Жамъянгийн Раднаабазар
Жамъянгийн Раднаабазар (1912-1947) — Булган аймгийн Халиугчин сум. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ (1944-07-24) №56. Булган хан уулын хошууны тэнхимд 1925-1928 онд, Улаанбаатарт Багшийн сургуульд 1928-1930 онд, ЗХУ-д (хуучин нэрээр) Улаан-Үдийн Монгол Рабфакт 1930-1934 онд, Москвад циркийн сургуульд 1934-1935, 1936-1938 онд суралцаж төгсчээ. 1935 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллангаа МХЗЭ-ийн Төв хорооны дэргэдэх уран биеийн тамирын сургуульд багшилж, Эрүүлийг хамгаалах яамны дэргэд байгуулагдсан биеийн тамирын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1938 оноос циркийн урлагийг эх орондоо үүсгэж хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж Улсын төв театрт Л.Нацаг (ардын жүжигчин), Гомбо /Улсын циркийг үндэслэгчдийн нэг, Г.Ирина (УГЖ) нартай дөрвүүл циркийн үзүүлбэрүүд тоглож байгаад 1940 онд
ЗХУ-аас (хуучин нэрээр) циркийн мэргэжилтэн А.М.Волошин (хожим Монгол Улсын УГЗ алдар цол хүртсэн) уригдаж ирснээр түүний дэмжлэг туслалцаатайгаар циркийн сургууль байгуулж жүжигчдээ бэлтгэн 1941 оны 07 дугаар сарын 10-нд Яармагийн дэнжид 1500 хүний суудалтай задгай манеж засч Монгол циркийн анхны тоглолтыг хийжээ. Ийнхүү Монголын циркийг үндэслэн байгуулж, анхны дарга, уран сайхны удирдагчаар нь нас бартлаа ажилласан байна. Циркийн урлагийн үндсэн төрлүүдийн бүтээлүүдийг зохиож, өөрөө найруулж, оролцон тоглож, циркийн жүжигчдэд мэргэжлийн хичээл зааж ур чадварыг нь сайжруулах ажлыг хөтлөн удирдаж байжээ. Тиймээс циркийн сургуулийг түүний нэрэмжит болгосон байна. 1942 онд БурАССР-ийн Дээд зөвлөлийн хүндэт жуух бичгээр шагнагджээ. Гэргий Д. Дэнсмаа нь хүний гавьяат эмч, хүү Р. Зориг нь спортын гавьяат багш (дасгалжуулагч), Р. Энхбазар нь хөгжмийн зохиолч.