монгол” номдоо тэмдэглэсэн байдаг. Жа лам тэгэхэд Шарав гэдэг нэрээр газарчин хийж явсан бөгөөд “өөрөө Лхаст очих боломжгүй П.К.Козлов уулзах газрынхаа талаар тохиролцуулахаар Жа ламыг явуулсан байна. Жа лам Лхасаас буцаж ирээд болзсон газраа Козловтой уулзаж чадаагүй гэх шалтгаанаар Карашарт очсон ажээ.” Яваандаа “гэх шалтгаанаар” гэдэг нь алга болж, уг баримт гарцааг үй болох нь баталгаажин ном зохиолд орсон байдаг. Мөнөөх Кряжев цааш нь Майскийд өгүүлснээр бол арван жилийн дараа 1910 онд Карашар дахь гэрт нь Жа лам гэнэтхэн ирсэн...

V БҮЛЭГ. Амарсанаа дахин ирсэн нь засварлах

Тэр хүн Далай ламаас адис хүртсэн байх ёстой нь гарцаагүй юм. Ламын шашин шүтдэг Тал нутагт ирсэн Амарсанаагийн “ач хүү”, хувилгаан хүн адис хүртэх нь зайлшгүй байх ёстой зүйл байв. Жа лам бүхэл бүтэн гучин таван жилийн турш Монгол орныг тэр чигээр нь ховсдолтын байдалд байлгаж байсан бөгөөд Ю.Н.Рерихийн үгээр: “амьдрал нь нууцаар дүүрсэн, хаанаас гаралтай, чухам ямар бодол санаа агуулж явсныг нь хэн ч үл мэднэ... Үйл ажиллагааны талбар Астраханаас Бээжин хүртэл, Өргөө хотоос Энэтхэг хүртэл азийг бүхэлд нь хамарч байлаа.”22 Нүүдэлчин ахуй амьдралд, соёл иргэншлээс хол хөндий төрж өссөн баатар эрийн талаар мэдээлэл олох бололцоо байдаггүй гэж өнөөгийн зарим хүмүүс буруу зөрүү боддог юм шиг байна. Жа ламын үед амьдарч байсан Тал нутгийн зарим нэртэй хүмүүсийн намтрыг аваад үз л дээ. Чухам ямар тодорхой газар оронд төрж, хэний гараар орж, сурч хүмүүжсэн зэргийг төдийгүй өөр олон юм ч мэдэж болно. Жишээлэхэд, Г.Цыбиков эцгийнхээ талаар өөрийнхөө номд нэлээд оруулж, бага залуудаа тэрээр шашны мяндаг зэрэгтэй болохыг хүсдэг байсан ч бөө мөргөлийг хатуу баримтлан шүтдэг эцэг эх нь зад эсэргүүцэж, бие даан монгол, төвдөөр уншиж бичиж сурсан нь хожим ажил, албан тушаалтай болоход хэрэг болсон тухай бичсэн байдаг. Агваан Доржиев гэхэд л Хори нутгийн Хар шивэрт гэдэг газар малчин айлын гэрт төрсөн бөгөөд анхны багш нь Агын дацангийн Намнан гэгээн байжээ. Монгол Улсын Гэгээрлийн яамны анхны сайд Эрдэнэбат хаан анкетдаа бичихдээ эцэг эх нь хагас нүүдэлчин, малчин-тариаланч хүмүүс байсан бөгөөд “байшин, гэр, хагалгааны газар, хадлангийн талбайтай, 5 аравт газарт тариа тарьдаг” байсан, эцэг эх нь хоёулаа хувьсгалаас өмнө нас барсан, өөрөө багш нарын түр сургуульд суралцаж байсан гэх мэтийг оруулжээ. Эд нар цөм л XIX зууны нүүдэлчдийн хүүхдүүд байсан билээ.

VI БҮЛЭГ. Шинэ тоололд орсон нь засварлах

Монгол орон сэрэв. Монголыг колончлох бодлогоо идэвхжүүлж, нийслэлд нь байгаа цэргийнхнийхээ тоог нэмэгдүүлэн, үлэмж хэмжээний уудам нутаг оронд хятад иргэдийг байрлуулан суурьшуулахаар Бээжингийн засгийн газар шийдээд байсан үед Монгол орон сэрэв. 1911 онд Хятад хувьсгал гарч, Манжийн ноёрхол унан Бүгд найрамдах улс тогтож, түүнчлэн Орос улс тусламж дэмжлэг үзүүлэх болсноор Монголд эргэлт гарах явц түргэсжээ. Энэ үед Гадаад (буюу Ар) Монголд 100 мянга орчим хятадууд оршин сууж байсан ба харийн түшмэлүүд хийгээд худалдаачдын ичгүүр сонжуургүй дээрэм тонуулд нэрвэгдсэн ард олны дургүйцэл туйлдаа хүрээд байлаа. И.М.Майскийн тэмдэглэснээр, Монгол дахь хятадын хамгийн юм Даашинхүүгийн пүүс гэхэд л ганцаараа жил тутам 500 мянган хонь, 70 мянган адууг өрийнхөө хүүд ард олноос авч Хятад руу туудаг байжээ. Халхын ихэс дээдсийн нэрийн өмнөөс Богд гэгээн Оросын цагаан хаанд хандан тусламж гуйж, гантай жилийн бороо адил түүний хүчин туслалцааг гүнээ хүсэж байгаагаа илэрхийлжээ. И.Майскийн тодорхойлсноор “Хятад, Орос хоёрын хооронд газарзүйн болон улс төрийн талаар хавчигдсан Монгол орон дуртай ч, дургүй ч хувь заяагаа бидэнтэй хуваалцахаас өөр аргагүй байв.” Хоёр зуун хорин жил Бээжингийн Засгийн газрын эрх мэдэлд байсан Монгол орон эдүгээ Хятадаас хөндийрөхийн тулд тус орон дахь өөрчлөлтийг нэлээд сонирхох болсон умард хөршийнхөө дэмжлэгт түшиглэх ёстой болсон байв. 1921 оны хавар Эрхүү хотноо хэвлэгдсэн “Современная Монголия” хэмээх асар баян материал бүхий номдоо дараа дараагийн үед зааварчлагдан зохион байгуулагдаж, засварлагдан боловсруулагдсан гажуудал, нэмэлт хасалтгүйгээр: “1911-1912 онд Автономит Монгол улс байгуулагдсан нь Орос улсын дэмжлэгтэйгээр хийгдсэн ажил байсан нь хэний ч хувьд нууц зүйл биш юм” хэмээн шууд бичсэн байдаг.

VII БҮЛЭГ. Нийслэлээс алс газарт засварлах

Улиастай дахь сүүлчийн манж амбан Дин-Бан-Цзо-Фу-Цзян-Цзюн гэсэн ихэд сүржин нэртэй нэгэн байлаа. Эргэн тойрон шороон далан бүхий, хоёр талдаа цамхагт бэхлэлттэй хуучин хэрмийн дотор түүнтэй хамт гурван зуугаад цэрэг байв. XIX зууны эцсээр А.М.Позднеев Улиастайн Цзян-Цзюнг “Их цагаан хэрмийн чанад дахь тэргүүн зэргийн чухал албан тушаал” хэмээн тэмдэглэсэн байна. Манжийн засаг захиргааны тэргүүн 1696 оноос хойш ямагт Улиастайд байсан бөгөөд хуучин ажил үүргээ нэгэнт гүйцэтгэхээ больсон хятад албан хаагчид одоо зөвхөн тогоочид, ногоочид, оёдолчдын алба хаших болж, хэрмийн гаднах гэрүүдэд тэдний монгол эхнэрүүд, хүүхдүүдтэйгээ амьдран сууж байлаа. Одоо энэ бүхнийг орхих болох нь… Дэлгүүр лангуунуудаа тонуулж, өрийн дансаа шатаалган үхтлээ айсан хятад наймаачид өмгөөлөл эрэн Ховд, Улиастай руу цуврах болов. Үйл явдлыг нүдээрээ үзсэн А.В.Бурдуков “Алж талж, хүчирхийлж, зодож нүдсэн явдал ганц ч гараагүй боловч эвдэн сүйтгэсэн нь хятадуудын цөсийг хагартал айлгасан байлаа. Гол төлөв ийм юм болдог байв. Орой болохын хэрд хэдэн монгол хүн давхиж ирээд орилж хашгичиж, хятадуудыг даруй зайлахыг Шаардан, эс явбал хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлнэ. Хятадууд тал бүр тийш сандран дутаамагц эд юмыг нь хуу хаман авч одох бөгөөд өрийн дансыг шатаачихдаг байлаа...”30 Хөөгдөж туугдаж байгаа хятадуудын тухайд монголчууд юу дуртайгаа хийдэг байсны нэг жишээ бол Улаангомд тоосгоор хоёр сүм барьж байсан арван найман хятад барилгачидтай тохиолдсон явдал юм. Олноо өргөгдсөний хоёрдугаар оны тэрхүү түгшүүрт зун Баруун Монголын хамгийн нэр хүндтэй язгууртан болох Жалханз хутагтын шийтгэсэн бичиг бүхий тэдний жингийн цуваа Улиастайг дайран нутгийн зүг хөдөлсөн байна. Баядын нутагт ормогц тэдний гучин тэмээн ачаа юу ч үгүй дээрэмдүүлж тонуулан алга болжээ. Хийсэн хэргийг нь бүхэл бүтэн хошуугаараа хариуцдаг ёс журмаас ч баядууд айсангүй.

VIII БҮЛЭГ. Ховдыг бүсэлсэн нь засварлах

Магсаржав гүн харанхуй шөнийг далимдуулан тамгаа өвөртөлж жасаагаа хаагаад Ховдоос Өргөө хотыг чиглэн хөдлөхөд ойрын өртөөний монголчууд холдон нүүжээ. Хахир хаврын эхээр нууцхан мордсон түүнийг Өргөө хотноо ирж, өнөөгийн хэлдгээр “ажилд орсон” тэрхүү явдлын учир шалтгааныг 1942 онд маршал Х.Чойбалсан тайлбарлахдаа, түүнийг баривчлах гэж байгааг дотно түнш хятад нь мэдээлсэн учир ийнхүү дутаан зайлсан гэжээ. 1980 онд Ширэндэв бүр тодруулж манж нар Ховдыг сайн дураараа орхин явахыг хүсэхгүй байгаа тухай Автономит Монголын Засгийн газарт мэдэгдэх зорилготой байсан гэжээ. Тэгэхдээ Ширэндэв 1942 онд хэвлэгдсэн дээрх бүтээлд тулгуурлан Магсаржав яг мордохдоо хамтран зүтгэгчдэдээ (Чойбалсаны бичсэнээр бол өөрт нь морь барьж өгсөн өртөөчин Мөнх гэдэг хүнд) захиас болгон: “Хэрэв амбан яаманд та нарыг дуудаж байцаавал юуг ч нуулгүй цөмийг нь ний нуугүй хэлээрэй. Миний биеийг Төв Засгийн газартаа тэдний шаардлагыг амбан сайд хүлээж авахгүй татгалзахын хамт элдэв мууг сэдэж байгаа хэмээн мэдүүлэхээр явлаа, бас намайг тун удахгүй их цэргийн хамт эргэн ирж, харгис хатуу энэ дэглэмийг үүрд зүйл дуусгана гэсэн гэж хэлээрэй. Би эгэл жирийн хятад худалдаачид, гар урчуудад муу юм санахгүй, тэднээс авах өшөө ч байхгүй. Ард түмнийг маань ингэтэл зовоосон манжийн эрх баригчидтай л би тооцоо хийнэ”33 хэмээсэн байна. Ахмад үеийнхэн, үндэсний баатруудын эх оронч үг яриа маш чухал болоод байсан дайны тэрхүү хэцүү жил маршал Чойбалсанд зориулж хэн ийм “уран сайхан” үг олж бичсэнийг Монголд гаргаж тавих цаг ирэх байх гэж надад бодогдоно. “Монголын гарамгай зүтгэлтний” тухай ард түмний ой дурдатгалыг сэргээж “ардын Хатанбаатар Магсаржав амьд биелэл нь болж байсан хязгааргүй шударга, үнэнч, эрэлхэг чанаруудын үзэл санаагаар” манай цэргүүдийг “хүмүүжүүлэхэд дөхөм үзүүлэх” зорилгоор санаанаасаа зохиосон ганц ч үг, өгүүлбэргүй” уг номоо бичсэнээ тэрээр бүр эхлээд дурдсан байдаг. Бүхэл бүтэн энэ номонд Жа ламын тухай ганц ч үг байхгүй аж.

IX БҮЛЭГ. Ховдыг дайран эзлэв засварлах

Хэрмэнд ердөө дөчөөд мянгаадхан сум үлдсэн тухай мэдээ явуулсныг нь монголчууд замаас нь олж мэдсэнээр дайралт хийх хугацаа товлогдсон байна. Заазлагдах болсон хөгшин морь, тэмээдийг ойр орчмоос хөөн ирснээр монголчуудын бэлтгэл хангагдсан байлаа. Нар уулын цаагуур орж, шөнийн харанхуй ойр орчныг нөмрөн авахын цагт монголчууд хуарангаасаа хөдөлсөн тухай эцэж цуцашгүй Констен дүрслэн бичсэн байдаг. Бөөн хар юм хэрмийн зүг нүүгэлтэн дөхөж явсан бөгөөд хаа нэгэнтээ энд тэнд бамбар асаасан харагдана. Бөөр бөөрөөрөө түлхэлцэн бөөн бөөнөөрөө урагшлах тэмээдийн сүүлэнд гэрэлт бамбаруудыг бэхэлсэн байв. Энд тэнд ганц хоёр тэмээний нуруун дээр бөхнүүдийнх нь хооронд навтайн суусан хүмүүс тэмээдийг тууж явлаа. Таамгаар нээсэн галын тэнэсэн сум шунгинаж, тэмээд хавтгайлдан унаж, дээр дээрээсээ овоорч эхэлсэн бөгөөд талаар нэг болсон тэмээдийн сэг зэмний дотор ганц нэг амьд үлдсэн нь нам хэвтээд өгсөн ч хятадууд хэрмийн хананаас буудсаар байлаа. Иймэрхүү байдлаар бүслэлтэд байгаа хүмүүсээр аль болох олон буудуулах арга хэмжээ авсны эцэст монгол цэргүүд дайрах тушаал хүлээн зогсов. Өглөөний зургаан цагт Ховд хотыг дайрч эхэлжээ. Хууч ярианаас үзвэл Ховд хотын хойд талд орших уулын орой дээр Жалханз хутагт өөрийн биеэр тахил үйлдэн cop залсан нь дайралт эхлэх дохио байсан аж. Дайралтад оролцогчдын дотор туульч хэмээн алдаршсан Парчин тайж байсан нь тодорхой байдаг. Парчин туульчийн зохиосон Ховдыг чөлөөлсөн тухай туулийг академич Б.Я.Владимирцов 1913 онд бичиж аван орчуулсан агаад тэнд Жа ламын тухай мөрүүд байдаг ажээ. 1965 онд Парчин туульчийн мэндэлсний 110 жилийн ой тохиоход БНМАУ-ын Ардын зураач Ү.Ядамсүрэн түүний хөргийг монгол зургийн аргаар хавтгай дүрслэлийн хэлбэрээр дүрслэн гаргаж, жинхэнэ амьдрал дээр байсны нэгэн адил түгшүүрийн дохио дуугармагц хуураа хойш тавьж, зэвсгээ гартаа авахад бэлхэн туульч дайчин эрийн байдлаар зурсан байдаг.

X БҮЛЭГ. Ялалтаа тэмдэглэсэн нь засварлах

Ховдыг чөлөөлснөөс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа өөрийгөө “Сибирская жизнь” сонины уншигчдад энд болж буй зүйлийн уур амьсгалыг мэдрүүлэх үүрэгтэй сэтгүүлч хүн гэдгээ үл умартсан Бурдуков тэнд очиж, эрж суран асууж лавлаж, бичиж тэмдэглэж, зураг авч эхэлжээ. “Хойд ханын дэргэд байх Гэсэр хааны гайхамшигт сүмд намайг ороход хэдэн буу саадагтай монгол цэрэг төмөр хүрз барин Гэсэрийн асар том шавар баримлыг нураахаар нүдэж байлаа. Хоёр гарыг нь хуга цохичихсон, цээжийг нь эвдэж байв... Би тэднийг түр азнахыг гуйн баримлын зургийг авлаа. Хэдхэн хормын дараа Гэсэр хөсөр ойчив...”45 Хот тэр аяараа эмх замбараа алдаж, бүрэн бүтэн хашаа хороо огт үлдээгүй байв... Тогтох тайжийн баргуудын авчирсан шинэ хувцсыг өмссөн Ма сайдыг* олж уулзан Дамдинсүрэнтэй танилцсан нь “маш энгийн, ихэд яриа”, тэвчээртэй, юмыг эргэцүүлэн боддог хүн байлаа. Харин хайсан хүн нь байсангүй. Тэгсэн чинь Жа лам дөрвөд, баяд цэргүүдийн томоохон хуаранг Буянт голын дагуу бэлчээр хөөн явуулаад, өөрөө тэдний араас Жалханз гэгээн рүү явсан аж. Бурдуков тэндээс мордов. ...Хутагтуудын ярилцаж байсан гэрт оронгуутаа тэрээр аль аль нь нэлээд ууртай байгааг анзаарчээ. Олзлогдсон хүмүүсийн талаар тэдний бодол санаа тэс өөр байлаа. Амгаланг сахих дуртай гэгээн хэрмэнд хоригдож байгаа хятадуудын тухай Орос консулын тавьсан саналыг хүлээж авахыг Жа ламд ятгаж байжээ. – Хятад цэргүүд ирвэл эд нар бидэнд садаа болохоор барахгүй дайсантай нийлж хүчийг нь нэмнэ! Алгуурлаад, хүлээгээд байх хэрэггүй, цэргээ авч Цагаан түнхийг дайран Шар сүм рүү явъя. Торгуудууд болон бусад ястан үндэстнүүд бидний л талд орно. Хил хязгаар ч цааш тэлж, хилд ойрхон Ховдын хязгаарт байнга тулгарч байдаг аюул үгүй болно шүү дээ гэж Жа лам түүнийг ятгана.

XI БҮЛЭГ. Туг тахилга засварлах

Ялалтын тугийг хэрхэн мялааж тахисан тухай өгүүлэхгүй өнгөрвөл Ховдыг чөлөөлсөн ялалтыг тэмдэглэсэн яриа маань хагас дутуу болно. Энэ бол өвс ургамал, араатан амьтан цөмд нь хор хүргэхгүй байх тухай буддын шашны номлолтой зэрэгцэн мөрдөгдөж ирсэн зэрлэг бүдүүлэг ёс заншил байсан юм. Шашин бурхны дайсныг дарах гэдэг шал өөр хэрэг. Тэднийг цээрлүүлж байдаг догшид нь зөвхөн нүгэлтнүүдийн хувьд л аймшигтай юм. Ингэхэд догшидыг (санскритаар-дхармапал буюу дармаабал) нүүдэлчин ард олон шарын шашны бясалгагч, газар дэлхийн амьдралыг үгүйсгэхэд хүрдэг энэрэнгүй бурхдаас илүү сайн ойлгодог байсан ажээ. Ялгуусан тугийг мялааж тахих ёс заншил нь дайсандаа айдас төрүүлж, түүнийг сүрдүүлэхэд чиглэсэн мухар сүсэгтэй холбоо бүхий зан үйл байсан бөгөөд хэдэн зуун жилийн турш хэрэгжсээр иржээ. Хэдий тийм боловч агь тарнийн ёсны сургаалын дагуу Очирваань бурхны эрдэнийн хүрдний сахил хүртсэн цөөхөн этгээд л хийж болох ийм үйлдлийг XX зуунд, 1912 онд хийж байна хэмээн төсөөлөхөд ч бэрх билээ. Туг тахих зан үйлийг Германы Констен “монголчуудын бэлчээр нутаг” зохиолдоо маш тодорхой бичсэн байна. Би мэргэжлийн орчуулагч биш болохоор 1919 онд хэвлэгдсэн түүний номд байгаа зүйлийг хаалт, хашилтгүйгээр давтан өгүүлье. Ховдыг дайран эзлэх үед сэмхэн оргох гэсэн гучин таван хятад худалдаачин монголчуудын гарт орсон бөгөөд чухамхүү тэдэнд л аймшигт үхлээр төгсөх хувь ногдсон юм. Үдэш тэднийг Буянт голын нөгөө эрэгт голоос нэг бээрийн хэр зайд байрладаг Шар сүмд авчирсан байна. Цагаан чулуугаар барьсан хоёр давхар сүмийн эргэн тойронд нэмэлт барилга байгууламж байгаагүй бөгөөд хад чулуу л арсайж барзайж байдаг байлаа. Сүмийн хаалганы дэргэд гартаа жад барьж, хуяг дуулга өмссөн догшин ширүүн төрх царайтай аварга том хоёр махаранз зогсож байдаг байв.

XII БҮЛЭГ. Тэмээтэй аян болон бүтээгүй уулзалтын тухай засварлах

Жа ламын гэрт мах, гурил гэх мэт хүнс хоолны зүйлээс гадна олзны нэгэн киргиз хүнээс битүү туламлан өвчиж аваад маш чадварлагаар давслан хатаасан хүний арьс байдаг ажээ. Малын хулгайч буюу баартагчингаас авсан тэрхүү битүү тулмыг хорон муу үйлт мангасын арьсыг хэрэглэн үйлддэг зан үйлийн үед дэвсэж хэрэглэдэг гэж Жа лам өөрөө ярьдаг байв. Ховдын хязгаартай хөрш зэргэлдээ Алтайн чанадад амьдардаг бүлэг киргизүүд* аль эртнээс монголчуудын адуу мал, хонь ямаа, үхэр тэмээ зэрэг мал сүргийг нь дээрэмдэн хөөж амь зуусаар ирсэн байлаа. Ховдын үйл явдлын үед тэд хятадуудын хатгалгаар хошуу нутгуудыг улам зоримог байдлаар дээрэмдэх болж, хилээс дотогш бүр лав орж ирэх болсон байна. Жа лам Ховдын асуудлыг дөнгөж шийдмэгцээ баартагчингуудтай тэмцэх ажилд оров. Тэрээр нэгэн удаа адуу хулгайлагдсан газраас холгүйхэн явж байснаа хамт явсан хүмүүстэйгээ хулгайч нарын араас нэхсээр гүйцжээ. Алахыг нь алж, амьд үлдсэнийг нь Жа лам олзолж авав. Домгоос үзвэл тэрээр тэдний хоёрынх нь чихийг огтлон аваад тулмаа хулгайч нарын чихээр дүүргээгүй цагт санаа нь амар биш байх болно гэдгийг бусдад нь хэлүүлэхээр суллан явуулсан аж. Жа ламын гарт байдаг тэрхүү тулмын талаар тал нутгийнхан тэр аяараа мэддэг байлаа... Зальжин казахуудын дээрэмдлэгтэй Жа лам хэрхэн тэмцэж байсан тухай нэгэн баримт түүхийг А.В.Бурдуков “Сибирская жизнь” сонинд А.Чуец гэдэг нэрээр 1912 оны намрын сүүлчээр нийтлүүлсэн өгүүлэлдээ дурдсан байна. Хэдэн зуун казах Жалчин бэйсийн хошууны зах руу довтолж, арван хоёр мянга орчим хонь, зургаан зуугаад адуу үхэр дээрэмдэн авахын хамт хорь орчим хүнийг олзлон авч одлоо гэсэн мэдээг үдэш орой болсон хойно авсан Жа лам Магсаржавын отрядаас хагас зуу орчим цэргийн хамт дээрэмчдийг амдан хөдөлжээ.

XIII БҮЛЭГ. Жа лам өндөр авсан нь засварлах

Ховдыг чөлөөлсний дараа, цэрэг дайны өч төчнөөн ялалтын дараа казахуудын дээрмийн дайралтыг устгасны дараа тэр хүн хэн болсон бэ? Богд хаан өөрөө түүний хувилгаан чадлыг бүх нийтийн өмнө хууль ёсоор бататгаж, “Догшин ноён хутагт” хэмээн нэрлэсэн төдийгүй “номун хаан” цол хэргэм хүртээн үйл ажиллагааг нь өндөр үнэлсний дараа тэрээр хэн болов оо? Жа лам тэрээр, Монголын тал нутагт хоёр тэмээтэй ирсэн, мөн тэрээр “Догшин ноён нутагт номун хаадын” угсааны үндсийг тавигч мөн болохыг төр, шашны тэргүүн өөрөө хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Өргөө хотоос урт шар торгон хадагтай ирүүлсэн мөнгөн тамгаар түүний цаашдын бүх дүрүүд бататгагдаж байх болно! Жа ламын өсөн дэвжих нь асар түргэн байсан учир “монголчуудын дунд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг хүмүүс цөөхөн, хэдийгээр маш цөөхөн боловч байдаг”, “Ховдыг чөлөөлөх байлдааны ажиллагааны гол удирдагч”, “монголын нэгэн гарамгай хүн” Дамбийжанцан лам эдгээр цөөхөн хүмүүсийн тоонд орно” гэсэн бодол эргэцүүллээ Бурдуков “Сибирская жизнь” сонинд дөнгөж явуулаад ганцхан сарын дараа түүний өргөөнд очтол гайхам их өөрчлөлт орсон байлаа. “Өдий төдий түшмэл, бичээч нар бүхий тамгын газар гоёмсог гэрт байрласан байх агаад эргэн тойронд нь малчдын олон гэр харагдана. Гал тогооны, хүлээн авалтын тусгай гэр байх аж. Жа лам өөрөө мөнөөх л жижиг гэртээ амьдарч байсан бөгөөд маш олон янзын бараа таваар, түүний дотор дөрөв юм уу, зургаан хүний цэрэг хувцас, өөртөө зориулсан өвөл, зуны иж бүрэн генерал хувцас (мөрдөсгүй) Оросоос захиалсан байлаа. Ерөөсөө сүсэгтэн олны асар их өргөл барьцын ачаар Дамбийжанцан маш түргэн баяжиж байв. Түүний орд өргөөний ойролцоо асар олон тооны тэмээд бэлчиж явдаг байсныг монголчууд “ламын сүрэг” гэдэг байжээ. Тэр нутгийн зам харгуйнуудаар Жа ламд хамгийн сонин хачин бэлэг сэлт аваачиж яваа морьтой хүмүүстэй тааралдана. Баядын Түдэн гүн зэвсэгт цэргүүдээр хамгаалуулан удам угсааныхныхаа шүтээн болсон Амарсанаа вангийн өөрийн нь цахиур буу, ган тулгыг аваачиж явлаа.

XIV БҮЛЭГ. Үүлс хуралдахын цагт засварлах

Ховд дахь ерөнхий консул В.Ф.Люба 1913 оны есдүгээр сарын 3-нд бичсэн албан захидалдаа: “алба гувчуурын тухай болон гол төлөв Ховд-Улиастайн замын өртөөнүүдийг шилжүүлэх, цэргийн нөөц хоол хүнс бэлтгэх тухай асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй болсон” гэдэг шалтгаанаар Жа лам онц чуулган зарласан бөгөөд “монгол ноёд түшмэлүүдийн энэ чуулганаар дээрх асуудлуудыг хэрхэн шийдсэнийг би сайн мэдэхгүй байна. Харин чуулганы дараа найр наадам болж, бөх барилдан, морьд уралдан, сур харвасан тухай мэдээ зүг бүрээс ирж байна. Чуулганыг сүртэй болгохын тулд 500 хурдан морь уралдуулах, чуулганы ажиллагаанд бүр жижиг ноёдыг хүртэл оролцуулах зарлигийг Жа лам буулгажээ. Эцсийн эцэст уг чуулган Жа ламд зориулсан наадам болон хувирсан ба (ганцхан Зоригт ван гэхэд л 17000 рубль, 2500 лан мөнгө зэргийг оросуудаас зээлдэн өргөсөн мэдээ байна) энэ хүний нэр төр, ашиг завшааныг эрмэлзэн хичээх явдал хэрээс хэтэрсэн бололтой... Орон нутгийн хүн ард үгээгүй ядуу байдалд ороод байхад Жа лам албан татварын хэлбэрээр, өөрөөр хэлбэл үнэ төлбөргүйгээр шинээр барих хүрээнд нь зориулан 3000 тэмээ ачаа мод, чулуу, түлээ буулгахыг шаардсан байна...” хэмээн мэдээлжээ. Оросын гадаад бодлогын архивт байдаг асар зузаан хавтас эл захидлаар эхэлж байна. Энд байгаа бичиг баримтуудаас үзэхэд Баруун Монголын шинэ захирагчийн эсрэг маш эрчимтэй ажиллагаа явагдаж байжээ. Жа лам шинэ хот байгуулах ажлаа эхлэнгүүтээ түүнд орох хөрөнгийг олох янз бүрийн арга замыг сүвэгчилж эхэлжээ. Ховдод байгаа орос цэргүүд түлээ түлш бэлтгэсний хураамж төлж байхыг шаардсан нь тэрээр Орос-Монголын харилцаанд анх гарсан гэнэтийн зүйл байлаа.

XV БҮЛЭГ. 336 тоот нууц заавраар засварлах

“Сибирийн буудлагын 41 дүгээр хорооны ахмад Булатов ар Байгалийн казах цэргийн Дээд-Үдийн нэгдүгээр хорооны гуравдугаар зуут, Сибирийн казах цэргийн 3 дугаар хорооны тавин цэргийн хамт Жа ламыг баривчлахаар Шажинбадрах гэдэг газар очсон тухай” бүрэн тэмдэглэлийг Оросын Гадаад бодлогын архивт (Москва хот) хадгалагдаж байгаа хуулбараар анх удаа тэр чигээр нь нийтэлж байна...

XVI БҮЛЭГ. «Түүнийг мөрдөж мөшгөх гээгүй юм» засварлах

Тэр үед Монголын нийслэлийн гол шүтээн байсан Майдар сүмд Оросын баатар цагаан хааныг эсэн мэнд байлгах, орос цэргийн ялалтыг бататган ерөөх их хурал 1914 оны долдугаар сарын сүүлчээр болсон тухай Өргөө дэх Оросын ерөнхий консулаас мэдээлсэн байдаг. Эл хурлыг Богд хааны лүндэн ёсоор хурсан агаад төрийн тэргүүн өөрөө ордныхоо сүмд мөргөл үйлдсэн байна. Дараа нь тэрээр Баатар цагаан хааныг урт наслуулж, Оросын ард түмнийг амар жимэр байлгахад зориулсан түмэн ламын ерөөлийн хурлыг наран ургах хүртэл бүтэн шөнийн турш хурахыг зарлиг болгожээ. Гурван гүрмийн уншлага эхэлж байгааг “гурван их, мянган жижиг буугаар” буудан хот даяар мэдэгдэнэ... Уншлагыг Богд хаантан өөрөө эхэлдэг байлаа... Орос улс Германтай дайтаж эхлээд байв. Петроград гэдэг нэртэй болсон Петербургт амьдрал ахуй түргэн өөрчлөгдөж байсан хэдий ч дээдсийн хүрээнийхэн Жа ламыг мартаагүй л байжээ. Монголоос ирж байсан буухиа мэдээ, захидал, цахилгаан зэргийг гүйлгэн үзэж байхад түүний хувь заяанд оролцоогүй хүн байгаагүй шахам нь гайхаш төрүүлнэ. 1914 оны нэгдүгээр сарын 22-нд Ховд руу нууц түлхүүрээр дамжуулагдан, Баруун Монголын тэргүүний хувь тавиланг шийдсэн 46 дугаар цахилгаан дээр II Николай хаан өөрөө “гүйцэтгэх” гэсэн цохолт хийсэн байдаг. Тэр цахилгаанд: “Жа ламыг баривчилж, Орос дахь оршин суудаг газрыг нь тодорхойлохоор Томскийн засаг захиргааны мэдэлд хүргүүлэх арга хэмжээ авах” гэсэн үгнээс гадна: “Түүнийг манай нутаг дэвсгэрт авчирсны дараа л гарал үүслийг нь тогтоож болох юм” гэсэн нэгэн сонин өгүүлбэр байгаа ажээ. Жа ламын хэн болохыг тогтоох эл асуудалд бүх анхаарал хандаад байлаа.


XVII БҮЛЭГ. Астраханьд засварлах

Астрахань халуун дулаан гэдгээрээ Якутскаас ялгаатай боловч алс бөглүү цөллөгийн нутаг гэж Орост тооцогддог байлаа. Николай Чернышевскийг чухамхүү ийш нь цөлж байсан билээ. Энэхүү муж хотод олон халимаг, түрэг-уйгур угсааны ойрадууд амьдардаг байсан бөгөөд Рашид-Ад Диний бичсэнчлэн “монгол аялгаар” ярьдаг байжээ. Бүх есөн улсын (түүний дотор Бага дөрвөдийн улсын ивээн тэтгэгч, Велимир Хлебниковын эцэг В.А.Хлебников мэтийн) эрх баригчдын гаргаж өгсөн мэдээллийн үндсэн дээр бичиж, 1892 онд Астраханьд хэвлүүлсэн “Астраханий халимагууд” хэмээх И.А.Житецкийн номонд ус чийг багатай, давс хужирт идэгдсэн энэхүү тал нутагт хөх цэнхэр агь, харганан бут болон хамхуулаас өөр ямар ч юм ургадаггүй гэсэн байх аж... Зундаа 40 хэм хүртэл халуун болон шатаах дөхдөг бөгөөд өвөл цагт салхи шуурганы хүйтэнд газар нь хага хага үсэрдэг бөлгөө. Байнга ган зуд болох учир хааяа нэг байх ганц хоёр худгаа тойрон халимаг нүүдэлчид шавааралдана. Бага дөрвөдийн улсын тухай миний уншсан болгонд л Жа ламын төрсөн нутаг гэж түүнийг хэлсэн байх аж. ШУА-ийн архивт: Бага дөрвөдийн улсын Астраханьд амьдардаг нүүдэлчин халимагуудын нэрсийг” 1860 оны байдлаар жагсаан гаргаж, тус улсын бүх халимаг отог овгийн нэрс, нүүдэллэн амьдардаг нутаг орныг нь заасан байна. Академич П.И.Кеппений тэмдэглэсэнчлэн халимагууд “Далай ламын хуулиар” амьдардаг, өөрөөр хэлбэл бурхны шашныг шүтнэ. Халимагуудад айл өрх болон түүнд хамаардаг хүмүүс нь өрхийн тэргүүний нэрээр нэрлэгдэнэ. Үүнээс үндэслэн би Жа ламын нэрийн бүх хувилбарыг (Сухайтын голоор Асматовынхан, Хөгөлтийн гол хавиар Асматов, Хабчинов нарынхан гэх мэт) тодруулан авч үзлээ. Тэгэхэд нэг бол Жа лам энэ улсаас гаралтай биш, эсвэл зуун жилийн дараа ул мөр нь огт олдохооргүй маягаар нэр усаа өөрчилжээ гэсэн дүгнэлт хийхээс өөр зам үлдсэнгүй.

XVIII БҮЛЭГ. Амарсанаа сүүлчийн буюу гурав дахь удаагаа эргэж ирсэн нь засварлах

“Аюултай балмад этгээд” Монголд юу болж байгааг мэдэж байсан уу? “Тэрхүү этгээдийг” ард түмэн санаж байв уу? Мэдээжээр, санаж байжээ! Түүнийг баривчлагдсаны дараахан үед: тэгэхэд түүнийг тэнд харсан, тийм газар явж байсан, тэр замаар давхисан гэх мэтээр айл хотуудаар ярилцаж байх нь сонстож байлаа. Зарим нэгнийх нь ярьж байгаагаар: Орост түүнийг аваачаад галаар тамлаж байна гэнэ, гурван өдөр гал дотор байлган хөөрөгдөөд үзэхэд духан дээр нь хөлс бурзайх төдий байж гэнэ, монголчуудыг адислаж байсан нөгөө бяцхан судар номоо уншиж байгаа л ажээ. Цааш нь “Жа ламыг яагаад ч дийлж болохгүй нь гэдгийг оросууд ойлгоод германчуудтай хийж байгаа дайнд өөрсдийн талд оролцохыг түүнээс гуйсан гэнэ. Хэрэв Жа лам түүнийг нь зөвшөөрсөн бол Ховдыг чөлөөлсөн шиг л богино хугацаанд дайн дуусах байлаа”, “Оросуудын өөрийн нь л буруу байхгүй юу. Жа ламыг барьж хориод л дайн гарсан юм чинь түүнийг суллаагүй цагт дайн дуусахгүй л дээ...” гэх мэтээр монголчууд энд тэнд цууран ярьж байлаа. Жа ламыг Томскт дөнгөж аваачаад байхад л түүний нэрийг барьсан хуурамч амьтад тал нутагт гарч ирэв. Бүр 1914 оны зургадугаар сарын 4-нд Ховдын консул Люба Өргөө рүү цахилгаан явуулж: “Сайн ноён хан аймгийн Дашдондогийн хошуунд өөрийгөө Жа лам гэж нэрлэж байгаа нэг эр” гарч ирснийг бараа бологсод нь таньж байна. “Оросууд маш ихээр тамлан тарчилгасан учир нүүр царай, бие хаа нь өөр болсон мэтээр тэрхүү хуурамч этгээд ярьж байгаа ажээ”.76 Бурдуковын тэмдэглэсэнчлэн, 1915 оны зуны турш Улиастайн хязгаарын газарт хуурамч Жа ламууд бий болж байлаа. Тэднийг цөмийг нь орон нутгийнхны хүчээр устгасан бөгөөд ганцхан Цагаан голын лам гэгчийг л Улиастайн орос цэргийнхнээс оролцуулан дарсан байна. Уг ажилд оролцсон Есаулыг өргөө хотын засгийн газраас “гүн” цолоор шагнажээ. Харин “тэр ламыг бариагүй бөгөөд ганц хоёр монгол хүнийг алжээ” гэж Бурдуков бичсэн байна.

XIX БҮЛЭГ. Хар элсний цайз засварлах

Жа лам урд зүг рүү, Хар говь тийш бүрмөсөн явсан байлаа. Тэр бас Жалханз гэгээнийг хамт явахыг урин элч явуулж бэлэг сэлт хүргүүлсэн бөгөөд тэдэнтэй тааралдсан Бурдуковын хэлснээр ихэд гоёж маузер буу, таван сумт винтовоор зэвсэглэсэн байлаа. Гэвч Жалханз гэгээн хариу бэлэг сэлт хүргүүлэхийн хамт Өргөө рүү явах болсноо хэлүүлсэн байв. Жа лам бас Бурдуковыг гэр бүлийнхнийх нь хамт урьж түгш үүртэй цагийг Монголд өнгөрүүлэхийг зөвлөсөн бөгөөд дайн ид үргэлжилж, өлсгөлөн өвчин зовлон ихтэй байгаа Орос руу явах хэрэггүй хэмээн орон байр, тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн аж. Бурдуков тэр үед Орост байгуулагдаад байсан Төв Холбоодын (Центрсоюз) Прикосоголийн районы эрхлэгчээр томилогдоод байсан болохоор Жа ламыг дагаж тийм хол явах бодол ч үгүй байлаа... Жа лам маш хачин газрыг сонгож олон өргөөгөө буулгасан байв. Тэр нь Юм бэйсийн хийдээс Хятадын Су-чжоу хүрэх жингийн зам огтлолцдог газарт, цувраа уулсын урд говь дахь хар элсний төв дунд байсан аж. Тэндээс цааш Цайдам, Төвд орно... Жа ламын хамгийн сүүлчийн буурь хүрэх гэж бүр 1930 онд оролдож байсан туршлагатай газарчин В.Д.Якимов Хар говийн элс хүрэх замд нэг ч худаг ус олоогүй ажээ. Энэхүү говийг сайн мэдэхгүй аяны хүн хатаж үхэх аюултай тулгарна. Жа ламын оршин сууж байсан нутаг орон нь “уулын өвөрмөц сайхан өнгө төрхийг агуулсан байхын зэрэгцээ онгон зэлүүд, амьдралгүй, ус чийггүй байдлаараа” айн жихүүцэх сэтгэгдэл төрүүлж байсан тухай Ленинградын түүхч тэмдэглэлдээ бичсэн байдаг. Жа ламыг нас барснаас хойш ч хөсөг дээрэмдсээр байсан Жа ламын дээрэмчидтэй учирч байсан тухай өдий төдий үүх түүхээс болж энэ хавийн газар ихээхэн муу нэртэй болж, айдас хүйдсийн бүс болон хувирчээ.

XX БҮЛЭГ. Цэргийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноов засварлах

Алс бөглүү Хатгалаас Бурдуков өөрийнхөө мэдэж байгаа бүхнийг Жа ламд бичин, шинэ Монголын төрийн тэргүүн нь Богд гэгээн хэвээр үлдэж, Жалханз гэгээн засгийн газрын Ерөнхий сайд болсон мэтээр итгүүлэхийг хичээж байсан нь Өргөө хотноо болж буй үйл явдлаас ихээхэн зөрүүтэй бөгөөд олон түмэн ардуудад үнэмшүүлэх гэж эрмэлзэж байсан тэрхүү зүйл байсан аж. Бүр 1921 оны намар батлагдсан “Тангарагийн гэрээ” ёсоор Ардын намын удирдагчид засаг төрийн эрх мэдлийг гартаа авангуутаа Богд хааны эрх мэдлийг бараг үгүй болгосон бөгөөд тэрээр зөвхөн Ардын Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг батлан, “дотоодын самуун дэгдэх буюу төр улсын оршин тогтнолд аюул занал учирсан тохиолдолд” Богдын зөвшөөрлийг ч авалгүйгээр тогтоол, шийдвэр гаргаж байх болсон байлаа. Төр улсаа удирдах эрхгүй болсон Богд хаан зөвхөн шашны хэргээ эрхлэн шийтгэж байх болж, Ерөнхий сайдын албыг жил орчим хашсан Бодоогийн оронд Жалханз хутагт томилогдоод байв. Түүнийг энэ албанд томилсон нь “Ардын засгаас шашин шүтлэгийг хавчих болно гэсэн хувьсгалын эсэргүү цуу яриа ард олны дунд ихээхэн тархаад байсныг няцаах”95 зорилготой байлаа гэж Б.Ширэндэв бичсэн байдаг. Хутагт ламтан 1923 онд таалал төгсөөгүйсэн бол “ардын дайсан” гэсэн хаяг зүүж, бусдынхаа хувь тавиланг хуваалцах байсан байх гэж надад бодогддог. Зохиомлоор бүрдүүлсэн “хуйвалдаан” гэгчийн анхных нь оролцогчид хэмээгдсэн Бодоо, Да лам Пунцагдорж, Тогтох гүн (түүний штабын дарга асан Баяр гүнийг барон Унгерний талд орсон хэмээн урьд нь буудаж алсан байсан бөгөөд Ардын засгийг хүлээн зөвшөөрсөн Тогтох тайж ч “хуйвалдаанд” оролцсон хэргээр буудуулсан байна) болон бусад хүмүүс засгийн газрын мэдээнд дурдсанчлан “Улсын дотоодыг хамгаалахын идэвхтэй үйл ажиллагааны ачаар” хэргээ хүлээж “Дамбийжанцан (буюу Жа ламаар)-гаар дамжуулан холбоо барьж хятад цэргүүдийг авчрах бодолтой байснаа” илчилсэн байна.

XXI БҮЛЭГ. Жа ламыг егүүтгэсэн нь засварлах

Монгол Улсын ШУА-аас 1963 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн академич Б.Ширэндэвийн “XIX-XX зууны зааг үеийн Монгол” хэмээх дорвитойхон номонд байгаа “Зарим чухал үйл явдлуудын он дараалал” гэсэн хэсгийг үзэхэд 1882 оноос эхлэн БНМАУ-ыг тунхагласан жил болох 1924 он хүртэлх үеийн жил болгонд болж өнгөрсөн чухал чухал үйл явдлуудыг (ангийн тэмцлийн үүднээс) тоочин жагсаасан байдаг. Монголын энэ түүхчийн орос хэлээр хэвлэгдсэн асар том бүтээл нь: –Аугаа их Октябрийн социалист хувьсгалаар эхэлсэн капитализмаас социализмд шилжих шилжилт нь манай эрин үеийн үндсэн агуулга болж байна”100 гэсэн өгүүлбэрээр эхэлдэг. Тэрхүү номын үйл явдлын он дарааллыг: “1882 он-Улиастай дахь монгол цэргүүд бослого гаргав” гэж эхэлсэн байх бөгөөд 1900 онд Сансрайдоржийн хошуунд монгол цэргүүд алба хаахаасаа татгалзаж, мөнгө хүүлэгсдийг эсэргүүцсэн хөдөлгөөн гаргав гэсэн хоёр үйл явдлыг бичсэн байна. 1922 оны хувьд долоон үйл явдлыг (цагаантны генерал Бакичийг олзолж авсан, феодал ноёдоос хамжлага асан ардуудаасаа алба гувчуур татах эрхийг нь хассан ардын засгийн газрын шийдвэр гаргав, ЗСБНХОУ-ын Бүх Оросын төвийн гүйцэтгэх хорооны дарга М.И.Калинин Монгол Ард улсын анхны бүрэн эрхт төлөөлөгчийг хүлээн авав гэх мэт) дурдсан байдаг. Энэ онд болсон чухал үйл явдлуудын хамгийн эцэст нь “Дамбийжаагийн дээрэмчдийг баруун хязгаарт устгав”101 гэж оруулсан байх аж. 1922 оны аравдугаар сарын 7-нд шийдвэр гаргасан цагаас хойш уг ажиллагааг бүтэн гурван сарын турш явуулсан болохоор яг болсон cap өдрийг нь бичээгүй байдаг. Жа лам өөрөө Засагт ханы өргөөнд ирэнгүүт баривчлан авч устгах гэсэн бодлого бүтэлгүй болсон байлаа. Жа лам тийшээ очсонгүй. Жа ламын тухай ардын засгийн газрын тунхгийг уншихад түүний эсрэг явуулж байгаа “нууц” ажиллагааны тухай, цаазаар авах ял өөрт оноогоод байгаа тухай тэр хүн мэдээгүй гэж үү? гэсэн бодол аяндаа төрнө.

XXII БҮЛЭГ. Толгойн түүх засварлах

“Жа ламыг устгах ажиллагааны зааварлагч” Х.Б.Кануковын илтгэл, цайзын эзний “баруун гарын” зохиол зэрэг баримтуудыг орхиж ямар ч үед ямар ч юмыг мэдэж байдаг ард олны яриаг авч үзвэл хувьсгалт Монголын Дотоодыг хамгаалах газрын ажиллагаа дараах маягаар дууссан байна. Уг ажиллагаанд оролцогсод болон араас нь ирсэн Балдандорж тэргүүтэй цэргүүд цөм нийлж цайзын гол дунд байх талбай дээр маш том түүдэг асаажээ. Хуурай аргал, гишүү мөчир тэнд өдий төдий байсан аж. Юунд ч үл автах гэгээн хутагтын цогцос дотор нь шатаж байсан аварга түүдгийн гал утаа хоёр толгодын орой дээгүүр багшран суунаглаж алсаас харагдаж байлаа. Хувьсгалын эсэргүү явдалтай тэмцэж эхэлсэн шинэ Монголын нэгэн төрлийн тахилга ийнхүү хийгдсэн байна. Хууч домгоос үзэхэд Жа ламын зүрх зүй ёсоор зоригт Нанзад баатар, бас Дугар бэйс нарт ногдсон нь тэдний зориг зүрхийг нэмэх учиртай байжээ. Гэвч хүссэн зүйлээ бодит мэт болгодог социалист реализм гэгчийн улмаас хойш хойшдын ном зохиолуудад энэ мэтийн нарийн ширийн зүйлийг орхигдуулах болсон байв. Баримт сэлтийг ийм маягаар тайлбарлах болсны нэг жишээ бол “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” (”ЖЗЛ”) цувралаар 1959 онд “Молодая гвардия” хэвлэлийн газраас гаргасан М.Колесниковын “Сухэ-Батор” (Сүхбаатар) ном юм. Тэнд Сүхбаатар жанжин 1922 оны долдугаар сарын 16-нд байгуулагдсан Дотоодыг хамгаалах газрын тухай ихэд сэтгэл ханамжтайгаар: “Ингээд бид өөрийн онцгой комисстой боллоо.

XXIII БҮЛЭГ. Хаадын хараал жатга засварлах

Хүмүүсийн яриа хөөрөө, дурсамжуудаас үзэхэд Жа лам маш хонзонч хүн байсан ба түүний уурыг хүргэсэн хүн өөрийгөө баларсанд тооцож болдог байжээ. Дорно дахины судлалын институтын Петербургийн салбарын архивт би ажиллаж байхдаа Жа ламтай холбогдсон болгон амь үрэгдсэн, тэгэхдээ өндөр насанд хүрч өөрийн үхлээр үхдэг бус, харин онцгой үйл явдлуудаас болж нас нөгчдөг байсан нь ердийн хэрэг биш юм биш үү? гэсэн бодолд байн байн автаж байлаа. Тэр бүрийд би “хаадын хараал жатга” гээч юмны тухай санадаг байсан юм. Египетийн хаадын (фараонуудын) бунханг нээхэд оролцсон хүмүүс ямар нэгэн халдвараар цөм л өөр өөрийн цаг үед нас барсан нь тогтоогдсон хэдий ч урьд нэгэн цагийн нууц алга болж арилсан нь үгүй агаад “хаадын хараал жатга” гэж ч байдаг, бас уулзаж учирсан л бол хараал жатганд автан уруудаж доройтоход хүрдэг тийм хүн ч гэж байдаг гэсэн мухар сүсэг өдгөө хүртэл байсаар авай. Жа ламтай уулзаж байсан тухай нь энэ номонд бичсэн цөөн хэдэн хүний хувь заяаны талаар өгүүлье. Ф.Оссендовскийн (1878- 1945) “Араатнууд, хүмүүс, бурхад” хэмээх хэд хэдэн хэлээр гарсан алдартай номонд гардаг нэгэн малчинг Жа лам ховсдож эмчилсэн тухай ихээхэн сонирхолтой үйл явдлыг эл номын бүр эхэнд дурдаж байсан билээ. Дайны эцэс үеэр, варшавын ойролцоо байдаг Жулвинд түүн рүү вермахтын дэслэгч Барон фон Унгерн-Штернберг иржээ. Өглөө нь гэхэд бараг зуугаад номын зохиогчийг эмнэлэгт аваачсан бөгөөд тэнд тэрээр ходоод нь асар хүчтэй өвдсөнөөс болж насан эцэслэжээ. Монголын “Утга зохиол урлаг” сонины 1989 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн дугаарт Польшийн хэвлэлд гарсан мэдээтэй холбоотой тэмдэглэл нийтлэгдсэн байдаг. Тэнд “цуст бароны” хүү юм уу, ач хүү тэр хүн Жулвинд зүгээр ч нэг ирээгүй тухай өгүүлжээ. 1921 онд Өргөө хотын нэгэн лам бароныг улаантнаас болж нас эцэслэнэ гэсэн агаад харин Оссендовскийг Унгерн түүнд цаг нь ирснийг сануулах цагт үхнэ гэсэн тухай бид номдоо бичсэн билээ.

XXIV БҮЛЭГ. Захидлууд засварлах

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Санкт-Петербургийн салбарын гар бичмэлийн тасагт Mоng MS Docum F141 гэсэн шифртэйгээр 1912-1918 оны хооронд Жа ламаас Бурдуковт бичсэн захидлууд хадгалагдаж байна. Тэдгээрийн тавыг нь хуучин монгол бичгээр бичсэн байх бөгөөд 1937 онд А.В.Бурдуков өөрөө орчуулсан нь В.Д.Якимовын хийсэн тайлбаруудын (Бурдуковын хэлснээр) хамт Якимовын архивт байдаг ажээ. Жа лам Царево, Астраханьд байхдаа хүн гуйж орос хэлээр бичүүлсэн болхи баараг үг хэллэг, хэл найруулга бүхий захидлуудыг ч анх удаа хэвлэн нийтлүүлж байна. Захидлуудыг энд бид он дарааллаар ямар ч засваргүйгээр оруулсан болно.

Мөн үзэх засварлах

Номын зохиогчийн тухай засварлах

Уг номын зохиогчийн тухай мэдээллийг та И.Ломакина үзнэ үү.